
Гаалийн төв лаборатори /ГТЛ/-ийн 15 жилийн ойд зориулсан "Гааль-Лабораторийн түншлэл 2011" сэдэв уулзалт зөвлөлгөөнийг ГЕГ-ийн байранд зохион байгууллаа. Монгол Улсын ГЕГ-ын даргын 1996 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 358 тоот тушаалаар Гаалийн лаборатори анх байгуулагджээ. Өнгөрсөн 15 жилд лабораторийн үйл ажиллагаа өргөжин тэлж, орчин үеийн өндөр бүтээмжит багаж төхөөрөмж ашиглан магадлан шинжилгээг шинжлэх ухааны үндэслэлтэй гүйцэтгэж гаалийн хяналт шалгалтанд лабораторийн гүйцэтгэх үүрэг жил ирэх тусах өсөн нэмэгдсээр байгаа юм.
Гаалийн төв лаборатори нь гаалийн тарифын ангиллыг тогтоох зорилгоор барааны дээжийг шинжилдэг бөгөөд 2003 оноос Азийн Хөгжлийн банкны зээл тусламжаар хормотограф-масс спектрометр, нил улаан туяаны спектрометр, IONSCAN 400B зэрэг орчин үеийн өндөр мэдрэмжтэй шинжилгээний багаж төхөөрөмжөөр тоноглогдсон юм. Гаалийн магадлан шинжилгээний ажлыг түргэн хугацаанд шинжилдэг тус лаборатори Стандарт хэмжил зүйн үндэсний төвийн итгэмжлэлийг 2003 онд авсан билээ. Гаалийн төв лаборатори газар, хороодоос ирүүлсэн барааны дээжид магадлан шинжилгээ хийж дүгнэлт гаргахын зэрэгцээ хууль хяналтын бусад байгууллагын хүсэлтээр мансууруулах бодис, химийн хорт бодист дүгнэлт гаргадаг.
Барааны ангиллын кодыг магадлан шинжилснээр татвараас зайлсхийх явдлаас сэргийлж, татварыг нөхөн төлүүлдэг. 2005 онд ноос, ноолуурын голч, уртыг тодорхойлох техник хэрэгслийг ашиглалтад оруулснаар энэ төрлийн шинжилгээг хийх чадвартай болсон нь бас нэг том ололт юм. Гаалийн төв лабораторийн салбар лабораторийг хилийн томоохон боомтуудад байгуулах шаардлага гарч байгаа бөгөөд шаардагдах боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, тоног хэрэгслээр хангах төслийг боловсруулж хэрэгжүүлж байна. Ингэснээр хил дээр хяналт шалгалтыншуурхайбайдал хангагдаж, худалдаа ихээр хөнгөвчлөгдөж байгаа юм. Тус лаборатори нь 2008 онд "Гаалийн тухай хууль" шинэчлэн батлагдсантай холбогдуулан гаалийн лабораторийн эрх бичиг баримтад өөрчлөлт оруулсан билээ. 2009 онд ГЕГ-аас "Шилдэг зохион байгуулалттай нэгж", Стандартчилал хэмжил зүйн газраас "Шилдэг менежменттэй лаборатори"-оор өргөмжлөгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ