
Дэлхийн бүх улс орон, ард түмнүүд нэг нэгээ мэддэг болсон цаг үе бол XIII, XIV зуун юм. Тэр хүртэл наад зах нь Америк тив, Австрали, Шинэ Зеланд тэрчлэн Номхон далайн дундах хүмүүс суурьшсан олон арал, бас Африк тивийн өмнөд хэсэг, дунд хавийн нь хүмүүс, ард түмэнг Европынхан, Азийнхан ер мэддэггүй, тэдэнтэй ямар ч холбоогүй байв. Нарийн яривал Ази тивийн Сибирь нутгийнхан, Зүүн Азийн хүмүүс, Төв Азийн олон ард түмэнг европчууд ч мэддэггүй, тэдгээр ард түмэн ч Европын улсуудын талаар мэдээлэл, ойлголтгүй байлаа. Монголын эзэнт гүрний баруун зах Зүүн хойд Африк ба Баруун Европ руу ойртож очсон тэр үеэс л Ази ба Европын улс орон, ард түмнүүд биесээ мэддэг болж худалдаа, солилцоо хийж, төр засгийн болон эдийн засгийн амьдралын ололтуудаасаа харилцан суралцаж, элч төлөөлөгч солилцож, дайтаж, хэн хэн рүүгээ судлаач, тагнуул илгээж, шашин суртлын байдлаа мэдэлцэж, харилцан үүх түүх, угсаа гарлаа сонирхож, торгоны зам ба давс, цайны зам, усан зам сэргэж, шинээр салаа, сүлжээ нэмэгдэж, дүрслэн хэлэх аваас, өнөөгийн дэлхийн дахины нүүр царайны эхлэл тавигджээ. Эхэндээ Ази, Европ тивийн улс их бага аль нэг хэмжээгээр холбогдож, элч, зардас, туршуулууд, худалдаачид, шашин дэлгэрүүлэгчид нь тивээс тивд, нэг бүс нутгаас нөгөө бүс нутаг руу аялан явж, мэдээ материал цуглуулж, хаад, ноёддоо илтгэл, тайлангаа тавьж, байдлыг мэдээлж, зам харилцааны зураг үйлдэж танилцуулж байх болжээ. Оюунлаг хүмүүсийн нийгмийн талаарх сэтгэлгээ ч дэлхийн цар, хүрээтэй болсоор байжээ.
Еврази бүхэлдээ Монголын эзэнт гүрний хараа, хяналтад орсон нь Баруун Европын орнууд, Английн гадаад харилцааг далайн зам, усан боомтуудын тусламжтайгаар хэрэгжиж байхад хүргэв. Тэгээд ч далайн тээвэр хямд төсрийн дээр өрсөлдөөнгүй, гааль, татваргүй, даац багтаамж ихтэй, хуурай газрын улс орнуудыг нэгтгэн захирсан эзэнт гүрнүүдээс хараат биш байлаа. Монголчуудын хараа, нөлөөнд орчихоогүй шинэ газар нутаг, арал олтриг, зам боомтыг олох боломж зөвхөн далайн тээвэр, далайн аялалтай л холбоотой болж ирсэн нь ч үнэн болно. Хараа, нөлөө, эзэмшил газар, худалдаа, наймааны шинэ шинэ хамтрагчийг усан замаар явж эрэх, олох нь ирээдүйтэйг тэр цагийн Итали, Португал, Испани, Франц, Английн овсгоотонгууд таньж мэдээд зарим нь зоримог аялалд гарцгаажээ. “Хэвтсэн хүн хээл алдаж, явсан нохой яс зуудаг” ийг ч тэд харуулж чаджээ. Тэд Америк тивийг ч нээж, усаар дэлхийг ч тойрч, Африк тивийн байдлыг ч тодруулжээ. Хожуу нь Австрали тив, Шинэ Зеланд, Номхон далай дахь олон арал, олтриг ч бас нээгджээ. Зүүн, Зүүн өмнөд Ази, Төв Европын хоорондох худалдааны замууд аюулгүй болж, салаа, сүлжээ нь өтгөрч дайран өнгөрөх ачаа бараа, худалдаачид, аялагчдын тоо хэмжээ ч олон арав дахин өсчээ. Дүрслэн хэлэх аваас чингэж “бөөрөнхий дэлхий маань бүхлээрээ хүмүүсийн бөндгөрт багтаж орсон” ажээ. Багтах багтахдаа бүр өнгөрсөн, одоотойгоо цуг, домог, түүхтэйгээ хамт, мөрөөдөл, эрмэлзэлтэйгээ цуг, бурхад архадынхаа хамтаар багтаж оржээ. Ингэж дэлхийн түүх төрөн гарах нөхцөл, боломж бэлтгэгдсэн байна. Удаж төдөлгүй оюунлаг хүмүүс, түүхчид оюунлаг хаадын зарлиг, тэтгэлгээр дэлхийн түүхийн анхдагч хувилбаруудыг бичихээр зориг шулуудан орцгоожээ. Тэдгээрийн магнайд нэр нь дурьдагдах хүмүүс бол Чингис хааны отгон хүү Тулуйн угсааны монгол Хаан Газан болон Монголын эзэнт гүрний Ил Хаант улсын төрийн сайд Рашид Ад Дин нар юм.
1301 он гэхэд Монголын эзэнт гүрний бүрэлдэ хүүн хэсгүүд, хувь улсууд болох Алтан Ордон улс, Цагаадайн улс, Юань улс, Ил хаант улс, мөн Их Монгол улс (гол улс) ын хаадын орднуудад тэр цагийн дэлхий даяарын товч түүхийг бичихэд бүрэн хүрэлцэхүйц хэмжээний баримт, материал, бичиг, данс, он дарааллын бичиг, сурвалжууд, хуулиуд, зарлигууд хадгалагдах болжээ.
Харамсалтай нь тэдгээрийн тун өчүүхэн хувь нь л бидний үед үлдэж хоцорчээ. Гол улс болон хувь улсуудын бүх бичиг, тэмдэглэлийг нэгтгэж авч судлах ахул тэр цагийн дэлхий дахины нилээд дэлгэрэнгүй түүхийг ч бичиж болох байв. Аз болоход тэр цагийн оюунлаг хүмүүс энэ боломжийг дутуу хагас ч гэлээ ашиглаж дэлхийн түүхийн анхны хувилбарыг бичиж, үлдээж чаджээ. Гэвч тэдгээрт Еврази даяарх төрүүдийн үйл ажиллагаа, хүмүүсийн амьдралыг журамлаж асан Чингисийн Их Яса (Их Засаг) хууль ч бүтнээрээ биш гэхнээ зонхилох хувь нь ч тусгагдан үлдсэнгүй. “Монголын Нууц Товчоо” ном бичигдсэн байсан (1240 он) боловч яг түүнээс ишлэн авсан эх бичлэг ч мөн алга байна. Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хувилай, Төмөр хаадын зарлигуудаас бүрэн эхээрээ орж үлдсэн нь бас үгүй юм. Тэгэвч перс хэлээр бичигдсэн “Судрын чуулган” болон төвд хэлээр бичигдсэн (1346 онд) “Улаан дэвтэр” хэмээх түүхүүд бол хүн төрөлхтний түүх судлалд оруулсан үнэлж баршгүй нандин бүтээлүүд мөн болно.

Монголын эзэнт гүрний Ил хаант улсын зургаа дахь хаан А. Газан (1271 1304) хэдийгээр 33 хан насалсан хэдий ч Иран, Туран даяарт алдаршсан агуу хаан байлаа. “Тэрээр хаан асан өвөөгийнхөө дэргэд өсөж, 5 настайдаа уйгаржин бичиг сурч, их уншиж, эрт хэрсүүжиж улмаар цэргийн хэрэгт сайн мэргэшсэн, төрийн захиргааны ажилд ихээхэн шинэчлэлт хийсэн, олон талын мэдлэг, боловсролтой, авъяаслаг жанжин, оюунлаг хаан болжээ. “Тэр монголчуудын түүхийг ихэд сонирхдог, өөрөө ч ихийг мэддэг, энэ талаар ихийг үзсэн, уншсан Болд Чинсангаас илүү гарахаар мэдлэгтэй” хэмээн Рашид Ад Дин бичжээ.
Хаант төрийн тогтолцооны төсөв, зардлыг байж болох доод хэмжээнд нь хүртэл бууруулж, иргэдийн аж ахуйн санаачлагыг зөвшөөрч болох дээд хэмжээнд нь хүртэл өргөж, идэвхжүүлж чадсан болохыг Рашид Ад Дин ч энэ номондоо цохон тэмдэглэжээ.
Рашид Ад Дины бичсэн зүйлс ба уг бүтээлийн төлөвлөгөө зэргийг биечлэн үзэж, уншиж танилцаад энэхүү ухаалаг, оюунлаг хаан юу айлдсаныг энд иш татъя “…Газан хаан өөрийн нэн хэтийдсэн ухаанаар төрөл бүрийн шинжлэх ухааны мэдлэгтэйн дээр үнэт цагийнхаа ихэнхийг янз бүрийн эрдэм мэдлэг олох ба төгс төгөлдөр болоход зориулдаг учир түүнд өргөн барьсан “Түүхүүдийн чуулган” ыг уншиж, засварлаад айлдсан нь ….Сүүлийн өдрийг хүртэл аль ч эрин үед дэлхийн бүх улс түмний домог ба амьдрал байдлын тухай, хүн төрөлхтний овог, ургийн бүхий л давхрааны гарал үүслийн тухай домог, дурсамжийг багтаасан тийм түүхийг ер бүтээсэнгүй. Түүнчлэн бусад улс оронд өөр улсуудын талаарх мэдээ, сэлт бүхий ямар ч ном байгаагүйн дээр түрүүчийн хаадуудаас хэн нь түүхийн эрэл, судалгаа хийх санаачилга гаргаж байсангүй. Тэгвэл одоо үед бүх орон, дэлхийн хүн ам оршин суудаг өнцөг булан бүр Чингис хааны овог, ураг төрлийхний эзэмшилд байгаа болон Умард ба Өмнөд Хятад, Энэтхэг ба Кашмир, Түвд ба Уйгур гэх мэт болон бусад улс түмэн, түрэгүүд, арабууд, франкууд зэрэг янз бүрийн сүсэгтэн ястны харъяат сэцэд, мэргэд, зурхайчид, түүхчид, эрдэмтэд бүгд манай тэнгэрлэг дээд төрөлтөнд зүтгэхээр хуран цугларчээ. Тэдний тус бүрд нь өөр өөрийн ард түмний түүх, он дарааллын бичиг, домог, шүтлэг бий. Иймд бид тэр бүхнээс эх авч манай ариун нэрээр дэлхийн товч түүхийг зохиож болох юм. Ингэж чадваас хосгүй зохиол бүтэх билээ. Ийм хөшөө, дурсгал бүтээхийг өмнө нь нэг ч эзэн хаан сэдээгүй. Үүнийг бичих ажлыг хойш тавилгүй, алгуурлалгүй дуусгах хэрэгтэй“ гэснийг Рашид Ад Дин “Судрын чуулган” номын удиртгал хэсэгт тов тодорхой тэмдэглэн хэлжээ. Яг хэрэг дээрээ ч Газан хааны зарлигийн дагуу улс орон нэг бүрийн оюунлаг хүмүүсийг оролцуулан, мэдээ, баримт цуглуулах ба тэдгээрийг боломжийн хэрээр нягтлан үзсээр энэхүү түүхийг бичжээ. “Сарнаас газар хүртэл” буюу даян дэлхий, дэлхий дахины товч түүх ийнхүү бүтээгджээ. Энэ ажил 1301 1311 оны хооронд үргэлжилж дуусчээ. Энэ нь Рашид Ад Дины 54 64 насны үетэй давхцаж байна. Эр хүний хувьд “Ир ба хат нь” гүйцсэн нас, бие гэсэн үг...
2002 онд Ц.Сүрэнхорлоо дээрх түүхийг оро соос монгол хэлэнд хөрвүүлж гурван боть болгон нийтлүүлжээ. Номын 1 р ботид агуулагдан буй Монгол, түрэг нийт 57 аймгийн түүхээс үзэхүл энэ хэсэг нь зөвхөн л хувь хүмүүсийн аман яриа, цээжээр тоочин өгүүлсэн дурсамж зэргийн л цуглуулга мэт санагдах ажээ. Цааш нь Чингисийн угийн бичиг, түүнд дурдагдах хүмүүсийн үеийн бусад нүүдэлчид, мөн Хятад, Иран, Мисир, Орос, Туркестан, Хорезм, Шам, Рум, Магриб зэрэг орны он дарааллын бичгүүд, зарим онцлог үйл явдал, бас Чингис хааны амьдралын сүүлчийн 48 жилийн турш дахь түүхийг өгүүлжээ.
Номын 2 р ботид Өгөдэй хааны намтар, үйл хэрэг, Зүч хаан, түүний залгамжлагчид, Цагадайн үйл хэрэг ба залгамжлагчид, мөн Тулуй, Гүюг, Мөнх, Хувилай, Аригбөх, Хубилайн залгамж лагчид, дээрх хаадуудын үеийн Евразийн амьдрал, байдал зэргийг үзүүлжээ.
Номын 3 р ботид Газан хааны намтар үйл хэрэг, гавъяа зүтгэлийг ихэд дэлгэрэнгүйгээр бах дан өгүүлжээ. Газан хааны хаанчлал богинохон (9 жил) байсан хэдий ч түүний хэрэгжүүлж чадсан шинэчлэл ихээхэн эерэг үр дүнг авчирчээ. Иймд түүнийг залгамжилсан Өлзийт хаан (1304 1316) улс орны дотоод дэглэм, албан татвар, хууль ёс, зан заншлын хувьд Газаны үеийн байдал, шаард лагыг хэвээр нь үргэлжлүүлэн мөрдөж байжээ.
Нийт (1 3 боть) 1163 хуудастай энэ номыг уншиж дуусгаад түүний агуулга, бичлэг, зохиогчийн санаархал, хамрах хүрээ зэргийг Геродотын “Түүх”, Сыма Цяны ”Түүхийг тэмдэг лэл”, Гунгаадоржийн “Улаан дэвтэр” зэрэгтэй харьцуулан үзэхэд хэд хэдэн ялгаа, онцлог ажиглагдаж байна. Юуны өмнө Рашид Ад Дин нь тухайн цаг үеийнхээ судлаач, эрдэмтэн, эмч, байгаль судлаач болохынхоо хувьд бүтээлээ бичихдээ ихэд шашинжсан байр, суурь, лалын шашны үүднээс хандсангүй. Цагийн аясыг дагаж бичлэгийн зарим өнгө аясыг л шашны ном, судрын хэлбэртэй болгожээ. Гэхдээ тэр цаг үед шашны сургаал, номлолыг бичихэд хэрэглэж байсан араб хэлээр биш жирийн иргэдийн хүүрнэн ярилцдаг перс хэлийг ашигласан нь үгсийн сан, нэр томъёоны хувьд ихэд ойлгомж, хүртээмжтэй шинжийг үүджээ. Лалын шашны үзэл сургаалыг хүчлэн мөрдөж бичих аваас түүхүүдийн иргэнлэг, хүмүүнлэг, ид шидийн биш энгийн шинж нь алдагдаж, түүхүүдийн шашны философи “хэргээ хийж” олон талын хүндрэл, төөрөгдөл, ээдрээ буй болдог билээ.
“Судрын чуулган” ны хамрах хүрээ нь дэлхийн түүхийн хэрийн цараа хараатай байна. Түүхэн тэр цаг үеийн цэрэг улс төрийн томоохон зүтгэлтнүүд нь (олон хэлний, олон угсаа гарлын, олон шашин суртлын, ер бусын амьдрал, замнал бүхий) үндсэндээ аливаа бүхнийг дэлхийн хэмжээ, түвшинд авч үздэг, шүүн хэлэлцдэг болчихсон байсан нь Рашид Ад Динд мэдээлэл , ярилцлага өгч, бичиг, тэмдэглэл нийлүүлж, түүнийг “хөглөж” байсан болов уу гэхээр хүмүүсийн байр, байдал, үнэлгээнээс тодорхой байна. Энэний нэгэн нотолгоо бол өмнө өчүүлсэн Газан хааны санал, айлдвар юм.
Чингис хаан бол дэлхийг нэг л улс, түүний хүн амыг нэг л санаатан болгосон хэмээн Рашид Ад Дин номондоо өгүүлжээ. Ил хаант улсын хөгжин цэцэглэж шинэчлэгдэн амирлангуй болж байсан үеийн төрийн сайд болохынхоо хувьд тэрээр “дэлхийн хэмжээний аалзны торны” нэгэн зангилаа болж байсан нь ч тодорхой юм. Түүний уулзаж, харилцан ярилцаж, мэдээлэл солилцож байсан хүмүүсийн ихэнх нь бас л энэхүү торны нэгэн зангилааны эзэд байсан ажээ. Номонд нэр заан дурдсанаар бол “Иран ба Тураны цэргийн их жанжин ноён Болд Чинсан бол бүх нүүдэлчид, тэр дундаас монголчуудын удам судрын талаар хосгүй өргөн мэдлэгтэй хүн байжээ”.
Рашид Ад Дин өөрөө олон үе улиран дамжсан сэхээтний гэр бүлд төрж, бага наснаасаа олон талын мэдлэг, өндөр боловсрол эзэмшсэн, еврей гарвал, лал шашинтай, 14 хүү төрүүлж хүмүү жүүлсэн, нэр зартай эмч хүн байжээ. Тэрээр 1298 оноос төрийн сайд болж Газан хаанд шадарлан зүтгэж 19 жилийн туршид нэн өндөр алба хаших даа олныг үзэж туулж өнгөрөөжээ. Тэрээр мэдлэг чадвартай 10 хүүгээ мөн төрийн албанд зүтгүүлж заримыг нь Багдад мэтийн том муж, хотын захирагчид болгожээ.
Чингисийн удмын Монгол хаан Газаны зарлигийг биелүүлэх гэж 1301 1311 оны хоорондох 10 жилийн дотор хаант төрийн нөр их ажил, албын хажуугаар оюунлаг тархиа цуцаан байж дэлхийн түүхийн анхдагч хувилбар болох “Судрын Чуулган” номыг туурвиж бидэнд үлдээсэн Рашид Ад Динд нийт хүн төрөлхтөн, тэр дундаас онцолж өнөөгийн монголчууд гүнээ талархах учиртай. Аллах түүнийг болон бас үр хойчсыг нь мөнхөд ивээж байх болтугай!
Судлаач, профессор Д.Чулуунжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ