Хайраа өгөгчид цуглажээ
Эх хүн гэдэг төрүүлсэн үрийнхээ төлөө л амьдардаг нь хорвоогийн жам. Хэчнээн сайхан ажилтай, сайхан мөрөөдөлтэй байсан хамаагүй хүүхдэд нь ээжүүдийн тусламж хэрэгтэй гэвэл тэд бүхнээ зориулахад хэзээд бэлэн байдаг. Тиймдээ ч энэ орчлонгийн хамгийн агуу зүйл бол эхийн хайр юм. Үр хүүхдүүдийнхээ төлөө өөрийгөө золиослосон ээжүүдэд зориулсан буянтай нэгэн үйл явдал өчигдөр боллоо. Монголын эмэгтэйчүүдийн сан жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-30-ны хооронд Олон улсын филантропи өдрүүдийг “Давхар бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг чадавхижуулахад туслаж хандив өргөцгөөе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг аж. Филантропи гэдэг нь грекээс гаралтай үг бөгөөд хайраа өгөх гэдэг утгатай гэнэ. Хайраа өгөгчдийн өдрийг дэлхийн 125 оронд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд хүнлэг сэтгэлийг сурталчлах, хүний хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө хандив өргөх, чин сэтгэлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх зэргээр сайн үйлсийн аянг зохион байгуулдаг. Тус сангийнхан өчигдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ээжүүдэд хандив халуун сэтгэлийн гараа сунгах хандивлагч нарын уулзалтыг “Тэнгэрийн цаг” компанийн байранд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Монголын эмэгтэйчүүдийн сангийн тэргүүн Ш.Цэвэлмаа (Монгол Улсын анхны тэргүүн хатагтай), сангийн тэргүүн Н.Чинчулуун, удирдах зөвлөлийн гишүүн зохиолч Б.Шүүдэрцэцэг, “Батбайгаль” ХХК-ийн захирал С.Байгалмаа, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ болон бусад хандивлагч байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр нийгмийн сайн сайхны төлөө хандив өргөсөн хандивлагчдаа алдаршуулсан. 2012 оны “Онцлох хандивлагч”-аар уран хатгамалч Ч.Энхтуяа, “Шилдэг хандивлагч”-аар МОНЭС-ийн удирдах зөвлөлийн гишүүн”, “Батбайгаль” ХХК-ийн захирал С.Байгальмаа, “Эмэгтэйчүүдийн хөгжил дэвшлийн төлөө Хандивлагч байгууллага”-аар “Максам” ХХК тус тус шалгарав. МОНЭС-ийн тэргүүн Ш.Цэвэлмаа "Манай сан энэ жил өвчтэй хүүхдээ асарч байгаа эхчүүдэд сэтгэл санааны дэм өгч, дэмжиж туслахаар шийдсэн. Хүнд хүүхдээс илүү эрхэм нандин хүн байхгүй. Хүүхэд гэдэг харах нүдний цөцгий, хайрлах зүрхний тольт, хавтгай ясны тасархай, халуун зүрхний ундраа гэж ном сударт тэмдэглэн үлдсэн байдаг. Хүүхэд гэдэг эцэг эхийгээ баясгадаг хөөрхөн амьтан. Гэвч ертөнцийн жамаар зарим хүүхэд хэзээ ч эдгэшгүй өвчтэй, согогтой төрөх тохиолдол гардаг. Ийм гунигтай тохиолдолд эцэг эхчүүд сэтгэлийн гүн дарамттай байдаг. Хүмүүс тэднээс хүүхэд нь ямар байгааг л асуудаг болохоос чи ядарч байна уу, хэцүү байна уу гэж асуудаггүй. Тиймээс тэдэнд бага ч гэсэн сэтгэлийн дэм өгч зоригжуулья хэмээн энэ удаагийн хандивын арга хэмжээг зохион байгуулж байна.” Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбооны тэргүүн С.Сэлэнгэ “Монгол улсын хэмжээнд нийт 36 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа гэсэн судалгаа байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй байна гэдэг хэцүү л дээ. Тэдэнд зайлшгүй тусламж, дэмжлэг, сэтгэлийн дэм дутагдаж байдаг. Энэ удаагийн хандивлагчдын мөнгөөр хөгжлийн хавсарсан бэрхшээлтэй хүүхэдтэй, ганц бие, өрх толгойлсон ээжүүдэд туслах гэж байна. Хавсарсан хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхэд гэдэг нь хэл ам, тархины, нурууны саажилттай байдаг. Харамсалтай нь ийм хүнд өвчтэй төрөхөд аавууд маань энэ асуудлыг их амархан шийддэг. Тэдний сонголт нь салалт байдаг. Салалтаар энэ бүх асуудлыг шийддэг бол амархан л байх байсан. Гэтэл энэ бүх ачааг ээжүүд үүрч, ар гэр, ах дүү, аав ээждээ ачаа болон үлддэг. Хамгийн гол нь хийж бүтээх ид залуу халуун насандаа яваа ээжүүд маань хүсэл мөрөөдлөө орхиж, үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө золиослодог. Гэхдээ бүх аавууд салаад явчихдаггүй. Зарим нь харин ч энэ бүх хэцүү асуудлыг хамтдаа шийдэж, хүүхдийнхээ төлөө илүү их хичээдэг аавууд ч олон бий.” Энэ үеэр сонгогдсон долоон ээжийн тухай баримтат киног сонирхуулсан. Уг киног харж зогсоход нулимс өөрийн эрхгүй урсаад ирсэн. Учир нь эцэг эхчүүдийн хувьд үр хүүхдээ эрүүл саруул өсөж, торнин дэгж дэрвэж, том болохыг нь харна гэдэг хамгийн том жаргал байдаг. Гэтэл төрүүлсэн үр нь хүнд өвчтэй, насан туршдаа хүний анхаарал халамж шаардаж, хэзээ ч эгэл жирийн хүүхэд шиг болохгүй гэдэг асар харамсалтай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг өсгөнө гэдэг асар их тэвчээр, сэтгэлийн хат, уйгагүй хөдөлмөр шаарддаг юм байна. Эрүүл саруул хүүхэдтэй эцэг эхчүүд үр хүүхдээрээ бахархан тэднийхээ тухай бусдад ярьж омогшдог. Харин хүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд зөвхөн тэднийгээ насан туршид нь хооллож, ундалж, хажууд нь асарч, тойглодог ажээ. Хүүхдээ асрахын тулд эцэг эхийн хэн нэг нь ажил хөдөлмөр эрхлэх боломжоо алдан зөвхөн гэртээ суух сонголтыг хийдэг. Гэхдээ энэ сонголтыг ихэнхдээ ээжүүд л хийдэг аж. Тэд үр хүүхдээ байгаагаар нь хайрлаж, энхрийлж суухыг харахад бурхан жинхэн үнэнч хайрыг л тэдэнд өгөө юу гэлтэй харагдаж байсан юм. Энэхүү багахан хэмжээний баримтат киноны дараа хүрэлцэн ирсэн зочид хандив өргөж, дуудлага худалдаа зарлан Африкаас авчирсан чихрийн таваг, ширээний бүтээлэг, ном зэргийг 300-400 мянган төгрөгөөр тус тус худалдаалсан. Ийнхүү чин сэтгэлээсээ бусдад сайхан сэтгэлийн өглөг, хандиваа өгдөг филантропичууд нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ.














СЭТГЭГДЭЛ БИЧИХ