А.Намжилдорж: 13 хүүхэд жолоо барьж зам тээврийн осолд холбогдсон

img

Хүйтний эрч чангарсаар байгаа энэ өдрүүдэд зам тээврийн осол ихсэх хандлагатай байна. Үүнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасгийн Цагдаагийн ахлах дэслэгч А.Намжилдоржтой ярилцлаа.

-Зам тээврийн осол бүрт­гэгдэх нь ихэссэн гэх юм. Энэ талаар тод­руулаач? -Ойрын өдрүүдэд халтиргаа гулгаатай холбоотойгоор зам тээврийн осол гарах нь ихэссэн. Жил жилийн өдийд ер нь зам тээврийн осол гарах нь ихэсдэг. Ер нь энэ оны эхний хагас жилд зам тээврийн ослын дуудлага улсын хэмжээнд 30294 ирсэн. Үүнийгээ дагаад 8383 зам тээврийн осол бүртгэгдсэн байгаа. Тодруулбал, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг 960 гэмт хэрэг гарсан. Үүний 583 нь хүндэвтэр, 12 нь хүнд хэрэг байсан. -Энэ оны эхний хагас жилийн байдлаар хэдэн хүн зам тээврийн ослоор бэртэж гэмтэн амь насаа алдсан бол? -Тээврийн хэрэгслийн хө­дөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас улсын хэм­жээнд 185 хүн нас барж, 512 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Улмаар нас барсан хүний 117 нь орон нутагт, 68 нь нийслэлд нас барсан гэсэн тоо гарсан. -Авто тээврийн ослоор нас барсан иргэдийн хэд нь явган зорчигч байсан бэ? -Нийслэлд нас барсан, гэмтсэн хүний зам тээврийн осолд өртөх үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээс тодорхой хэлж болно. Тухайлбал, явган зорчигч 44 хүн зам тээврийн осолд өртөн нас барсан. Харин 199 хүн гэмтсэн байна. Түүнчлэн ослын улмаас 13 жолооч нас барсан. -Ямар насны хүмүүс ихэвч­лэн зам тээврийн осолд өртөн хохирч байна вэ? -Жил бүрийн хохирогчдын нас, хүйсийн судалгаанаас дүгнэлт хийхэд 18-35 насны эрэгтэй хүмүүс зам тээврийн осолд өртөж нас барах нь их байна. Энэ нь нэг талаасаа дээрх насны хүмүүс замын хөдөлгөөнд ихээр оролцдогтой холбоотой гэж үзэж болно. -Сүүлийн үед зам тээврийн осолд өртсөн иргэд газар дээрээ нас барах нь их байгаа. Энэ талаар тайлбар­лаач? -Зам тээврийн ослын улмаас нас барсан хүний мэдээллээс үзэхэд өнгөрөгч зургаан сарын байдлаар 170 иргэн  24 цагийн дотор нас барсан байсан. Харин осолд орсноос хойш 30 хоногийн дараа 15 хүн нас барсан. -Осол ихсэхэд ямар хү­чин зүйлс нөлөөлж байна вэ? -Улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослын 8272 нь жолоочийн буруугаас болж гарсан байсан. Харин 101 зам тээврийн хэрэг явган зорчигчийн буруутай үйлдлээс гарсан. Дийлэнх хувийг эзэлж буй жолоочийн буруутай үйлдлийг тодруулбал, хажуу хоорондын зай тохируу­лаа­гүйгээс, уулзвар гарц нэвтрэх шугам зөрчсөн, соготуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлснээс зам тээврийн осол их  гарч байна. Түүнчлэн явган зорчигч өөрөө буруутай байдаг. Тухайлбал, согтуугаар замын хөдөлгөөнд оролцдог. Явган зорчигч хүүхдүүдийн хувьд мөн өөрсдийн буруутай үйлдэл, замын хөдөлгөөний дүрэм журмын мэд­лэг тааруу байгаагаас шалтгаалан зам тээврийн осолд өртөх явдал их байна. Түүнчлэн зам тээврийн ослын улмаас 21 хүүхэд нас бараад байгаа. Харин 248 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байдаг. Ер нь хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомж­гүй байдлаас ихэнх нь осолдож байгаа ч нөгөө талаас жолоочийн ур чадвар, хөдөлгөөнд оролцох соёл зэргээс ихээхэн шалтгаалдаг. Авто тээврийн осол гаргаж буй жолоочдын нас­ны хувьд? -Зам тээврийн осол гаргасан жолоочийн хүйсийн байдлаас үзэхэд эрэгтэй жолооч дийлэнх хувийг эзэлдэг. Тэд 18-34 насны жолооч байдаг. Үүнээс үзэхэд энэ насны хүмүүс нэг талаасаа  замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл жолоодон идэвхитэй оролцож байгаа бөгөөд нөгөө талаасаа жолооч болоод удаагүй, дадлага туршлага муу, замын хөдөлгөөний дүрэм бие­лүүл­дэггүй учраас зам тээврийн осол хэрэгт холбогдох нь их байна. Түүнчлэн насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодох нь бий. Тодруулбал, 16-17 насны 13 хүүхэд жолоо барьж зам тээврийн осолд холбогдсон. Энэ нь эцэг эх, хамаатан садан нь хүүхдүүдээ автомашин бариулах, хараа хяналтгүй анхаарал болгоомжгүй хандаж байгаатай холбоотой. -Тэдний нийгмийн асуу­дал ямар байдаг вэ? -Авто тээврийн осол гаргаж байгаа жолооч нарийн дийлэнх хувийг ажил хөдөлмөр эрхэл­дэггүй, хувиараа авто­машин жолоодон хөдөлмөр эр­хэлдэг /халтуур хийдэг/  жолооч нар эзэлдэг. -Халтиргаа гулгаатай бай­­гаа энэ өдрүүдэд авто тээврийн ослыг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна? -Замын цагдаагийн газар дүүргийнхээ ТҮК-ийн үйл ажиллагааг давхар хянаж байгаа. Чингэлтэй дүүрэгт  97 тонн давс, есөн тонн бодис үлдэгдэлтэй байгаа. Түүнчлэн давс, бодисоо хольж зам тээврийн осол гарах магадлалтай газрууд дээр ТҮК-ийн ажилчдыг харж байгаад цацуулж байна. -Замын халтиргаанаас үүдэн гарсан зарим хэргээс онцлооч? -Чингэлтэй дүүрэгт хөн­гөлөлттэй нүүрс тарааж эхэлсэн байгаа. Гэтэл өндөрлөг газар хямдралтай нүүрс тарааснаас үүд эн саяхан осол гарсан. Тодруулбал, нүүрс түгээж байсан портер автомашин гулгаж ойрол­цоо байсан эмэгтэйг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан. -Жолооч нар хуурамч ду­гаараар замын хөдөл­гөөнд оролцдог. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна? -Улсын дугаарын зөрчил гар­саар байгаа. Жолооч нар дугаарыг засч янзлан стандартыг нь өөрч­лөх тохиолдол цөөнгүй гарч байна. Тухайлбал, 35-55 УБЯ гэсэн дугаарыг 96-37 УБЯ болгон засч янзалсан байсан. Энэ мэт зөрчил гаргасан жолооч нарт захиргааны арга хэмжээ авч байгаа. Л.Алтанхишиг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ