Засгийн газрын бондыг Хаан, Голомт, Худалдаа Хөгжлийн банкууд авчээ

img

Засгийн газрын бондын арилжаагаар “Ноос ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэл”-ийг дэмжих зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх зорилгоор гаргасан нийт 80.0 мянган ширхэг бондыг 8.0 тэрбум төгрөгөөр арилжсан тухай дуулгасан. Тэгвэл арилжаанд Хаан, Голомт, Худалдаа Хөгжлийн банкууд оролцож бондыг худалдан авсан байна. Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжааны мэдээллийг хүргэе. Өнөөдөр  37 ХК-ийн 147.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 199.2 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 26 ХК-ийн 100.5 мянган ширхэг хувьцааг 118.5 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 11 ХК-ийн 98.7 мянган ширхэг хувьцааг 28.9 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Компанийн бондын арилжаагаар “Жаст агро” компанийн нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй нийт 10.6 мянган ширхэг бондыг 106.0 сая төгрөгөөр арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 203 хэлцэл хийгдсэн байна. Нийт 37 үнэт цаас арилжигдсанаас 18 үнэт цаасны ханш өсч, 7 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 21276.43 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 60.55 нэгжээр буюу 0.28 хувь  буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 277.9 тэрбум төгрөг болсон байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ