Хууль батлуулах нь гол зорилго байх ёстой гэв
Хэлмэгдэгсэд тэдгээрийн үр хүүхдэд тэтгэмж үзүүлэх тухай хуулийн төсөлд саналаа тусгуулах, хэлэлцэж буй асуудлаар өөрсдийн байр суур, санаа бодлоо илэрхийлэхээр цагаатгал болон хүний эрхийн төрийн болон төрийн бус байгууллага, хэлмэгдэгсдийн төлөөлөл өнөөдөр хамт цугларлаа. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос санаачлан зохион байгуулсан ийнхүү хэлэлцүүлэгт оролцогсод “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай “ хуулийн хэрэгжилт, хэлмэгдэгсдээс тавьж буй санал хүсэлт, хэлмэгдүүлэлт эхлэх болсон нөхцөл, шалтгаан, түүний үр дагаврыг арилгах, хэлмэгдүүлэлтийг дахин давтаж гаргуулахгүй байх, ялангуяа хэлмэгдэгсэд болон тэдний үр хүүхдэд учруулсан эд материалын болон сэтгэл санааны хохирлыг хэрхэн барагдуулах талаар ярилцлаа. УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нийгмийн асуудлын талаар монголын төр, засаг, Улсын комисс олон чухал арга хэмжээ авсныг дурьдаад гэвч хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдөөс тавьсан нийгмийн асуудалтай холбоотой санал гомдлууд тэр бүр ажил хэрэг болж хэрэгжиж чадаагүйг тэмдэглэв. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн амьд сэрүүн байгаа иргэд , нас барсан, цаазлагдсан хэлмэгдэгсдийн эхнэр , хүүхдүүдэд одоо өгч байгаа нөхөх олговрын хэмжээ, тэтгэврийг тус тус нэмэгдүүлэх, жил бүр мөнгөн тэтгэмж авах, гэр, орон сууц авах, хураагдсан эд хөрөнгөө нөхөн төлүүлэх асуудлаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт оруулах тухай санал хүсэлт олноор ирсээр байгаа тухай Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэн танилцуулав. Мөн хэлэлцүүлэгт оролцсон Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн Холбооны тэргүүн Д.Цогтбаатар илтгэлдээ, хэлмэгдүүлэлт эхлэх болсон нөхцөл шалтгаан, эрх зүйн баримт бичгүүд, цагаатгалын ажлын явцад үнэлэлт дүгнэлт өглөө. Тэрээр цагаатгалын ажил эрчимтэй явагдахгүй байгаа ба түүнийг хэрэгжүүлж буй арга барилыг шүүмжлэхийн сацуу цагаатгалын ажилд мониторинг хийх шаардлагатай байгаа тухай ярив. Цагаатгал бол түүхийг ил, үнэн бодитой болгоход орших бөгөөд цаашид цагаатгалын ажлыг шинэ шатанд гаргах нь чухал байгааг холбооны тэргүүн онцоллоо. Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны нийслэлийн салбар зөвлөлийн дарга Д.Дашдаваа хэлэлцүүлэгт оролцогсдын анхаарлыг их хэлмэгдүүлэлтийн хохирлыг хэрхэн барагдуулах асуудалд хандуулав. Мөнгөн тэтгэлгийг нийт хэлмэгдэгсдэд хавтгааруулахгүй, ялгавартай, зэрэглэл тогтоож олгох саналыг тэрээр дэвшүүлээд хэлмэгдэгсдэд хохирлыг барагдуулах хуулийг батлуулах нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын гол зорилго байх ёстойг цохон хэллээ. Ийнхүү хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, хүсэлтийг нягтлан авч, хуулийн төслийн талаар нэгдсэн дүгнэлт гаргана гэж Комиссын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ