
Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх шаардлагатай зураг төсвийн жагсаалт, нийслэлд ирэх онд хийгдэх хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлын тухай, үл хөдлөх хөрөнгийн албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх шаардлагатай зураг төсвийн жагсаалтад үерийн хамгаалалтын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, дулаан, цахилгаан хангамж, авто зам, замын байгууламжийн зураг төсвөөс гадна, нийтийн тээвэр, эрүүл мэнд, боловсролын салбар зэрэг нийт 10 чиглэлд хийгдэх барилгын зураг төсөв багтсан байна.
2012-2013 онд Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны 7,9-р хороо, Баянзүрх дүүргийн 8-р хороо, Ус-15 болон Дунд голын үерийн хамгаалалтын далангийн засвар, шинэчлэлтийн ажлын зураг төсөв, Туул голын үерийн хамгаалалтын далангийн хэсэгчилсэн засвар зэрэг есөн газарт үерийн хамгаалалтын барилга байгууламж барих, засах зураг төсөв боловсруулахаар жагсаалтад оруулж үүнд нийтдээ 640 сая төгрөг төсөвлөжээ.
Инженерийн шугам сүлжээг сайжруулахад зориулан нэг тэрбум, 520 сая төгрөгийн зураг төсвийг гаргажээ. Тасганы овооны цэвэр усны буух ф500 мм шугамыг солих ажлын зураг төсөв, Төв цэвэрлэх байгууламж болон гэр хороололд загвар бага оврын цэвэрлэх байгууламж барих зураг төсөв зэрэг инженерийн шугамтай холбоотой нийт 20 гаруй ажлын зураг төсөв боловсруулахаар жагсаалтанд оруулжээ. Мөн 2012-2013 онд авто зам, замын байгууламжийн зураг төсөвт нийт 780 сая төгрөгийг төсөвлөхөөр төлөвлөж байгаа юм байна. Ирэх онд шинээр Хайлаастын уулзвараас, Дарь эхийн зам хүртэлх 1,6 км зам 60 метр урт гүүрний хамт, Сэлбийн баруун эргээр, Энхтайвны өргөн чөлөөнөөс Бээжингийн гудамж хүртлэх 0.7 км авт зам, 100 айлаас хойш Сэлбийн баруун эргээр Энхтайваны өргөн чөлөөнөөс Бээжингийн гудамж хүртлэх 0,7 км автозам, 100 айлаас хойш Сэлбийн баруун эргээр Дарь-Эхийг Ногоон нуурын гудамжтай холбосон замтай холбох 2,2 км авто зам, Шар хадны эцсээс ургаш Улаанхуаран Улиастайг холбосон шинэ зам хүртлэх 2,1 км авто зам, Дарь эхийн замыг Цагдаагийн гудамжтай холбох 0,4 км авто зам, Хувьсгалчдын авто замаас Хайлаастын авто замын эцэс хүртэлх 3,6 км авто замыг барихаар зураг төсөвт тусгажээ. Харин эрүүл мэндийн салбарт 369,5 сая төгрөгийн зураг төсвийг суулгаж байгаа бөгөөд Наркологийн төвийн барилга, Туул тосгоны эмнэлгийн барилга, түргэн тусламжийн төвийн салбар пунктуудын байрыг засах, шинээр барихаар төлөвлөжээ. Шинээр цэцэрлэг барих болон, сургуулийг өргөтгөх, засвар хийх зэрэг зураг төсөвт нийт 1 тэрбум 885 сая төгрөг зарцуулагдахаар тооцсон байна. Ингээд танилцуулгын дараа Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд хот төлөвлөт, зураг төсөл судалгааны албаас танилцуулж байгаа энэхүү зураг төсвийн жагсаалтын үнийг энэ чигээр нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зарим нэг төсөв хэт үнэтэй байхад, зарим чухал ажлын зураг төсөв орхигджээ гэдэг дээр санал нэгдсэн. Тиймээс хуралдааныг удирдсан Нийслэлийн Засаг даргын санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, яаралтай эхлүүлэх ёстой, зураг төсөв нь хэнд ч тодорхой, ойлгомжтой байгаа ажлуудыг хийж эхлэе. Харин зарим нэг тодруулах шаардлагатай зураг төсвийг тодорхой болгож энэ сарын 20-ны дотор хэлэлцье гэв. Энэ саналыг Удирдалгын зөвлөлийн гишүүд дэмжлээ гэж
Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ