Төрийн банкаа харийнханд хувьчлан, Хөгжлийн банкныхаа замыг засна
Хуучны “Зоос”-ыг Төр мэдэлдээ авч, аварчихаад байхад Төрийн банк дампуурах нь гэсэн мэдээлэл цацагдах болсон. Гэсэн ч төрийн далбаан дор намирч байгаа банкинд зах зээлийн хууль үйлчлэхгүй, лав л 2012 оны сонгууль хүртэл тэсэх нь тодорхой атал ийм юм ярихаа болих хэрэгтэй гэсэн үгсийг банкны салбарын нөхдүүд ч хэлж байлаа. Харин өдгөө Төрийн банкийг дампууруулах тухай яриа ард үлдэж, 2011 онд хувьчлахаар болсон тухай яригдаж эхлэв. Тэгэхээр Төр Төрийн банкийг хэрэглээд дуусчихсан, нэг ёсондоо үүргээ гүйцэтгэчихсэн тус банкийг орлох чадамжтай өөр нэг субьект тодроод байгаа учраас л, хувьчлах тухай яриа ийн идэвхитэй дэгдэж эхлэжээ.
Тодруулбал, Төр өөрийн мэдлийн том банктай болох гэж байгаа тул жижиг Төрийн банкаа хувьчлах боломж нээгдэж байна. Цаашлаад, Төрийн банкны хувьчлалаас олох мөнгийг шинэчлэл хийсэн нэртэй ч, нидэр дээрээ алдагдалтай төсөвтөө оруулахаар төлөвлөжээ. Тэр мөнгөний хэмжээ нь Өмч хувьчлалаас Төсөвт орох ёстой орлогын 2/3-т хүрэх ёстой аж. Түүнчлэн, төсвийн дансанд багагүй нэмэр болох Төрийн банкийг үдэж явуулахад Хөгжлийн банк түлхэц болж буйгаас гадна Монголд Арилжааны банкаар бизнес хийх хүсэлтэй гадаад эрхмүүдийн хүчин зүтгэл байгааг ч хэлэх эрхмүүд байгаа юм.
Төрийн банкийг түлхэх нэг шалтаг, Хөгжлийн банкны тухайд цухас дурдахад төр бодлогын дагуу Төрийн банкийг шахаж тус банкаа хөлд оруулах алхмуудаа хэдийнэ хийж эхэлсэн. ТӨХ-ны дарга Д.Сугар энэ оны есдүгээр сарын 30-нд Хөгжлийн банкаа байгуулж, дүрмээ баталсан тул ТУЗ-ийг байгуулах ажил судалгааны шатанд явж байгааг мэдэгдсэнээс хойш 20 хоногийн дараа Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуунаар даргалуулсан тус банкны ТУЗ-ийн гишүүд албан ёсоор томилогдсон юм.
Гол нь Засгийн газар Хөгжлийн банкны дүрмийн сангийн тодорхой хэсгийг “Тавантолгой”-н орд дээр олборлолт явуулах шалгарсан оператор компаниас “Эрдэнэс Тавантолгой” компаний баталгаагаар оролцооны урьдчилгаа төлбөр, татварын урьдчилгаа төлбөр, бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөрийг авч, улсын төсөвт бүртгэж, тодорхой хэсгийг нь Хүний хөгжил санд төвлөрүүлж, нөгөө хэсгийг нь Хөгжлийн банкинд байршуулж төслүүдийг шууд санхүүжүүлнэ гэж төлөвлөөд багагүй хугацаа өнгөрч байгаа. Тэгэхээр Төрийн банкийг хувьчлах нь нэг сумаар хэд хэдэн туулай буудаж байна гэсэн үг. Хөгжлийн банкны асуудлаа ч шийдчихнэ, төсөвт дутагдаад байгаа эх үүсвэрийн тодорхой хэсгийг ч олчихно. Тендер зарлаад хөшигний ард, захиалгын дагуу эзэмшигчийн асуудлыг ч шийдчихэж болох юм.
Харин Төрөөс Төрийн банкныхаа замыг заахдаа төмөр нүүр гаргаж, улстөрийн дэмжлэг үгүй бол өнөөдрийн Монголд “бизнес” эрхлэхэд амаргүй гэдгийг батлан харуулж байгаа. Учир нь, улстөрийн дэмжлэгтэй банкууд төсвийн дансуудыг өөртөө байршуулах, гадаадын төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээл орж ирлээ гэхэд лобби хийх боломжтой байдаг.
Тэгвэл хөдөө орон нутагт Төрийн банкаар дамжуулан Хүний хөгжил сангаас олгож буй мөнгө иргэдэд хүрэх явцад зориудаар саад үүсгэж байгаа гэсэн мэдээлэл гарах болсон. Энэ нь бусад арилжааны банкуудаар дамжин тараагдаж байсан цалин, тэтгэвэр, тэтгэмж Хүний хөгжил сангаас олгох мөнгөний тодорхой хэсгийг тус банкаар дамжуулах шийдвэрийг гаргасан Сангийн яамны бодлогод өөрчлөлт орсныг харуулж байгаа юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар Төрийн банкны зүгээс төлбөр түргэн гүйцэтгэх чадвар хэвийн, зээлийн эргэн төлөлт сайн байгаа гэсэн мэдээллийг өгч байна. Түүнчлэн, Төрийн банкны гүйцэтгэх захирал Бэн Турнбул “Төрийн банкны дүрмийн санд 28 тэрбум төгрөг болон өндөр хэмжээнд мөнгөжих чадвартай Засгийн газрын 67 тэрбум төгрөгийн бонд байршиж байгааг... Мөн тус банкны зээлийн багцын хэмжээ буурч эхэлж байгаа нь зээлээ эргэн төлүүлж чадаж байгаагийн илрэл гэдгийг, Зээлийн эргэн төлөлт болон татан төвлөрүүлсөн эх үүсвэрээр Монголбанкны үнэт цаас худалдаж авч, энэ оны эхнээс 2-р сарын сүүлч хүртэлх хугацаанд банкны мөнгөн урсгал тогтворжсон, Дүрмийн сангаас нэг ч төгрөг авахгүй хөрөнгө оруулалт хийх хэмжээнд хүрч, банк нь ашигтай ажиллах нөхцөл богино хугацаанд бүрдээд байгааг мэдэгдсэн нь саяхных юм. Гэсэн ч Төр нэгэнт шийдээд алхмуудаа хийгээд эхэлчихсэн байна. Ирэх онд Төрийн банк Хувийн банк болж Хөгжлийн банк төрийн төлөө зүтгэх нь ээ.
Э.Болороо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ