Цахим хуудсуудад цензур тогтооё

Энэ нь шинээр гарч ирж буй цахим хуудсуудыг хаан боогдуулах, хавчин дарах гэсэн оролдлого хэрхэвч биш гэдгийг ойлгоорой. Хамгийн гол нь шинээр байгуулагдах цахим хуудас, одоо үйл ажиллагаа явуулж буй сайтуудад тодорхой цензур хэрэгтэй болжээ. Үнэхээр хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт өрсөлдөхөөр орж ирж буй бол боловсон хүчин, мэргэжлийн баг талаас нь авч үзмээр байна. Телевиз сонин байгуулахад холбогдох байгууллагаас зөвшөөрөл авдаг шиг, сайтын үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой хуулийн этгээдэд ч тийм цензур тавимаар байна. Одоо үйл ажиллагаа явуулж буй сайтуудыг шинээр бүртгэх ч шаардлага байгаа юм.
Манайд цөөн тооны тоож болохоор мэдээллийн сайтууд байна. News.mn Olloo.mn, Gogo.mn, Shuud.mn болон сүүлд нээгдсэн Time.mn, 24tsag.mn, Chuhal.mn гэх зэрэг. Энэ дотроо мэдээллийн бааз суурь, боловсон хүчин, олон нийтэд чанартай мэдээлэл олгодгоороо News.mn толгой цохиж буйг хэвлэлийнхэн төдийгүй, уншигчид мэднэ. Цахим сэтгүүл зүй, сайт гэхээр дан ганц сэтгүүлчдийн баг ч биш юм. Мэдээлэл технологийн бүхэл бүтэн баг ажиллах шаардлагатай болдог. Тэгж байж сайтын үйл ажиллагаа доголдолгүй, сайн ажиллах боломжоор хангагддаг. Тийм учраас сэтгүүлч, мэдээлэл технологийн хосолсон багтай, боловсон хүчинтэй байх гээд олон талаас нь хардаг, үйл ажиллагаа явуулахад нь анхаарал хандуулж хяналт шалгалт хийдэг баймаар байна. Өнөөдөр манайд хэн дуртай нь хэвлэлийн салбарт сайт байгуулдаг, домайн нэр авдаг үзэгдлийг халах шаардлагатай болжээ. Хааж, боолоо, хэвлэлийн эрх чөлөөнд халдлаа гэх ташаа мэдээлэл, санаатайгаар явуулж буй үзэгдэл ажиглагдана лээ. Оюуны өмч, бусдын бүтээлийг хуулбарласных нь төлөө үйл ажиллагааг нь зогсоох нэг хэрэг, хэвлэлийн эрх чөлөөнд нь халдана гэдэг тэс өөр ойлголт юм. Сонин, сэтгүүлийн хүчтэй, чанартай нь байр сууриа эзэлж, муу нь зах зээлээс арчигддаг бол, цахим хуудсуудын хувьд тийм биш байх талтай аж. Сонинууд нэгэн зэрэг хэвлэлтэнд гардаг гэдэг утгаараа биесээсээ хуулах үзэгдэл байхгүй. Харин сайтын хувьд хэдхэн секундын өмнө гарсан мэдээллийг хуулаад тавьчихдаг. Тэгээд ч хөрөнгө мөнгө бага зарцуулдаг тул нэг, хоёр хүн цахим хуудас ажиллуулж амиа зогоож, хэвлэлийн үнэ цэнийг унагаадаг нь бусад хэвлэлийн салбараас онцлогтой юм байна. Олон байснаараа уг нь өрсөлдөх, мэдээллийг түргэн шуурхай хүргэх, уншигч олон мэдээллийг нэг өнцгөөс бус олон талаас нь харах сайн талтай. Цахим хуудсуудын хувьд шударга өрсөлдөнө гэдэг нь тун төвөгтэй ажээ. Тийм учраас цахим хуудсуудад хяналт, ёс зүйтэй ажиллах, тооноос чанарт шилжих цаг ирснийг онцлох байна. Бие биесээ мөлждөг, сэтгүүлзүйн нэр хүндийг унагах нь сэтгүүлчид, хэвлэлийн салбарынхан бидэнд л муу нөлөөтэй. Шинэ тутам хөгжиж буй цахим сэтгүүл зүй үнэ цэнээ алдана. Үүнийг сэтгүүлчид бид өөрсдөө таслан зогсоох учиртай. Т.АМУР Оллоо.мн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ