Аваргуудын лигийн 8 тоглолт боллоо

img

Өчигдөр шөнө Аваргуудын лигийн эхний дөрвөн хэсгийн найман тоглолт болж өнгөрлөө. А хэсэгт учраа таарсан Манчестер Сити испанийн Вильяреалыг 3:0-ээр хожиж ид хаваа гайхууллаа. Манчестер Сити Премьер лигтээ ч Аваргуудын лигд ч ид хүчирхэг тоглож байгаагаа дахин нотолж байна. Энэ тоглолтод Яя Тур дубль хийж, Балотелли нэг гоол нэмэрлэснээр тэд А хэсгийг 7 оноотой Байерны ард жагсаж байна. Байерн өчигдөр хэсэгтээ Наполитэй тааран тоглож 3:2-оор хожлыг авч чадсанаар 10 оноотой хэсэгтээ тэргүүлж яваа юм. Харин B хэсгийн дөрвөн багийн тоглолтод Интер Лиллег 2:1-ээр хожиж, ЦСКА Москва Трабзонспор хоёр гоолгүй тэнцсэн. C хэсэгт Манчестерийн улаан чөтгөрүүд Румыний аварга клуб Озелулыг 2:0-ээр хожиж тун хэрэгтэй оноогоо авч чадлаа. Энэ тоглолтод Рүүни, Валенсиа нар гоолдсон. Ингэснээр МанЮ 8 оноотой болж хэсэгтээ адилхан 8 оноотой Бенфикагийн дээр нэгдүгээрт бичигдэж эхэллээ. Харин Бенфика Бэйзелтэй 1:1-ээр тэнцсэнээр хэсэгтээ тэргүүлээ алдсан юм. D хэсэгт 4 тоглолтын дараа нэг ч гоол алдаагүй яваа Реал Мадрид Лионыг Криштиан Рональдугийн дублийн ачаар хожлоо. Ингэснээр 12 оноотой Реал Мадрид Аваргуудын лигийн дараагийн шатанд гарах нь тодорхой болж байгаа юм. Одоогийн байдлаар Барса Милан Реал клубүүд дараагийн шатанд үлдэх нь тодорхой болсон. Бусад хэсгүүдээс Байерн, Ман Сити, Интер, Челси, Арсенал, МанЮ, Аякс клубүүд хэсгээсээ гарах магадлал өндөр болоод байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ