Кино урлаг ба Монгол сэтгэлгээ

img

Кино урлаг бол үйлдвэрлэл. “World almanac” номонд  дурдсанаар жилд  хамгийн олон кино  үйлдвэрлэдэг газар бол Болливүүд. Энэтхэгт жил тутам бараг 1000 шахуу бүтээл үйлдвэрлэгддэг байна. Харинкино гэдгийг чухам л үйлдвэрлэдэг газар” гэж бидний төсөөлөн боддог Холливүүдэд өөрсдийн тогтоосон стандартаараа жилдээ 100 гаруй киног бүтээдэггэсэн судалгаа бий.  “Киноны гиннесийн ном”-д жилдээ хамгийн олон кино  хийсэн орон бол Дэлхийн хоёрдугаар дайны дараах Япон орон ажээ. 

 

Монгол улсад 1936 оноос 2000 он хүртэл буюу 56 жилийн хугацаанд нийтдээ 292 бүрэн хэмжээний уран сайхны кино, 900 гаруй баримтат кино бүтээгдсэн нь Үндэсний архивын газарт хадгалагдаж байна.  Тэгвэл  өнгөрсөн 2011 онд буюу ганцхан жилийн хугацаанд телевизийн олон ангит болоод баримтат, богино хэмжээний кинонуудыг тооцолгүйгээр 50 шахам киног бүтээсэн байна. Их эзэн Чингис хаан, Жамуха, Мандухай сэцэн хатан, Батмөнх даян хаан, Галдан бошигт, Хотгойдын Чингүнжав, Ардын хөдөлгөөний толгойлогч Алдаржавын Аюуш зэрэг алдартай, түүхэн хүмүүсийн талаар   хуучны монгол киног үзсэнээр илүү их мэдэх болсон.

 Кино бол аль нэг бүлэг хүмүүс рүү чиглэсэн бус харин олон нийтийг хамарч чадах түүгээрээ хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөх урлагийн нэг төрөл. Үндэстэн ястны хэл ёс заншил хоорондоо адилгүй шиг тухайн улсын урлаг соёлын өв уламжлал тэс өөр.  Аливаа улс үндэстний түүх хөгжиж ирсэн нөхцөл байдал, газар зүйн орчин зэрэг нь өөр өөр байдаг ньбусдаас ялгаатай үзэл бодол зан үйлийн хэвшмэл шинжтэй болгодог. Yүнийг нийтлэг байдлаар үндэстний менталитет гэх ойлголтод багтаан үздэг. Тэгвэл Монгол хүний менталитет ямар байдаг вэ? гэдгийг хуучны монгол киноноос харж болно. 

ТАЙЛБАР: Менталитет гэдэг нь хүний мэдрэмж, үзэл бодол, төсөөлөл, бодит байдлыг ойлгох, дүгнэх арга.

Монголд дэлгэцийн урлаг нэвтрэх үед буюу одоогоос зуу шахам жилийн өмнө монголчууд анх кино үзээд “Сүүдэр зураг”, “Сүүдэр ший” гэж нэрлэж байсан. Үнэхээр ч тэр үеийн кино зураг яг л хүний сүүдэр шиг харагдаж байсан нь гарцаагүй. Яагаад гэвэл кино анхандаа дуугүй, өнгөгүй байсан учраас үнэндээ хүний сүүдэр ч шиг л сүүтэгнэж харагдсан хэрэг. Гэвч тэр цагаас хойш хэдхэн жил өнгөрөхөд Монголчууд кино гаргаад зогсохгүй кинонд тоглодог, кино найруулдаг, кино бүтээдэг болжээ.

Харин өнөөдөр шинжлэх ухаан техникийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж яваа Монгол улс кино үзэгчдийн орон төдийгүй кино бүтээгчдийн орон болж чадсан нь 77 жилийн өмнө  бүтээгдсэн  Монгол кино өөрийн гэх өнгө төрхтэйгээр хөгжиж алтан үеийн гэх тодотголыг дагуулахуйц Монгол ухаан, Монгол соёл, Монгол сэтгэлгээтэй дэлгэцийн бүтээлүүдийг бүтээж байсантай салшгүй холбоотой.

Монголын кино урлаг гал голомтоо дөнгөж асааж байсан тэр жил Ленинградын кино студийн найруулагч И.Трауберг тэргүүтэй киноны хэсэг уран бүтээлчид ирж "Монгол хүү" уран сайхны киног бүтээж алтан үеийнхэн болох Шороотын Цэвээн, Дашзэвэгийн Ичинхорлоо, Нямын Цэгмид, Данзангийн Бат-Очир гээд олон жүжигчид энэ кинонд анх тоглосон юм. “Монгол хүү” кинонд Монгол уран бүтээлчид тоглож, Монголд зураг авалт нь хийгдсэн учир Монголын уран сайхны бүрэн хэмжээний киноны эхлэл суурь гэж үздэг. Түүнчлэн Монголд кино урлаг үүсч хөгжих, залуу уран бүтээлчдийг хөгжүүлж, хүмүүжүүлсэн алдар гавъяатай юм.

Харин Монголын уран сайхны анхны кино 1938 онд Т.Нацагдорж гуай өөрөө зохиолыг нь бичээд найруулсан “Норжмаагийн зам” хэмээх хоёр бүлэг дуугүй кино юм. Ингэж Монгол кино шил шилээ даран улмаар 1939 онд Сүрэг чоно, 1940 онд Тарваган тахал, 1941 онд Амьдралын дайсан, 1942 онд Сүхбаатар, 1945 онд Цогт тайж, 1954 онд Шинэ жил, 1955 онд Гэм нь урдаа,  1956 онд Манай аялгуу, 1957 онд Сэрэлт, 1959 онд Ардын элч, Морьтой ч болоосой, 1960 онд Элбэг дээл, 1961 онд  Улаанбаатарт байгаа миний аав, Алтан өргөө, Гологдсон хүүхэн зэрэг та бидний сэтгэлд хоногшсон уран сайхны болоод хэдэн зуугаад баримтат киног  35 мм-ийн хальсан дээр авч боловсруулан дэлгэцнээ гаргаж байжээ. Хэдэн арван удаа ч үзээд уйдахааргүй монгол кинонууд 60, 70 жилийн дараа ч дахин  үзэгчдийн мэлмийд хүрсээр байгаа хэдий ч дуу дүрсний чанар нь муудаж, үзэхэд бэрх болоод байгаад үзэгчид сэтгэл дундуур байдаг.

Аливаа улс үндэсний бүтээсэн кино бол түүхийн хэдэн зууны үе болоод  тухайн цаг үеийн нийгмийн бодит амьдрал, хүмүүсийн соёл, ёс заншил, зан араншин зэргийг харуулах  чухал баримт болон үлддэг. Тиймээс ч  хуучны Монгол кинонуудыг устаж үгүй болохоос нь сэргийлэхийн тулд чанарыг нь алдагдалгүйгээр урт удаан хугацааны туршид хадгалан  хойч үедээ өвлүүлэн үлдээх явдал нь тулгамдсан асуудлын нэг болжээ.

                Нөгөөтэйгүүр гадаадын олон ангит киног Монголчууд шимтэн үзсэнээр өсвөр үеийнхэн тухайн улсын соёлд нэрвэгдэж, үг яриа хувцаслалтаараа хүртэл  хэт их даган дуурайх явдал ихсэж байгааг кино бүтээгчид шүүмжилдэг. Энэ ч утгаараа монгол залуусын сэтгэхүйд нөлөөлж байгаа гадны соёлыг таягдан хаяж,  алтан үеийн Монгол  кинонуудыг залуучуудад таниулан сурталчлах шаардлага урган гарч байгаа юм.

 

2012 оны 11 сарын 20 өдөр

 

Б.Наранбат

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ