Чөлөөтийнхөн 50 жилийн ойгоороо улаан хивсэн дээр алхлаа
Монгол Улсад Чөлөөт бөхийн спорт үүсэж хөгжсөний 50, Монголын чөлөөт бөхийн холбооны 50 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо. Олимп, тив дэлхийн наадмаас нийт 436 алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн чөлөөтийнхөн авсан медаль, гаргасан амжилтаараа улсдаа тэргүүлдэг бөгөөд анх 8 тамирчны бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан чөлөөтийнхөн өдгөө урлагийн ягаан сүм гэгддэг дуурийн театрт багталцахгүй өнөр болжээ. Ёслолын энэ арга хэмжээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1992/, Гавьяат тамирчин /1971/, Далай даян даяар дуурсагдах дархан аварга Х.Баянмөнх, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар /1994/, Гавьяат тамирчин /1967/,Олон улсын хэмжээний мастер /1963/, Далай даян, даяар дуурсагдах дархан аварга Ж.Мөнхбат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1994/, Гавьяат тамирчин /1974/, Олон улсын хэмжээний мастер З.Ойдов тэргүүтэй үе үеийн чөлөөтийн тамирчин, дасгалжуулагч, шүүгчид оролцлоо. Энэ үеэр чөлөөт бөхийн хөгжил, тамирчдын амжилтад хувь нэмрээ харамгүй оруулсан хүмүүст Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнав. Мөн олон улсын бөхийн төрлүүдийн холбоо буюу FILA-гаас манай тамирчдын амжилт, авхаалж самбааг үнэлэн өөрийн дээд шагнал алт, мөнгө, хүрэл медаль олгосныг гардуулав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ