Баатарлаг нисгэгч нарыг польшчууд алджээ
Өчигдөр Польшийн нийслэл Варшав хотноо АНУ-ын Нью Жерсигийн Ньюарк хотоос тус улсыг зорин ниссэн Боинг 767 онгоц ослын буулт хийж элгээрээ амжилттай газардсан тухай бид мэдээлсэн.
Буулт хийхийн өмнө онгоцны дугуйнд гэмтэл гарч буулгах боломжгүй болсон тул ийнхүү ослын буулт хийсэн аж.
Нэг ч хүн бэртэж гэмтээгүй бөгөөд чадварлаг онгоцны нисгэгчдийг шагнахыг олон хүмүүс Польшийн засгийн газраас шаардаж байгаа гэнэ.
Үүнтэй холбогдуулан Польшийн ерөнхийлөгч улсынхаа өмнөөс баярлаж талархаж буйгаа илэрхийлсэн цахилгаан утас нисгэгч нарт илгээсэн гэнэ. Польшийн хэвлэл мэдээллийнхэн тэр аяараа гайхамшигт нисгэгчдийг олж уулзахаар хайсан боловч тэдний нэг ч ярилцлага, гэрэл зургийг авч чадалгүй алдсан гэнэ. Үүндээ ч Польшчууд тун дурамжхан байгаа аж. Нисгэгчид тусгай онгоцоор аль хэдийнэ Варшаваас нисэн одсон байжээ.
Онгоц газардахын өмнө агаарт бүх шатахуунаа цацсан бөгөөд энэ нь газардах үеэр дэлбэрэлт болохоос сэргийлсэн алхам байсан аж.
Зорчигчдын зарим нь ослын буулт хийж байгааг ч эхэн үедээ анзаараагүй шахам байсан гэнэ.
Тус онгоцонд сууж явсан 230 зорчигчтой хийсэн ярилцлага сэлт тэдний нисгэгчдэд баярлаж талархсан үгтэй нийтлэлүүд Польшийн хэвлэлийг дүүргэж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ