Кабелийн телевизүүдийн удирдлага нэгдлээ
Кабелийн телевизүүдийн удирдлага нэгдэж Төрийн бус байгууллага байгуулахаар боллоо. Тэд өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хороонд кабелийн сувгуудаас гарсан нэгдсэн санал бичиг хүргүүллээ. Харилцаа холбооны зохицуулах хорооны гаргасан журмын төслийн зарим нэгэн зүйл заалт нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчсөн гэж Кабелийн телевизүүдийн удирдлага үзэж байна.
Мөн иргэдийн мэдээлэл олж авах эрх хязгаарлагдсан гэж саналд тусгажээ. Радио телевизийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий журмын 2.1.7- д зааснаар тодорхой чиглэлд төрөлжсөн буюу төлбөрт суваг гээд заачихсан байна. Өөрөөр хэлбэл тухайн кабелийн суваг телевиз зөвхөн мэдээ хий. Нэг бол зөвхөн цэнгээнт нэвтрүүлэг, үгүй бол эрүүл мэндийн чиглэл гээд ганцхан төрлөөр л үйл ажиллагаа явуул гэж хэлсэн болж таарч байна.
Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хориглоно, төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тогтоохгүй гэсэн зүйл заалтыг зөрчжээ. Зөвхөн Улаанбаатар хотод кабелийн телевиз үздэг 140 мянга гаруй иргэд байдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр энэ хүмүүсийн эрх ашиг ч гэсэн зөрчигдөж байгаа юм. Тиймээс харилцаа холбооны зохицуулах газрынхан энэ хуулийн төслөө эргэн харах шаардлагатай болоод байна. Улмаар хязгаарлагдмал орчинд мэдээллээ цацаж байгаа кабелийн сувгуудын дэмжиж ажиллана гэдэгт найдаж байгаа юм. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 10 гаруй кабелийн суваг нэгдээд төрийн бус байгууллагын зохицуулалтанд орж байгаа нь энэ. Харилцаа холбооны зохицуулах хорооныхон ирэх даваа гаригт кабелийн телевизүүдийн удирдлагуудтай уулзаж, хариугаа хэлэхээр боллоо.
Б.Батцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ