Виктор Васильевич Самойленко: Найрамдлын гэрээг үзэглэхэд гол нөлөө үзүүлсэн хүн бол Богд хаан
Өнөөдөр арваннэгдүгээр сарын 3. Монгол улсын хувьд түүхэн өдөр. Одоогоос яг 100 жилийн өмнө анх удаа тухайн үеийн хаант Орос улс Монгол улстай найрамдлын гэрээ хийж байжээ. Энэ гэрээний ачаар монголын өнөөдөр ирсэн. Найрамдлын гэрээний нэгдүгээр заалтад Оросын Хаант Улсын засгийн газраас Монгол нь автономит эрхээ хадгалан үлдэж, өөрийн үндэсний цэрэг армитай байх эрхтэй байхыг зөвшөөрсөн. Мөн Хятадын армийг нутагтаа нэвтрүүлэхгүй байх, газар нутгаа Хятадуудад колончлуулахгүй байхад нь Монголд туслана.
Хоёрдугаар заалт нь Монголын оройн дээд хаан ба Монголын Засгийн газар, Оросын харьяат нар болон Оросын худалдааны ажилд урьдын адил өөрсдийнхөө өмч хөрөнгө болон Протоколд дурдагсан мөнгөн орлого тэргүүтэнг дураар захиран зарцуулах эрх олгоно. Харин Монголд байгаа бусад гадаадын харьяат нарт Оросын харьяат нарт олгосон шиг давуу эрх олгохгүй.
Гуравдугаар заалт. Хэрэв Монголын Засгийн газар Хятад болон бусад гадаад улсуудтай гэрээ хэлэлцээр хийх шаардлага тулгарвал одоогийн энэ хэлэлцээр, протоколыг Оросын Хаант Улсын засгийн газрын зөвшөөрөлгүйгээр ямар ч тохиолдолд өөрчилж болохгүй. Ийм утгатай гэрээг Хаант Оросын засгийн газартай 100 жилийн өмнө Богд Жавзандамба хутагт болон тэр үеийн Монголын Засгийн газар үзэглэж байсан аж.
Орос монгол найрамдлын гэрээ үзэглэсний 100 жилийн ойн өдөр тантай Монгол улсад суугаа оросын холбооны улсын бүрэн эрхт элчин сайд Виктор Васильевич Самойленкотай уулзуулж байна.
-Монгол Орос анх удаа найрамдлын гэрээ үзэглэснээс хойш 100 жил өнгөрчээ. Монголчууд энэ гэрээг өнөөдрийн эрх чөлөө, ардчиллын эхийг тавьсан гэж ойлгодог. Ямар ч гэсэн танд найрамдалт харилцаа тогтоосны 100 жилийн ойн мэнд хүргэе.
-Баярлалаа. 1912 оны арваннэгдүгээр сарын 3, хуучин тооллоороо аравдугаар сарын 21 шүү дээ. Монгол оросын хувьд энэ өдөр түүхэн өдөр байжээ. Тэр үеийн Монгол улс, Оросын эзэнт улсын түүхэн чухал баримт бичиг болох найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан. Ер нь бол он цагийн шалгуур давсан энэ гэрээ маш ач холбогдолтой л доо. Ялангуяа хоёр орны ард түмний хувьд ийм чухал ач холбогдолтой гэрээнд гарын үсэг зурна гэдэг бол мартаж болохгүй түүх.
Монгол орон 1911 онд манжийн дарлалаас дөнгөж гараад, өөрийн тусгаар тогтнолоо олж байсан үе. Тухайн үед ерөөсөө л тусгаар тогтнох нөхцөл байдал нь бүрэлдээд байсан. Хамгийн гол нь монгол улс өөрийнхөө тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх чухал байсан. Яагаад гэхээр манжийн дарлалд 200 жил зовсон шүү дээ. Харин энэ тусгаар тогтнолыг хаант орос хамгийн эхэнд ганцаар хүлээн зөвшөөрсөн. Тэр үеийн хаант орос улсын бүрэн эрхт төлөөлөгч, Иванъ Коростовещъ гурван сар монголын удирдлагатай маш амаргүй гэрээ хэлэлцээр явуулсан. Эцсийн эцэст харилцан ойлголцолд хүрээд Богд хааны ойрын лам мэргэн хүмүүсийн өдөр товлодог ёсоор гарын үсэг зурах сайн өдрийг тогтсон юм билээ. Тэр нь арваннэгдүгээр сарын 3. Энэ гэрээний хамгийн гол утга нь, монголын ард түмний өөрийн тогтоосон автономит дэглэмээ хадгалах тэр эрмэлзлэлийг нь дэмжих байсан. Дээр нь Монгол улсыг тусгаар тогтнолоо хамгаалахад нь зориулж цэргийн тусламж үзүүлэх асуудал тусгагдсан. Би та бүхэнд өгнө өө, гэрээний хувийг. Орос монгол хэл дээр хувилсан байгаа. Энэ гэрээг өнөөг хүртэлх хоёр орны харилцааны гол үндсийг тавьсан чухал баримт бичиг гэж үзэж байгаа юм.
-Найрамдлын гэрээг Монголын талаас яг ямар албан тушаалтай хэн гээч хүмүүс үзэглэж байсан юм бэ?
-Монголын талаас бол зургаан хүн гэрээг үзэглэсэн юм билээ. Тэр үеийн монгол улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн, Дотоод явдлын яамны сайд, Гадаад явдлын яамны сайд, Цэргийн сайд, Сангийн сайд, Хууль зүйн сайд. Тэр үеийн Засгийн газрын бүрэлдэхүүн тэр чигээрээ гарын үсэг зурсан байгаа юм.
-Өргөө хотод байх аа?
-Өргөө хотод гэрээг байгуулсан. Энэ гэрээнд гарын үсэг зурахад гол нөлөө үзүүлсэн хүн бол Богд хаан. Түүний заавар зөвлөмжийн дагуу тэр үеийн танай улсын Засгийн газар энэ гэрээг байгуулсан бадйаг. Дахин хэлэхэд хамгийн гол ач холбогдол нь монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн гэрээ. Хоёрт өнөөгийн монгол орны оршин тогтнох гол үндэс бол энэ гэрээ байсан гэж үзэж байгаа. Ер нь энэ гэрээ эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байгаа монгол орны хувьд эцсийн алхам биш байсан. Үүний дараа болсон үйл явдлуудыг та бүхэн мэдэж байгаа байх. Орос оронд хувьсгал яллаа. Хятадууд Монголын тусгаар тогтнолыг бас бусниуллаа. Харин 1921 онд монгол улсад Ардын хувьсгал ялж Ардын засаг тогтсон явдал бол ямар нэгэн хэмжээгээр 1912 оны үргэлжлэл гэж болно шүү. Ингээд 1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд Зөвлөлт Орос улс, Монгол улсын хооронд найрамдал хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсныг би бас бэлгэдэн үзээд байгаа юм. Цаашид нь ч гэсэн тэр үеийн Зөвлөлт, Монголын дипломатууд Монголыг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэх их тэмцэл хийсэн. Үүний үр дүнд монгол улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болсон. Өнөөдрийн ярьж байгаа сэдэвт шууд хамаагүй ч 1945 онд Керымд тэр үеийн их гурван гүрний тэргүүн нарын уулзалт болсон байдаг. Сталин, Черчель, Рузвельт нар. Энэ гурав нууц гэрээ байгуулсан байдаг. Ялтын гэрээний эхний заалт нь Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай. Тэр үеийн зөвлөлт холбоот улс Японы эсрэг дайнд Ази номхон далайн бүс нутагт орсон тохиолдолд АНУ, Англи улс хоёр гадаад монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн заалт байсан юм. Ийм тохиролцоонд хүрэх үндсийг 1912 оны гэрээ тавьсан гэж боддог.
-Ялтын гэрээг монголчууд сайн мэддэг байх. Монголыг гадаад оронд бүрэн хүлээн зөвшөөрүүлсэн гэрээ болохоор.
-Яг сайн мэддэг гэвэл юу л бол. Тухайн үед бол маш нууц байсан. Одоо ч нууц нь тайлагдсан байгаа л даа.
Монголд шинэ төмөр зам барьж байгуулах эрмэлзлэлтэй байна
-Эрхэм элчин сайд танд хоёр орны харилцааны ирээдүй хэрхэн харагддаг вэ. Манай улсын хамгийн удаан харилцаатай түнш танай улс шүү дээ? -2000 оноос манай хоёр орны харилцаа өсөн дээшлэх замаар явж байгаа. 2006 онд стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. 2009 онд манай хоёр орны ерөнхийлөгч стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглалд гарын үсэг зурсан. Энэ тунхаглал их чухал. Хоёр орны харилцааны гол үндэс тусгагдсан тунхаглал байгаа юм. Ер нь бүхий л салбар, тухайлбал, хүмүүнлэг, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, худалдаа гээд салбаруудын үндсэн чиглэл тусгагдсан. Өнөөдрийн хэмжээнд яривал манай хоёр орны хүмүүнлэг, соёлын салбарын харилцаа маш идэвхтэй хөгжиж байна. Өнгөрсөн аравдугаар сарын 4-нд бид Монгол оросын найрамдалт хамтын ажиллагааны өдрүүдийг нээлээ. Энэ нээлтийн ажиллагаанд оролцохоор Сибирийн нийслэл Новосибирск хотоос өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирсэн. Төлөөлөгчдийн дунд Новосибирскийн олон бизнесмэн ирж Монголын бизнесмэнүүдтэй холбоо тогтоосон. Боловсролын салбарт манай хоёр орны харилцаа маш сайн хөгжиж байгаа. Монголын залуучуудад жил болгон манай засгийн газар 300 рублийн холбооны тэтгэлэг олгодог. Үүний зэрэгцээ Оросын холбооны улсын зарим бүс нутгийн их дээд сургуулиуд өөрийн сургуулийн үнэгүй сурах эрх ч юм уу, тэтгэлэг олгож байна. Жил болгон ОХУ-д сурахаар 700 орчим залуус явдаг. Одоогийн байдлаар бол 2500 орчим оюутан ОХУ-д сурч байна. Дээр нь шинжлэх ухааны чиглэлээр сайн хамтын ажиллагаатай. Ялангуяа ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар Монгол Улсын шинжлэх ухааны академитэй идэвхтэй хамтарч ажилладаг. Тэгээд цэргийн болон цэргийн техникийн хамтын ажиллагаа сайн хөгжиж байна. Саяхан Буриад улсын нутаг дээр “Сэлэнгэ-2012” цэргийн хамтарсан хээрийн сургууль хийсэн. Монгол зэвсэгт хүчний зарим ангиуд оролцлоо. Хөдөө аж ахуйн салбарт бас сайн хамтардаг. 2012 онд танай оронд үхрийн шүлхий өвчин гарахад манай орон тусласан. Энэ өвчнөөс хамгаалж сэргийлэх 37 сая вакцин буцалтгүй тусламжаар өгсөн. Яагаад ингэж байгаа юм гэхээр бид Монгол малын эрүүл мах авах сонирхолтой байгаа. Ер нь ОХУ танай улсын олон салбарт хөрөнгө оруулах эрмэлзлэлтэй байгаа. Улаанбаатар төмөр замыг шинэчлэх том төслийг хэрэгжүүлэх гараан дээр явж байна. Энэ ажлыг хэрэгжүүлэх юм бол евро-зүүн өмнөд азийн хооронд монголын газар нутгаар дамжуулаад транзит ачаа тээх маш том төсөл хэрэгжих учиртай. Тийм учраас Монголд шинэ төмөр зам барьж байгуулах эрмэлзлэлтэй байна. Дээр нь эрдэс баялгийн нөөцийг ашиглахад, эрчим хүчний салбарт хамтрах хүсэлтэй байна. Бид бүхэн энэ яриад байгаа ажлуудаа практикт хэрэгжүүлэх хэрэгтэй. Оросын компаниуд бэлэн байгаа. Ер нь бол 1912, 1921 онд үндэс нь тавигдсан олон жилийн манай хоёр орны найрамдал байна. Бид бол нягт холбоотой хөршүүд. Ийм учраас манай хоёр орны харилцаа хөгжих маш сайхан ирээдүй байгаа. Оросын холбооны улсын хувьд эдийн засаг нь цэцэглэн хөгжиж байгаа, улс төрийн хувьд тогтвортой хөрш оронтой байвал манай орны эрх ашигт нийцнэ. -ОХУ Монголоор дамжуулж хийн хоолой тавих асуудал хэдэн жилийн өмнөөс яригдаж байгаа. Энэ төсөл юу болж байгаа вэ? -Ер нь бол энэ яриаг сонсч байсан. Гэхдээ амьдрал дээр хийгдсэн юм байхгүй. Ямар ч төсөл хэрэгжүүллээ гэсэн эдийн засгийн хувьд хэр зэрэг ашигтай байна гэдгийг тооцох хэрэгтэй. Хаанаас хаа хүртэл, хэдий хэмжээний хий нийлүүлэх талаар эдийн засгийн дорвитой судалгаа хэн ч хийгээгүй байна. Миний хэмжээнд дуулсан юм алга. -Монголын уул уурхай хөгжиж байна. Гол нь уул ус, ургамал амьтанд сөргөөр нөлөөлж байгаа. Байгаль нуурт цутгадаг Сэлэнгэ мөрөн бохирдож байгаа дээр танай улс анхаарлаа хандуулж байгаа юу? -Та их зөв юм асуулаа. Сэлэнгэ мөрөн бол Байгаль нуурын тэтгэгч. Байгаль нуур бол бидний төдийгүй бүх дэлхийн гол өвүүдийн нэг. Тийм учраас бохирдуулалгүй цэвэрхэн байлгах дээр анхаарах ёстой. Хил орчмын усны хамтарсан комисс гэж гарсан. Энэ комиссын хамгийн гол анхаарал Сэлэнгэ мөрний усны бохирдлын асуудалд төвлөрөх юм. Сэлэнгийн бохирдол сав газраас нь алт олборлож байгаа жижиг алтны уурхайнуудаас их шалтгаалж байна. Компаниуд уул уурхай эрхлэхдээ экологийн асуудлыг орхигдуулж байна, хууль дүрмийг зөрчиж байна. Оросын талаас бол Сэлэнгэ мөрнөөс ирж байгаа усыг үргэлж шалгаж, энэ талаархи дүгнэлтээ Монголын талд хүргүүлж санал солилцож хамтарч ажиллаж байгаа. 2010 оны долдугаар сард Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдорж тусгай шумбагчаар Байгаль нуур руу шумбасан шүү дээ. Элбэгдорж усан доорхи вант улсыг гайхаж биширсэн маш өндөр сэтгэгдэлтэй гарч ирж байсан. Ямар ч хог хаягдлаар бохирдоогүй байна гээд. Тийм учраас Монгол, Орос хоёулаа Байгаль нуурын усыг цэвэр байлгахад үүрэг хүлээнэ.Тэдний залуу нас Монголд өнгөрсөн болохоор элэгтэй байдаг юм
-Бид ний нуугүй ярилцаж байгаа тэгээд их түүх сөхөж байгаа учраас нэг эмзэг сэдвийг хөндмөөр байна. 1930-аад оны хэлмэгдүүлэлт манай ард түмний хувьд хүнд туссан. Та энэ хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг ямраар хардаг вэ? -1930-аад онд манай хоёр улс хоёулаа энэ эмгэнэлт түүхийг дайрсан. Тэр үеийн Зөвлөлт Холбоот улс ч тэр Монгол улс ч тэр гэмгүй олон хүнээ хэлмэгдүүлсэн. Одоо орост хэлмэгдэгсдэд зориулсан хөшөө байдаг. Хэлмэгдэлтийн түүх, үндсийг судалж байгаа хэдэн арван судалгааны байгууллага бий. Тэр үеийн цаг үе, хэлмэгдсэн монгол иргэдтэй холбоотой ОХУ-д хадгалагдаж байгаа бичиг баримтуудыг Монголын талд шилжүүлж байгаа. Ер нь бол тэр үеийн хэлмэгдэлтийг үнэлэх үнэлгээ манай хоёр орны хувьд адилхан. Энэ бол маш эмгэнэлтэй түүх. Харин ганцхан хэр хэмжээгээр хэлмэгдсэн гэсэн цар хүрээ харилцан адилгүй байх. Тухайн үед олон улсын коментерн гэж байгууллага Монголд ажиллаж байсан. Коментерний ч гэсэн үйл ажиллагаатай холбоотой. Комментерний удирдлагад янз бүрийн орны олон төлөөлөгч ажиллаж байсан шүү дээ. Тийм учраас тэр үеийн хэлмэгдлийн он жилүүд бол зөвхөн Монгол, зөвлөлтийн ард түмэн биш, нэлээн олон ард түмнийг хамарсан. Тэр олон жил гэмгүйгээр хэлмэгдсэн тэр олон сайхан аав, ээж, өвөө, эмээг бодохоор харамсмаар. -Манай улсын хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнархивын бичиг баримтыг Оросын талаас арай гэж гуйж авч байгаа гэж гомдоллож байсан. Бүгдийг нь нэг дор өгч болдоггүй юм уу? - Архивын бичиг баримтыг нь олоод өгөөч гэсэн Монголын талын хүсэлт байгаа. Бид олсон хэмжээгээрээ олгож байгаа. Түүнээс гадна Монгол орны түүхтэй холбоотой чухал бичиг баримтуудыг өгч байгаа. Жишээ нь 1912 оны найрамдлын энэ гэрээ Монголд байхгүй байсан жишээтэй. Хоёр орны харилцаатай холбоотой чухал бичиг баримтуудыг дэлгэсэн чухал үзэсгэлэнг танай улсын Гадаад хэргийн яаманд ноднин гаргасан. Одоо танай улсын түүхийн архивт хадгалагдаж байгаа байх. Мөн 2011 онд МАН-ын түүхтэй холбоотой бичиг баримтуудыг намд нь өгсөн. Бид бол олсон хэмжээгээрээ өгч байгаа. -Найрамдлын гэрээний 100 жилийн ойгоор танаар дамжуулж танай улсын ард түмэнд энэ үгийг хэлэх хэрэгтэй байх. Оросуудад бид талархдаг. Монголын төмөр зам, III, IV хороолол, мянга мянган мэргэжилтэн гээд бидний өнөөгийн суурин амьдралын суурийг тавилцсан та бүгдийг бид орос ах нар гэж хүндлэн дууддаг юм. -Нэмээд хэлэхэд зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хөдөлмөр зүтгэл орсон ганц салбар Монгол оронд байхгүй. Буцалтгүй тусламж болгож 1000 гаруй обьектыг бэлэглэсэн байдаг. Өөрийн хөрөнгөөр Улаанбаатар төмөр замыг барьж өгсөн. Эрдэнэт, Дархан хотыг хамтын хүч хөрөнгөөр барьж байгуулсан. Энэ он жилүүдэд 60 гаруй мянган Монголын иргэн Орост боловсрол олж авчээ. Ер нь энэ найрамдлын ачаар Монголын бүх хүн амын бичиг үсэг тайлагдсан. 1921 онд Ардын хувьсгал ялж байхад Монгол улсын хүн ам 400 мянга байсан гэсэн тоо байдаг. Энэ хүн амын талаас илүү хувь нь сүрьеэтэй, бас дээр нь олон төрийн өвчтэй байсан гэдэг. Монголын хүн амын өвчнийг анагаахаар тэр үеийн Зөвлөлт Холбоот улсын Буриад, Халимаг гээд бүс нутгаас олон тооны мэргэжилтэн ирж байсан. Манай авга эгч гэхэд л ирж бүр тахлын голомтол ажиллаж байсан юм. Ямар ч хүн ямарваа нэг оронд ажиллаж амьдарч байсан бол тухайн орныг гэсэн сэтгэлтэй болчихдог юм байна. Хүн ардыг нь, байгаль дэлхийг нь гэсэн. Янз бүрийн жилүүдэд Монгол оронд ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүд, жирийн хүмүүс Монголын талаар маш сайхан сэтгэгдэл тээдэг. Яагаад гэхээр тэдний ихэнхийнх нь залуу нас Монголд өнгөрсөн. Ингээд 1912 оны Монгол Оросын найрамдлын гэрээний монгол орос хэл дээрх эх хувийн хуулбарыг танд өгье. -Баярлалаа. Эрхэм элчин сайд таны ажил үйлс бүтэмжтэй байж Монгол Оросын харилцаа ямар ч үед эерэг байхыг хүсч байна. Л.Мөнхзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ