Утаа “үйлдвэрлэдэг” 200,000 янданг 20 мянга болгох боломж бий

img

-Зарим газар утаа нь биш, утаатай тэмцэх бодлого нь замхарч байгаа бололтой-

Хотынхон цэвэр агаараа үгүйлдэг улирал хаяанд ирлээ. Хаяанд ирлээ ч гэж дээ, өнгөрсөн зуны хур борооны ая даалгүй гудамж зам нь шороонд дарагдаж, нийслэлчүүд пургисан тоосон дунд зуссан. Одоо ингээд утаатай залгаж байна. “Time” сэтгүүлээс Улаанбаатарыг хамгийн их агаарын бохирдолтой хотуудын хоёрдугаарт эрэмбэлсэн, манай нийслэлийн өмнө Ираны Авхаз бичигдсэн юм уу даа, янз нь. Тэгэхээр, хамгийн хүйтэн нийслэл болох Улаанбаатар хамгийн их агаарын бохирдолтой нийслэл хот гэсэн өөр нэг гуншинтай болжээ гэсэн үг. Ер нь утааг багасгах өдий төдий ажлууд хийлээ л гэдэг, үр дүн нь юу байна вэ гээд хэсэг явж  үзлээ. Утаанаас ойрын хугацаанд бүрмөсөн салдаггүй юм гэхэд бууруулах боломж уг нь байгаа л юм байна. 1. Тооны хэлээр буюу нийслэлчүүд хэдий хэмжээгээр утаанд хорддог вэ? Утаа буурч байна уу, үгүй юу гэдгийг мэргэжлийн байгууллага хэмжилт, судалгаагаар тогтоох нь мэдээж. Хэмжиж, харьцуулж байж хийсэн ажлыхаа үр дүнг цэгнэдэг байх учиртай. Улаанбаатарын гэр хорооллын 200 мянган айл өвөлдөө 750 гаруй мянган тонн түүхий нүүрс түлдэг гэсэн статистик мэдээ байдаг юм байна. Ачааны Портер машин 1.5 тоннын даацтай гэхээр нийслэлийн иргэд жилдээ  500,000 портер нүүрсийг шатааж, утааг нь уушгилж өвөлждөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл нийслэлийн нэг иргэнд хагас портер нүүрс шатаасантай тэнцэх утаа ногддог юм байна. Энэ бол зөвхөн гэр хорооллын шатааж байгаа нүүрсний хэмжээ, цахилгаан станцууд ороогүй дүн. Тиймээс утаанаас салъя гэвэл гэр хорооллоо орон сууцжуулах  хэрэгтэй нь мэдээж, гэхдээ нэг дор 200 мянган айлыг нүүлгээд оруулчих орон сууц байхгүй учраас мөрөөдлийн биш бодит боломжуудаа ашиглан богино хугацаанд үр дүнд хүрэх хэрэгтэй. “200 мянган айл өдөр шөнөгүй түүхий нүүрс түлж байхад Улаанбаатар агаарын бохирдлоор дэлхийд хоёрт бичигдсэн нь харин ч сайн үзүүлэлт юм биш үү” гэж хошигнох хүнтэй таарлаа. 200 мянган яндангаас олгойдох дутуу шатсан нүүрсний хар утаа агаарын бохирдлын 60 хувийг бүрдүүлдэг юм байна. Дутуу шаталтаас утаа үүсч, дутуу шаталтаас үнс их гардаг. Өөрөөр хэлбэл хоногийн хоолоо хагасалж байж авсан нүүрсээ хагас дутуу шатаагаад ихэнхийг нь үнс, утаа болгож хаяад багахан хэсгээр нь дулаацаж авдаг гэсэн үг. Харин бүрэн шаталт явагдахад утаа, үнс аль аль нь багасч, багахан нүүрсээр ахиу дулаан “үйлдвэрлэх” боломжтой болдог гэнэ. Бүрэн шаталтат Хас, Өлзий зуухнаас гарах утаа энгийн зуухныхаас 90 хувь бага байдгийг хэмжилт судалгаагаар тогтоожээ. Тэгэхээр, гэр хорооллын 200 мянган янданг бүрэн шаталтат зуухтай холбоход энгийн 20 мянган зуух галлахтай тэнцүү хэмжээний утаа ялгаруулдаг болно гэсэн үг юм байна. Засгийн газрын “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүхээс хамгийн богино хугацаанд утаанаас салах арга юу вэ гэж асуухад “Бүрэн шаталтад зуух. Урт хугацаандаа бол орон сууцжуулах” гэсэн хариултыг өгч байна. Турк улсад үйлдвэрлэсэн бүрэн шаталтад “Өлзий”, “Хас” зуухыг хязгаарлалтын бүсэд хамрагдсан гэр хорооллынхон хэрэглээд нэг жил болж байна. Гэхдээ бүрэн шаталтад зуухыг Улаанбаатар хотын бүх айлд тараагаагүй, зөвхөн хязгаарлалтын бүсэд хамаарах айлуудад л олгосон учраас “ид шид”-ийг нь бүх нийтээрээ турших боломж гараагүй билээ. Иймээс энэ хугацаанд утаа буурсан уу гэдэг бас л эргэлзээтэй болчихоод байгаа юм. Өглөө, оройдоо татдаг утаан хөшиг байж л байгаа нь агаарын бохирдол буурсан эсэхийг яг таг хэлэх боломжийг хааж байгаа бололтой. Өнгөрдөг жил ойролцоогоор 70 мянган бүрэн шаталтат зуух тараасан гэсэн статистик мэдээ байна. 200 мянган яндангийн гуравны нэг л утаа багатай зууханд холбогдож байгаа гэх үү дээ. Тэгэхээр хамгийн бодит хэмжүүр бол зуух авсан айлуудын нүүрсний хэрэглээ буурсан эсэхээр бүрэн шаталтад зуух үр дүнгээ өгсөн эсэхийг дүгнэж болох бололтой. Яагаад гэвэл, түүхий нүүрсний хэрэглээ төдий чинээ буурна, агаарт цацагдах хорт бодисын хэмжээ дагаж буурах нь ойлгомжтой билээ. Ингээд Нийслэлийн агаарын чанарын албаны дэд дарга Ч.Батсайхантай уулзсан юм. Тэрээр “Ямар ч ажлыг нэг амьсгаагаар хийх боломжгүй. Өнгөрсөн жил 70 мянган өрхөд түлшний хэмнэлттэй бүрэн шаталттай зуух нэвтрүүлж, 774 өрхөд цахилгаан болон хийн халаагуур хэрэгжүүлэн, нам даралтын 39 зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг эхлүүлэн хийж байна. Дээрх ажлыг хийснээр түүхий нүүрсний хэрэглээг 27 хувиар бууруулах тооцоо гарсан. Өнгөрсөн оны байдлаар түүхий нүүрсний хэрэглээг 16 хувиар бууруулсан гэсэн судалгаа гараад байна” гэлээ. Тодруулбал, нийслэлчүүд бид ойролцоогоор 85 мянган Портероор зөөх нүүрснийг түлэлгүй хэмнэжээ. Төдий хэмжээгээр агаарын бохирдол буурч, төдий тоогоор иргэдийн халаасан дахь мөнгө хэмнэгджээ. Энэ бол мэргэжлийн байгууллагын дүгнэлт. Ямар боловч бүрэн шаталтад зуух нийлүүлснээр айл өрхүүд бага зардлаар илүү дулаан амьдрах нөхцөл бүрдсэн гэсэн дүгнэлтэд хүрч болохоор байна. Хамгийн гол нь агаарт хорт утаа ялгаруулж байсан түүхий нүүрсний хэрэглээ 16 хувь буурсан гэдгийг тодотгоё. Утаагүй зуухны өгсөн эхний л үр дүн энэ юм байна.

2. Бүрэн шаталтат зуухаар айлуудыг бүрэн хангаж чадаж байна уу?

Агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах бодит арга нь бүрэн шаталтад зуух нэвтрүүлэх гэдэг нь дээрх жишээгээр бага ч болов батлагдлаа. Дээр өгүүлсэнчлэн нүүрсний хэрэглээ буурч байгаа нь иргэдийн амьжиргаанд сайнаар нөлөөлж байгаа ажээ. Чингэлтэй дүүргийн XVI хорооны иргэн Б.Хүслэнтэй уулзахад “Манайх өвөлдөө хоёр портер нүүрс түлдэг байсан. Өнгөрсөн жил нэг портероор л дулаан өвөлжлөө” гэсэн бол түүний эхнэр Ч.Булган “Утаагүй зуух чинь өнгө үзэмж сайтай, хамгийн гол нь утаа, тортоггүй болохоор их зүгээр санагдсан” гэв. Харин хотын төвд хамгийн ойр утааны эх үүсвэр болох  Баянгол дүүрэгт (Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос түүхий нүүрс хягаарлах үндсэн бүс болгон зарласан) нөхцөл байдал өөр байгаа бололтой. Тэнд түүхий нүүрс түлэхийг хориглож, боловсруулсан түлшээр хангахаар анх шийдвэрлэсэн. Харамсалтай нь, зарим аж ахуйн нэгжийн ажлын цалгардлаас болж түүхий нүүрс ч үгүй, түлэх боловсруулсан түлш ч үгүй болсон бололтой юм. Хамгийн гол нь утаанаас салах төрийн гол бодлого нь өөрөө бүдгэрчихсэн. Товчхондоо бол, утаа нь замхараагүй байхад төрийн бодлого нь замхарчихсан гэх үү дээ. Иймээс саяхан тус дүүргийн иргэдэд яндангийн утаа шүүгч тарааж өгсөн юм байна. Энэ үеэр тус дүүргийн иргэдтэй уулзаж саналыг нь сонсов. Өөрийгөө Н.Батнягт хэмээн танилцуулсан нэгэн эмэгтэй “Утаагүй зуухтай болбол зүгээр байна. Үнэндээ нүүрс түлүүлэхгүй гэж байгаа ч өөр шатаах юмгүй болохоор бид нүүрсээ л хэрэглэж байгаа шүү дээ. Хөнгөлөлттэй үнээр олгож байгаа зуухнаас манай хорооны иргэдэд яагаад олгохгүй байгаа юм бэ. Гэр цэгүүдээр очоод утаагүй зуух авъя гэхээр болно гэх юм. Тэгсэн хэрнээ үндсэн үнээр нь ав гэж байна лээ. Зуух тараах бүсэд ороогүй ч хязгаарлалтын бүсэд хамаарсан манай дүүргийн иргэдэд бүрэн шаталтат зуухыг татаастай үнээр нь олгуулах талаар арга хэмжээ авч болдоггүй юм уу” гэж байв. Үнэхээр ч холбогдох байгууллагууд нь Н.Батнягт гуай шиг хүсэлт тавьж буй олон зуун иргэдийн үгийг сонсох хэрэгтэй юм шиг ээ. Хүссэн хүн бүхэнд нь утаагүй зуухыг хямдралтай үнээр олгосон ч яадаг юм. Аймгуудын агаарын бохирдол ч гэсэн аюулын харанга дэлдэж эхэлсэн. Хаа хаанаа хэрэгтэй байгаа “бүрэн шаталтат” зуухыг технологийнх нь дагуу Монголдоо үйлдвэрлэсэн ч яадаг юм. Ингэвэл иргэд л хожно. Улаанбаатар л утаанаас салах юм биш үү гэж бодогдох болов.                     Эх сурвалж: Үндэсний шуудан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin61:
Ardchilsan namiin darga nariin hamaatan torluudiin amidral deeshleed, asuudal ni shiidegdeed ch baih shig...77
2012-11-09
nar:
Narnii energe ashiglah tal deer dorvtoi ajil hiigeesee.Byh ailaa enternet yzdeg bolgochih umsan. Tv yyd yneheer muu ajillaj baina
2012-11-08
comment59:
Ardchilsan nam ard tumniig hun shig amidruulahiig huleevel nas hurehgui ni bololtoi 26
2012-11-08
go:
манай хот улс төрчдийн харалган бодлогоос болж дэлхийд нэгд оржээ абказ хот нийслэл биш
2012-11-08