
Энэ оны дөчин долдугаар долоо хоногт дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдлуудаас тоймлон хүргэж байна. Өнгөрсөн долоо хоног палестинчуудын хувьд олон асуудлыг шийдвэрлэж чадсан, үйл явдал арвинтай болж өнгөрсөн. НҮБ Палестиныг ажиглагч гишүүн орноо болгон дэмжсэн нь тус улсын хувьд түүхэнд тэмдэглэхүйц шийдвэр байлаа. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн халуухан үйл явдлуудад Египетийн бослого хөдөлгөөнийг нэрлэж байна. Эдгээр болон бусад үйл явдлын тоймыг эхээс уншина уу...
Палестин дэмжигдэв
Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт НҮБ-ын ерөнхий Ассамблей хуралдаж Палестиныг НҮБ-ын ажиглагч гишүүн орон байх асуудлыг хэлэлцэн дэмжсэн юм. Санал хураалт Израиль, Канад, АНУ зэрэг 10 гаруй орны эсэргүүцэлтэй тулгарсан ч дэмжигдэж чадсан. Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас санал дэмжигдсэний дараа Ерөнхий Ассамблейн хурал дээр “Израйль Палестин хоёрын газар нутаг болон бие даасан улсын асуудлыг шийдвэрлэхэд томоохон алхам боллоо” хэмээн хэлсэн юм. Ерөнхий Ассамблейн 193 гишүүн орноос 138 орон, 41 үндэстэн Палестиныг улс гэж хэдийнэ хүлээн зөвшөөрсөн нь ийнхүү санал дэмжигдэх гол хөшүүрэг болсон юм. Гэхдээ ажиглагчийн статустайгаар л НҮБ-ын үйл ажиллагаанд оролцоно гэсэн үг.
Энэхүү санал хураалтын дүнд гарсан баримт бичигт Палестин-Израилийн хэлэлцээг нэн даруй сэргээхийн чухлыг тодотгосон юм. Мөн “1967 оноос өмнө байсан хил хязгаарын хүрээнд Израильтай энх тайван, аюулгүй байдалд хаяа дэрлэн аж төрж байгаа тусгаар тогтносон бүрэн эрхт, ардчилсан, бүрэн бүтэн улс” байгуулах нь уг хэлэлцээний үр дүн болох ёстой аж.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Палестины ерөнхийлөгч, чөлөөлөх байгууллагын удирдагч агсан Ясир Арафатын шарилд дахин шинжилгээ хийхээр бунхнаас нь гаргаж дээж авсан. Ясир Арафат 2004 оны арваннэгдүгээр сарын 11-нд 75 насандаа Парисын Перси цэргийн эмнэлэгт таалал төгссөн. Харин түүний үхлийн шалтгаан өнөө хэр тодорхойгүй байсаар байгаа. Францын эмч нар Арафатыг цус харвалтын улмаас дотуур цус алдаж нас барсан хэмээн оношилсон байдаг бол ойр дотныхон нь түүнийг Израйлийн тусгай албаныхан хөнөөсөн гэж сэжиглэсээр байгаа, чухам аль нь бодит үнэн болохыг хараахан тогтоогоогүй энэ асуудлыг шийдвэрлэхээр энэ шинжилгээг хийж байна. Ясир Арафатын цогцсоос энэ удаад Франц, Швейцарь, ОХУ-ын бие даасан шинжээчид дээж авч, шинжилгээ хийсэн. Цогцост шинжилгээ хийсний дараа өдөртөө багтаан бунханд ёслол хүндэтгэлтэйгээр дахин оршуулсан юм.
Грек дахин тусламж авна
Евро бүсийн орнууд болон Олон улсын валютын сангийнхан Грекийн санхүүгийн байдал нэлээд хүндхэн байдалд орсон байгаа тухай болон тэдэнд яаралтай тусламж үзүүлэхгүй бол үүнээс ч дор байдалд орох эрсдэл өндөр байгаа хэмээн мэдэгдэж 43 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр болов. Европын холбооноос Грект үзүүлэх тусламжийн 11 тэрбум еврог бонд хэлбэрээр олгохоор төлөвлөжээ.
Европын төв банкны ерөнхийлөгч Марио Драхи “Европ болон Грект итгэж болно, эргээд сэхэхдээ санасныг бодвол хурдан байж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн юм. Европын холбооныхны гаргасан шийдвэрээр ирэх сараас Грекийн дэмжвэл зохих түвшнийхөнд тусламж үзүүлэхээр төлөвлөөд байна. Энэ тусламжийг Грек улс өнгөрсөн зургадугаар сараас эхлэн хүлээж байгаа билээ.
Энэ зуурт Европын холбоонд яригдаж буй бусад орнуудын эдийн засаг болон валютын нөөцийн асуудал анхаарал татаж байгаа юм. Энэ үед зөв алхам хийж ажиллаж чадвал мөнгөний асуудлыг богино хугацаанд нааштайгаар шийдвэрлэх боломжтой юм. Тиймээс нийгмийн аль ч түвшнийхэн байсан бага зэрэг бүсээ чангалж аль болох өртөг зардал өндөртэй байдлаас татгалзах хэрэгтэй болж байна.
Египетчүүд дахин ерөнхийлөгчийнхөө эсрэг
Египетийн ерөнхийлөгч Мухамед Мурсиг ерөнхийлөгчийн бүрэн эрхээ өргөжүүлэхтэй холбоотойгоор тус улсын ард иргэд дургүйцэн, эсэргүүцлээ илэхийлж жагсаал өрнүүлээд байгаа. Египетийн хамгийн анхны ардчилсан замаар сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурси хэмжээлшгүй эрхт хаан шиг эрх мэдэлтэй болохыг хүссэн нь ийнхүү ард иргэдийн дургүйцэлтэй тулгарахад хүрээд буй. Ард иргэд “Бид дахин дарангуйллын сүүдэрт амьдрахыг хүсэхгүй байна. Мухаммед Мурсиг бид Хосни Мубаракаас өөр хүн байгаасай гэсэндээ сонгосон, Египетийн ард түмэнд эрх чөлөө хэрэгтэй байна” хэмээн ярьж байгаа юм.
Харин үүний дараагаар үндсэн хуулинд өөрчлөлт оруулах санал гарган ард иргэдэд танилцуулсан ч мөн л ялгаагүй эсэргүүцэлтэй тулгарсан. Эх сурвалжуудын мэдээллээр Тахрирын талбайд 15 мянга гаруй хүн цугласан байна. Олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ Александр хотод ч мөн болжээ.
Олон улсаас Египетэд өрнөж буй хэрэг явдалд зовинож буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ тус орны удирдлагад хандан шинэ Үндсэн хуулийг батлахад яарсан шийдвэр гаргахгүй байхыг уриалжээ. Шинэ Үндсэн хуулийн эцсийн найруулгад ардчилсан эрх, иргэний чөлөөт байдлыг зааж өгнө хэмээн найдаж байгаа юм.
Барак Обама, Митт Ромни нар үдийн зоог барив
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Митт Ромни нар баасан гаригт Цагаан ордонд хувийн яриа өрнүүлж өдрийн зоог барьсан. Тэд сонгуулиас хойш уулзалдаж амжаагүй байсан учир Митт Ромни ерөнхийлөгч Барак Обамад ихээхэн хүндэтгэлтэй хандаж, ерөнхийлөгчид дахин сонгогдсонд нь баяр хүргэн, түүний кампанит ажил сайн байсныг дурдаад дараагийн дөрвөн жилийн ажилд нь амжилт хүссэн аж.
Тэдний үдийн зоогт барууны маягаар шарсан цагаан цацагт хяруулын амталсан мах, бусад амттан бүхий тансаг ширээ зассан байжээ.
Хоёр эрхэм хооллох үеэрээ “Дэлхийн Америк удирдагч” сэдвээр нэлээд нухацтай ярилцсан болохыг Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн. Ерөнхийлөгч Обама Митт Ромнид хандан “Манай улсын эдийн засгийг хүчтэй байлгахад тань шиг сайн эдийн засагч, бизнесмэнүүдийн оролцоо их үүрэг гүйцэтгэх учиртай. Тиймээс таны олж эзэмшсэн мэдлэг туршлага, чадварыг үнэлэн хамтран ажиллахад таатай байна” хэмээн хэлжээ.
Хиллари Клинтон ДОХ-ын эсрэг төсөл боловсруулжээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ДОХ-ын эсрэг тэмцэх өдрийг тохиолдуулан дэлхий нийтийг айдаст автуулах томоохон асуудлын нэг болоод буй ДОХ-ын вирусын усгах, тэрхүү өвчнөөр өвдөн шаналж байгаа олон хүмүүст зориулан шинээр хэрэгжүүлэх төсөл боловсруулж байгаагаа мэдэгдсэн. Энэхүү төсөл нь ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, олон нийтийн санаа бодлыг нэгэн ухагдахуунд чиглүүлэн мэдлэг олгоход чиглэж байгаа аж.
Төслийн нэгдүгээр шат “ДОХ-ын айдасгүй эрүүл үр удам” уриан дор хэрэгжүүлэх юм. Ингэснээрээ энэхүү аюулт өвчний тархалтыг зогсоох, 2008 оноос хойш эрчимтэй туршилт хийж байгаа ДОХ-ын эсрэг эм, тарилгыг гарган авахад нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж.
Хатагтай Клинтон төслийг “ДОХ-ын эсрэг тэмцэх тусламжийн төсөл” хэмээн нэрлэсэн байна. Тэрээр мөн ДОХ-ын эсрэг тэмцэх сангийн гишүүн болон элссэн тухайгаа хурлын үеэр цохон тэмдэглэжээ.
ДОХ-ын вирусээр өвчилсөн хүмүүсийн дундах судалгаагаар тэдгээр хүмүүсийн дийлэнх нь бэлгийн цөөнх буюу ижил хүйстэн эрчүүд болоод, трансжендэрүүд, бага насны хүүхэд эмэгтэйчүүд зонхилж байна. Сүүлийн зургаан жилийн дотор энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо даруй 25 хувиар нэмэгдсэн аж.
ДОХ-ын вирусийн халдвар дунд болон бага орлоготой орнуудын хүн амд илүү хурдацтай тархаж байгаа юм. Эдгээрээс Африкийн орнууд хамгийн аюултай түвшинд хүрсэн. Дэлхий нийтийн ДОХ-ын вирусээр өвчилсөн хүмүүсийн дийлэхийг нь 13-24 насныхан эзэлж байгаа нь бидний хойч үед нүүрлэж байгаа аюулын харанга болон дэлдэж байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ