Үнэт цаас гаргахыг дэмжлээ

img

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-лын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Арьс ширэн түүхий эдээр нэмэгдсэн өртөг шингэсэн, импортыг орлох, экспортын чиглэлийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор арьс ширийг дотооддоо гүйцэд боловсруулах, түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход 140.4 тэрбум төгрөг, арьс ширэн түүхий эдээ боловсруулах үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчны урамшуулалд 59.6 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаас гаргаж арилжаалах тухай тогтоолын төслийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга танилцууллаа.

Монгол Улсын хэмжээгээр арьс ширний үйлдвэрлэлийн салбарт том, жижиг нийлсэн 30 орчим арьс шир боловсруулах үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 180 гаруй үйлдвэр ажилладаг байна.

Манай улсад жилдээ бод, бог малын нийт 10.3 сая ширхэг арьс бэлтгэгддэгээс 25.8 хувийг нь үндэсний үйлдвэрлэгчид боловсруулж, үлдсэн 74.2 хувь нь түүхий болон анхан шатны боловсруулалт хийгдсэн байдлаар БНХАУ руу экспортлогддог байна.

Үүний нэг шалтгаан нь үндэсний үйлдвэрлэгчид түүхий эд бэлтгэлийн үеэр эргэлтийн хөрөнгийн дутагдалд орсноор түүхий эдээ хангалттай нөөцөлж чаддаггүй бөгөөд улмаар үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаа ашиглаж чадахгүй 5-6 сар сул зогсдог байна. Дээрх тогтоолын төсөл батлагдсанаар арьс ширний үйлдвэрлэлийн салбар 2014 он гэхэд бод малын арьс ширийг 100 хувь, хонины арьсыг 98.5 хувь, ямааны арьсыг 87.2 хувийг гүйцэд боловсруулан өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 15 мянган хүнийг ажлын байраар хангах боломжтой болох юм байна.

Сайдын танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Үүний дараа хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааны талаар Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлэл сонслоо. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы мэдээлснээр, Монголын хөрөнгийн бирж энэ оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар 143.6 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа, 309.7 сая төгрөгийн компанийн бондын арилжаа хийжээ. Арилжсан хувьцааны үнийн дүн өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 43.5 хувиар нэмэгдсэн байна.

УИХ-ын гишүүд 1990 оноос хойш хийгдсэн өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарынхаа үр шимийг хүртэж чадаагүй хохирсон иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа, стратегийн ач холбогдолтой орд газрын 10 хувийг Хөрөнгийн биржээр арилжаалах асуудал ямар шатанд яваа зэргийг сонирхож байлаа.

Д.Баярсайхан даргын хэлснээр Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаат компаниудад шалгалт хийн 166 компанийн асуудлыг цэгцэлсэн аж. Тэдгээр компанийн зарим нь хаалттай компани болсон гэлээ. Хувьцааны ногдол ашгаа өгдөггүй, хувь нийлүүлэгчдийн хурлаа хийдэггүй компаниудын арилжааг зогсоох арга хэмжээ эвчээ. Компанийн тухай шинэ хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлсний үр дүнд 80 гаруй компаний компанийн дүрмээ шинэчилсэн гэж мэдээллээ. Цэнхэр, ягаан тасалбарыг нь өөрт нь мэдэгдэлгүй арилжсан, хохироосон гэсэн гомдол байвал Санхүүгийн зохицуулах хороонд мэдээлэх хэрэгтэй гэж тэрбээр хэллээ. Хохирсон иргэдийн хувьцааны эрхийг сэргээх өргөдөл, гомдлыг цагдаа, хууль, шүүхэд хандах замаар шийдэж байгаа гэлээ.

Стратегийн ач холбогдолтой орд газруудын 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах тухай хуульчилсан бөгөөд “Багануур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэс таван толгой” компанид шаардлага тавьж байгаа гэж хариулсан юм.

Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан менежментийн гэрээний үр дүн хэр байгаа, хэдий хэмжээний мөнгө зарцуулаад байгааг Д.Ганбат гишүүн лавлав. ТӨХ Лондонгийн хөрөнгийн биржтэй менежментийн гэрээ байгуулсан бөгөөд уг төслийн өртөг 14.2 сая ам.доллар юм байна. Одоогийн байдлаар 5.2 сая ам.долларыг улсын төсвөөс өгөөд байгаа бөгөөд энэ жил 1.7 сая ам.долларыг банкнаас зээл авч төлөөд байгаа ажээ. Одоо үлдээд буй 8.7 сая ам.долларын эх үүсвэр нь төдийлөн тодорхойгүй байгаа юм байна.

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх ажлын явцын талаар асуух гишүүд байсан. Санхүүгийн зохицуулах хорооноос УБЕГ-тай мэдээлэл солилцсон аж. УБЕГ-аас шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2.7 сая  иргэний мэдээллийг хүлээн авч 536 ширхэг хувьцааг иргэн бүрийн нэр дээр эзэмшүүлэх бүртгэлийн ажлыг эхлүүлсэн байна. Дээрх иргэдээс 527.3 мянган нь төвлөрсөн хадгаламжид данстай болжээ. 1072 ширхэг хувьцаа эзэмших эрх бүхий 727,5 мянган иргэнд бичилт хийгдээд буй юм байна. Нэг сая төгрөгөө авах хүсэлтэй 1 сая 65 мянган иргэний болоод Татварын газраас 41.8 мянган аж ахуйн нэгжийн жагсаалтыг авчээ.

УИХ-ын гишүүд, тухайлбал Ц.Оюунгэрэл гишүүн, “Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, хувьцаа, эдийн засгийн байдлын талаарх мэдээллийг гадны уншигчид өдөр бүр шахам авч байна. Гадны хэвлэлээр байнга мэдээлж байна. Гэтэл манай иргэд энэ талаар мэдээлэл байдаггүйгээс болоод хохирч үлдэж байна. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооноос ард иргэдийн эзэмших ёстой хувьцаа болоод хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээллийг ойлгомжтой, цэгцтэй, байнга өгч баймаар байна. Мэдээлэлтэй нь хожоод, мэдээлэлгүй нь хохироод явж таарахгүй. Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийн мэдээллийг ард иргэдэд ойлгомжтой байдлаар байнга хүргэдэг сэтгүүлчдийг бэлтгэхэд ч анхаарах ёстой” хэмээн хэлсэн юм. Тус байнгын хорооны гишүүд иргэдэд мэдээлэл хүргэх асуудлыг анхаарах нь зүйтэй гэдэг дээрч санал нэг байлаа.

Г.Бүрэнжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ