
УИХ энэ сарын 8-нд “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай” хуулийг хэлэлцэн баталсан. Энэхүү хуулиар 2013 оноос шинээр бий болж буй орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэл хотод 41,5 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлэг олгохоор баталжээ. Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн боловсрол, соёл, биеийн тамир, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний зардлыг улсын төсвийн тусгай шилжүүлгээр орон нутаг санхүүжүүлдэг болсонтой холбогдуулан 223,7 тэрбум төгрөг дээрх зардлуудад зарцуулагдахаар батлагдсан байна.
Мөн нийслэл хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 248,0 тэрбум төгрөгийн 146 төсөл, арга хэмжээ, гадаадын зээлийн эх үүсвэрээс 44,5 тэрбум төгрөгийн 4 томоохон хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр хуульчилан батлагдсан байна. Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд 248,0 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсаныг салбарын хувьд багцалж үзвэл хот байгуулалт, дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулахад 28,8 хувь, авто зам, нийтийн тээврийн салбарт 37,6 хувь, боловсролын салбарт 12,4 хувь, эрүүл мэндийн салбарт 3,8 хувь, төрийн үйлчилгээг сайжруулахад 3,5 хувь, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажилд 7,0 хувь, соёл, спортын салбарт 6,9 хувийг тус тус зарцуулахаар тооцоо гарчээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллыг барилгажуулах, орон сууцны шинэ хороолол барих бэлтгэлийг хангах зорилгоор дулаан цахилгааны станцуудын шинэчлэлтийн ажил, цахилгааны “Их тойруу”, "Сонгино", "Их тойрог", "Баянгол" хорооллын дэд станцууд, ЦДАШ-уудыг барьж байгуулах ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Мөн цэвэр, бохир усны гол шугамуудыг өргөтгөн шинэчлэх, гэр хороололд бага оврын цэвэрлэх байгууламжуудыг барих ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Улаанбаатар хотын гэр хорооллын гэрэлгүй айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналттай айл өрхийн цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулахад 4,0 тэрбум төгрөгийг зарцуулах юм байна. 2013 онд нийслэлийн авто замын салбарт улсын төсвөөс 93,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 75,5 км авто замыг өргөтгөн шинэчлэх буюу шинээр барьж эхлүүлэхээр байгаа юм байна. Дээрхи хөрөнгөөр Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто зам, Зүүн салааны 3.6 км авто зам, Туул жин пангийн уулзвараас зүүн тийш-Цайз зах хүртэлх 2.8 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Бэлхийн 5 км авто замын шинэчлэл, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам, 39-р сургуулийн зүүн урд талын уулзвараас Хүчит шонхор зах-эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Баянбүрдийн тойргоос 32 тойрог хүртэлх 1.7 авто замын шинэчлэлт, МТ-ын ШТС-ийн уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн 224 у/м гүүрийн өргөтгел шинэчлэлтийг хийхээр тооцжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 онд 9,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 100 ортой барилга, Хан-Уул дүүрэгт баригдах 300 ортой төрөх эмнэлэгийн барилга, Хонхор тосгоны 10 ортой эмнэлгийн барилга зэрэг эмчилгээ, үйлчилгээний стандарт, шаардлага хангасан зориулалтын барилгууд баригдаж нийслэлийн хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх, эмнэлэгийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжтэй, шуурхай болгох нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа гэв.
Харин Нийслэлийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2013 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 30,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 1075 ор бүхий 11 цэцэрлэгийн барилга, 6300 суудал бүхий 9 сургууль, 4 спорт заалны барилга баригдах юм. Дээрхи хөрөнгө оруулалтын үр дүнд боловсролын хүртээмж, сургалтын орчин сайжирч, бага насны хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд хүмүүжих нөхцөл хангагдана гэж тооцсон байна. Мөн нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдараа чийрэгжүүлэх 5 спорт цогцолборын барилгыг Сүхбаатар, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдэд барихаар төлөвлөжээ.
Харин нийслэлийн орон нутгийн төсвийн талаар товч мэдээлэхэд, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулиар нийслэлийн 2013 оны төсвийн орлогын хэмжээг 358,3 тэрбум төгрөгөөр, суурь урсгал зардлыг 166,5 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтад 188,2 тэрбум төгрөг зарцуулагдахаар баталсан байна. Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн боловсрол, соёл, биеийн тамир, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний зардлыг улсын төсвийн тусгай шилжүүлгээр орон нутаг санхүүжүүлдэг болсонтой холбогдуулан 223,7 тэрбум төгрөг дээрх зардлуудад зарцуулагдахаар батлагджээ. Мөн нийслэл хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 248,0 тэрбум төгрөгийн 146 төсөл, арга хэмжээ, гадаадын зээлийн эх үүсвэрээс 44,5 тэрбум төгрөгийн 4 томоохон хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр хуульчилан батлагдсан байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2013 оны зорилттой нягт уялдуулан, нийслэлийн иргэдийн эрэлтэнд тулгуурлан боловсруулж байгаа юм байна.
Нийслэлийн 2013 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний бэлтгэл хангах зорилгоор нийслэлийн 2012 оны төсвөөс 10,0 тэрбум төгрөг зарцуулж шинээр баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлэг, авто зам, инженерийн шугам сүлжээний ажлуудын зураг төсвийг боловсруулж байна. Шинээр батлагдан гарсан төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2013 он нь төсвийн бодлогын ил тод байдал, шинэчлэл, хариуцлагын тогтолцоо болон төрийн захиргааны анхан шатны нэгж, байгууллага дүүргүүдийн эрх хэмжээг нэмэгдүүлэхэд ахиц өөрчлөлт гарсан төсвийн шинэчлэлийн жил байх болно. Төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгож буй 41,5 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлгийн 60 хувь нь дүүргүүдийн хөгжлийн санд шилжиж, 40 хувь буюу 16,6 тэрбум төгрөг нь нийслэлийн хөгжлийн санд үлдэж, иргэдийн саналыг үндэслэж дээрх хөрөнгийг хэрхэн зарцуулахыг шийдвэрлэх болно гэж Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Улаанбаатар хотын 2013 оны төсвийн төслийг нийслэлийн иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлсэн бөгөөд, харъяа газар, хэлтэс, дүүргүүдээс ирсэн саналуудыг тусгаж НИТХ-аар хэлэлцүүлэн батлах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ