Сэргээгдэх эрчим хүчний талаарх олон улсын бага хурал болж байна

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хөгжлийн ассоциаци, Ханнс-Зайделийн сангаас хамтран зохион байгуулж байгаа “Зүүн хойд Азийн Сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр Чингис" зочид буудалд эхэллээ. Энэхүү хуралд БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, БНАСАУ зэрэг улсын төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Ардчилсан Солонгос орны төлөөлөгчийг энэхүү хуралд оролцож байгааг бусад орныхон ихэд олзуурхаж тус улсын төлөөлөгчдөөс тодруулах асуулт мундахгүй байна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд Шинэчлэлийн Засгийн газар энэ салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, байгальд ээлтэй дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх нөхцлийг бүрдүүлэх, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, өөрчлөх, шинэчлэхэд анхааран ажиллаж байгаагаа  Эрчим хүчний сайд М.Сономпил хурлын үйл ажиллагааг нээхдээ хэллээ.Сайд хэлэхдээ, “Сэлэнгэ мөрний сав газарт томоохон чадлын усан цахилгаан станц барьж байгуулах, мөн хэд хэдэн том чадлын салхин парк барихаар тооцоо судалгаа хийгдэж байгаа бөгөөд  эхний ээлжинд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 50 МВт-ын чадалтай салхины паркийг  ирэх  12 дугаар сард сүлжээнд холбохоор ажиллаж байна. Сэргээгдэх эрчим хүчний хүчний үндэсний хөтөлбөрт тусгагдсаны дагуу эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилтыг шат дараатай хэрэгжүүлэн 2020 оны түвшинд 20-25 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр ашиглан үйлдвэрлэхээр төлөвлөж байна” гэлээ. “Зүүн хойд Азийн Сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын бага хурал маргааш өндөрлөх бөгөөд оролцогчид Төв аймгийн нутагт барьж буй Салхин паркийн бүтээн байгуулалттай танилцахаар хөтөлбөрт тусгажээ. Мөн БНСУ-ын “Super Grid”консерциумтай Монголын говь талд өндөр чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барихад ТЭЗҮ боловсруулах, гадаадын  хөрөнгө оруулалтыг татах, төрийн байгууллагуудаас дэмжлэг авч хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм байна. Д.Цэцэг      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ