Агентлагууд хэрхэн ажиллав

1.ШӨХТГ: О.Магнай магнайлахаар ажиллав
Иргэний хөдөлгөөний зохицуулагч О.Магнай ШӨХТГ-ын даргаар очсон нь нүдээ олсон томилгоо байсаныг ард түмэн ам уралдан ярьж байна. Тэрээр энэ газрын даргаар очсоноосоо хойш ажлыг нэг хийх шиг хийж, шийдэхийг ч нь шийдэж байгаа юм. Шатахуун импортлогчдод оногдуулсан 17 тэрбум төгрөгийг хүчингүй болгосон асуудлыг эргүүлэн тавьж, олгуулахаар шийдвэрлэв.
Сүү, жүүс үйлдвэрлэгчид шошго, найрлагаа үнэнээр бичдэггүй, цэвэр сүү, жүүс мэтээр бичдэг, хэрэглэгчдээ хуурдаг явдалыг таслан зогсоож шошгоо зөв гаргахыг үүрэг өгсөн нь мөн л олны талархлыг хүлээлээ.
Түүнчлэн Үүрэн телефоны операторууд ярианы үнийн тарифаа ирэх оны гуравдугаар сарын 1-нээс секунтээр боддог болгохоор болсон нь яахын аргагүй хэрэглэгчидийн төлөө хийсэн том ажлын нэг байв. Хамгийн сүүлд олны эрх ашигт нийцсэн шийдвэрүүдийн нэг нь Нарантуул, Хархорин захуудад ороход төлдөг 50 төгрөгийн хураамжийг байхгүй болгов. Энэ бүх ажлуудыг тэр санаачилж, хэрэгжүүлэх ажлыг багаараа хийснийг онцлох байна.
2.Оюуны өмчийн газар: Цахим оюуны хулгайтай тэмцэв
Оюуны өмчийн газар 100 хоногт үндэсний хэмжээнд мэдэгдэхүйц шинэчлэлт өөрчлөлтийг эхлүүлээгүй ч салбартаа томоохон ажлын эхлэлийг тавилаа. Чөлөөт сэтгүүл зүй, тэр дундаа цахим сэтгүүл зүйд чөдөр тушаа болсон оюуны хулгай, бусдын бүтээлийг хуулбарлан авах асуудлыг таслан зогсоох арга хэмжээ авсан нь энэ салбарынханы хувьд зөв зүйтэй шийдвэр гэж үзэж буй юм.
Бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлаж цахим хуудастаа тавьдаг, нийтэлдэг 10 гаруй сайтын үйл ажиллагааг зогсоосон нь олзуурхууштай явдал байлаа
3.ЦЭГ: Цөмийн технологийн зөрүүтэй ойлголтыг иргэдэд зөвөөр ойртуулав
Монгол Улсад цөмийн эрчим хүчний станц барих гэж байна, цөмийн хаягдал булшлах бололтой гэх зэргээр шүүмчлэлт өртдөг байсан Цөмийн энергийн газар шинэ бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлснээс хойш иргэдтэй ойр, олон нийтэд ил тод, мэдээллийг ойртуулсан гэж ойлгож болохоор байна.
Иргэд олон нийтийн дунд цөмийн энерги гэхээр л аюултай гэж ойлгодог байсан бол цөмийн технологийг өнөөдөр Шинжлэх ухааны бүхий л салбарт хэрэглэж байгааг мэргэжилтнүүд иргэдэд эхнээс нь ойлгуулж, ажлын онцлогоо тайлагнасан нь онцлох үйл явдалын нэг байлаа. Цөмийн энерги бидний ахуй амьдралд өргөн нэвтэрч, одоо өдөр тутмын энгийн хэрэглээ болсоныг олон нийтэд таниулж эхэлсэн нь энэ газар сайн дүн тавьж болох.
Цөмийн технологи нь малын халдварт өвчин, эмгэгийг анагаах, хортон шавжийг устгах, хөдөө аж ахуйд ургамлын гарцыг сайжруулах, гоо сайханы энгэсэг, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг Шинжлэх ухааны бүх салбарт өргөн хэрэглэгддэг гэдгийг олон нийтэд эерэгээр тайлбарласан юм. Өмнө нь мэдээлэл хаалттай, харилцаа холбоо тааруу байсан ЦЭГ-ын шинэ удирдлагууд хэвлэлийнхэнтэй ийнхүү нээлттэй, зөв ойлголт өгч эхэлсэн нь талархууштай юм. Үүнд ЦЭГ-ын шинэ удирдлага, дарга Н.Тэгбаярын мэргэжлийн хүний ур чадвар, мэдлэгэ нөлөөлсөн болов уу.
4.МТШХХГ: Орон нутагт интернетийн хурдыг гурав дахин бууруулав
Мэдээлэл технологи, шуудан харилцаа, холбооны газрын удирдлагууд нийтийн эрх ашигт нийцсэн таатай шийдвэр гаргасан нь талархал хүлээсэн юм. МТШХХГ аймгуудад интернетийн хурдыг гурав дахин нэмэгдүүлж төлбөрийг гурав дахин буулгах санаачлага гарган хэрэгжүүлж эхлэж буй билээ
5.НХҮЕГ: Хүүхдүүдэд мөнгө олгоно
Засгийн газар ирэх дөрвөн жилд халамж үйлчилгээний чиглэлд Хүүхдийн мөнгийг олгохоор болсон юм. Энэ нь Нийгмийн халамж үйлчилгааний газарт эерэгээр тусгалаа олж, хүүхдийн мөнгө олгох ажил хийгдэж эхлээд байна. Ирэх онд 60 тэрбум төгрөгийг хүүхэд бүрт олгоно.
Засгийн газар байгуулагдсанаас хойш ийнхүү зарим агентлагууд нүдэнд харагдахаар ажлууд хийж эхэлсэн бол зарим нь шүүмжлэлд өртөж буй агентлагууд ч байна.
Тааруу дүн тавих газар
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар
Зун, намрын турш нийслэлчүүд айдастай амьдарсан гэж хэлж болно. Барилгын аюулгүй ажиллагаа алдагдсан, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилчид хяналт муу байсанаас барилга дээр осол гарч хэд хэдэн залуу зуурдаар амиа алдав. Үүнд мэргэжлийн хяналтын байгууллагуудын удирдлага, ажил тааруу байгаа хэмээн шүүмжилсэн. Дарга, удирдлагуудыг нь ч хотын дарга өөрчлөөд авсан юм.
Өвлийн хүйтэн, зуны халуунд өргөсөн тангарагтаа үнэн ч зогсдог онцгойгийнхон сүүлийн үед шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Сэлэнгэд мөс цөмөрснөөс автомашинтай иргэд осолдож, мөсөн дээр үлдсэн ээж хүү хоёрыг онцгойгийнхон аварч чадаагүй явдал ажилд нь муу дүн тавихад хүрсэн юм. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын хэлтэсийн даргыг мөн л албан тушаалаас нь чөлөөлсөн.
Нөгөөтэйгүүр Онцгойгийнхонд мэргэжлийн тоног төхөөрөмж, аврах хантаац байдаггүй гээд бүх бурууг өгч болохгүй биз ээ.
Иргэдийн амьдралд хамгийн ойр байдаг шатахууны үнийн асуудлыг зохицуулж байх ёстой төрийн байгууллага бол Газрын тосны газар. Хэзээд л нэр муутай явж ирсэн энэ байгууллага хэд хоногийн өмнөх шатахууны үнийн өсөлтөд хориг арга хэмжээ авч чадаагүй. Харин ШӨХТГ илүүтэй дуугарч харагдсан юм.
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар
Хорих ангиудаас хоригдол оргосон, дарга нь хүмүүжигчээ зодсон гээд тааруухан мэдээлэл энэ газрын харьяа байгууллагуудад болж байв. Үүнтэй холбоотойгоор тус хэрэг гарсан хорих ангийн даргын цолыг бууруулсан сураг дуулдсан. Шинэ Засгийн газар байгуулагдсан ч удирдах бүрэлдэхүүнд нь хараахан өөрчлөлт ороогүй байгаа юм.
www.olloo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ