Мөнгөний бодлогын хуулийн төслийг хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Компанийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 04 дүгээр дүгнэлтийг гишүүд сонссон юм.
Үүний дараа ”Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулж С.Баярцогт гишүүн “Ирэх онд инфляцийг нэг оронтой тоонд хүргэнэ гэж байгаа. Валютын бодлого тогтвортой байж чадах уу” гэхэд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч н.Жавхлан “2013-2014 онд гадаад урсгал өргөжихөөр валютны ханш тогтворжих боломж байгаа. Ирэх онуудад халамжийн чиглэлийн мөнгөний нийлүүлэлт багасна. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлт гарна" гэсэн хариулт өгөв.
Д.Дэмбэрэл гишүүн “Эдийн засгийн өсөлт буурах хандлага ажиглагдаж байна. Инфляци өсөлттэй харагдаж байхад ирэх онд найман хувьд барина гэдэг бодитой байж чадах уу гэдэгт Эдийн засгийн хөгжлийн яам тодорхой хариулт өгөх нь зөв байх. Төсөв баталж байгаа үр дүнд 2013 оны мөнгөний бодлоготой нийцэж чадах байна уу гэдэгт баттай хариулт авъя” гэв.
Ингээд Б.Гарамгайбаатар гишүүн “Ажлын хэсэг инфляцийг найман хувьтай байлгахаар олон хүмүүстэй уулзсан. Монголбанкнаас гаргасан найман хувь бодитой юу гэдэг талаар банк бус санхүүгийн байгууллагатай зөвшилцсөн” гэв.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч н.Жавхлан “Найман хувь гэдэг чанга тоо. Энэ тоо рүү чиглүүлнэ гэж бодлогоо хэрэгжүүлсэн. Энэ асуудлаар нэлээд тооцоо судалгаа хийсэн.” гэсэн юм. Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулж санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ