
Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын “Metals Mongolia-2011” чуулга уулзалт маргааш Улаанбаатар хотноо эхэлнэ. Төрийн ордонд 3,4-ний өдрүүдэд үргэлжлэн явагдах тус чуулга уулзалтын зорилго уул уурхай, металлургийн салбарт шинэ техник технологийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах, уг төслүүдэд олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхэд чиглэгдэж байгаа талаар зохион байгуулах хорооны дарга ЭБЭХ-ний Дэд сайд Б.Ариунсан хэлж байсан.
ЭБЭХЯ, ҮХШХ, АМГ Mining.mn хамтран зохион байгуулж буй чуулганд 600-800 орчим төлөөлөгч оролцох бөгөөд үүнээс 40 гаруй хувь нь гадаадын төлөөлөгчид байх аж. Чуулга уулзалтад Монголын талаас ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун зэрэг салбарын удирдлагуудаас гадна уул уурхай, металлургийн салбарт дэлхийд тэргүүлэгч, нэр хүнд бүхий гадаадын компаниудын удирдлагууд илтгэл тавина.
Казахстаны Tau-Ken Samruk, Францын ENRC, Финляндын Outotec, Өмнөд Солонгосын POSCO, Японы Kobe Steel, АНУ-ын Бэхтел зэрэг уул уурхай, металлургийн салбарт техник технологи нийлүүлэгч, дэлхийд тэргүүлэгч компанийн удирдлагууд, Монголын талаас “Болдтөмөр Ерөө гол”, “Хөх ган”, “Дарханы хар төмрөлөгийн үйлдвэр”, “Оюутолгой”, “Бэрэн”, “Цайрт минерал” зэрэг нэр хүнд бүхий томоохон компаниудын удирдлагууд тус тус оролцох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ