
Төрийн өмчийн эмнэлгүүдийн эмч нар иргэдэд төлбөртэй үйлчилгээ үзүүдэг болсон. Гэтэл эмч нарын авч байгаа энэ мөнгө төсөвт төвлөрөх нь ховор байдаг байна. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүдэд иргэдийн зүгээс төвлөрч байгаа мөнгөний авдар цоож цуургагүй, хяналтгүй ил задгай байдаг гэх шүүмжлэлийг хяналтынхан дэвшүүллээ. Үүднээсээ эхлээд харьцаа муутай, өвчтөнгүүдээ загнадаг, аашилдаг харилцааны соёлоос эхлээд эмнэлгүүдийн алдаа ганц биш, зөрчил дутагдал дүүрэн байгаа нь баримтаар илрэв.
Мэргэжлийн эмчгүй мөн дээр нь мэс заслын тусламж, үйлчилгээтэй холбоотой хагалгааны хүндрэл болон хагалгааны дараахь нас баралт нэмэгдсэний дийлэнх хувь нь хагалгааны тактикийн, технологийн алдаа байдгийг хяналтынхан тогтоожээ. Мөн дээр нь алдаа гаргасан эмч нарт хариуцлага тооцох механизм байдаггүй, сануулсан төдий толгойг нь илээд өнгөрдөг байдлаас үүдэн нөмрөг зүүсэн эрлэгийн элч олон болоод байна уу гэсэн асуулт гарч байна.
Арга хэмжээ авахуулсан, алдаа дутагдал гаргасан эмч нарын бүртгэл огт хийгддэггүй учраас сайдын тушаал зөрчигдөж, эмч нарыг хянахгүй байгааг тодхон гэрчилнэ. Мөн дээр нь эмч нар төлбөртэй үйчилсний мөнгийг төсөвт биш өөрсдөдөө зарцуулдаг болох нь илрэх нь тэр. Шалгалтаар эмнэлгүүдэд тохирсон сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, эх барих эмэгтэйчүүд, нярайн мэргэжлийн эмч, эм зүйч, эм найруулагч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер гэх мэт ажлын байруудад хүний хүрэлцээ дутмаг гэсэн нийтлэг зөрчил илэрчээ. Эмнэлгүүдэд гардаг өвчний түүх бичилт зэрэг бичиг баримтын зөрчил ч багагүй илэрсэн байна. Хамгийн гол нь Нийслэлийн эрүүл мэндийн нэгдэл хугацаа нь дууссан эмийг хадгалж байсан ноцтой баримт бий.
Харин дүүргийн эмнэлгүүдэд барилга байгууламжийн хувьд Налайх эрүүл мэндийн нэгдэл, Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь, Хонхор зэрэг эмнэлгүүдийн хана, тааз нь зарим газраараа нурж, шалных нь завсар хөгцөрч, мөөгөнцөртсөн, хаалга, цонх нь гажсан, дээврээс нь ус гоождог зэрэг нь эрүүл ахуй болон халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулсан байна. Нийслэлийн дүүргүүдийн эмнэлгийн 60 барилгаас 17 нь 1970 онд ашиглалтад орсон бол 1954 онд Баянгол Эрүүл мэндийн нэгдлийн стационар, 1940 онд ЧЭМН-ийн амбулатори 2-ын барилга ашиглалтад оржээ. Тиймээс зөрчил илэрсэн байгууллагуудад улсын байцаагчдын хамтарсан албан шаардлагаар дутагдлаа арилгах талаар хугацаатай үүрэг өгчээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ