Д.Дэмбэрэл: Өвөрхангайн тойргийн асуудлыг наймаалцаагүй

-Бүлэг байгуулах асуудлыг хуралдаанаар хэлэлцэв үү?
-Бүлэг байгуулах асуудлыг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар оруулах асуудлыг хэлэлцлээ. Маргаашийн чуулганы хуралдаанаар манай намын гишүүд бүлэгтэй болох асууудал орох байх гэдэгт тал талаасаа тохирсон гэж ойлгож байна. Бүлгээ байгуулахын тулд Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулах хэрэгтэй. Тэгэхээр маргааш хуралдаж бүлгийн асуудлыг оруулья гэсэн саналтай байгаа.
АН-ын зүгээс тодорхой байр сууриа илэрхийлсэн үү?
-УИх дахь АН-ын бүлгийнхэн МАН-ын гишүүд бүлэгтэй болох нь зүйтэй гэдэгт санал нэгдэж байна.
-МАН нам МАХН нэгдэнэ гэсэн яриа чих дэлсэж эхэллээ. Албан ёсоор энэ асуудлыг ярилцсан уу танай гишүүд?
-Манай нам МАХН нэгдэх асуудал бол намуудын том асуудал. Нэгдэнэ гэдэг нь намуудын хооронд томоохон яриа хэлцэл байх учиртай. Одоогоор хоёр намаа нэтгэж хамтарч ажиллана гэсэн яриа алга.
Увсын хоёр гишүүнийг эргүүлэн татна гэсэн мэдээлэлд ямар тайлбар өгөх вэ?
-Увсын гишүүдийн асуудал шүүхээр шийдэгдсэн гэж ойлгож байна.
-Засгийн газраас гаргасан бондын асуудлыг бүлгийн хурлаараа ярьсан уу?
-Засгийн газраас гаргасан бондод хяналт тавих асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн томоохон асуудал. Тийм учраас үүнд олон хяналт байх учиртай. Нэгдүгээрт, парламентын дотоод хяналт. Энэ нь УИХ-д цөөнхийн зүгээс тавих хяналт. Хоёрдугаарт, өөрийнх нь механизмын хяналт. Тодорхой хороод. Өөрөөр хэлбэл Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороод. Шаардлагатай бол дэд хороо байгуулж хянаж болно. Энэ бол парламентын дотоод хяналт. Түүнээс гадна гадаад хяналт байх ёстой. Мэргэжлийн байгууллагын, ард түмний, хэвлэл мэдээллийн байгууллага бондын асуудалд анхаарлаа хандуулж болно. Бондыг хамгийн үр ашигтай зүйлд зарах асуудал үр өгөөжөө түргэн өгөх нь зөв. Өрийн асуудалд даруй шийдвэрлэгдэж байхаар эдийн засгийн нарийн тооцоонд суурилж хийх нь чухал. Тийм зүйлгүй бол өрийн бичиг аюултай. Хувь хүнд ч аюултай. Баахан бичиг хийж өгчөөд болохгүй бол шүүхээр заргалдаад юмаа авчих гэж хэлээд өрийн бичиг хийгээд явж болно. Тэгэхээр улсад ч ялгаагүй. Төрд өөрт нь ирж байгаа томоохон өр. Төрийн нэрийг барьцаалж авч байгаа өр учраас тал талаасаа хяналттайгаар явуулах нь манай улсын эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй. Хэрэв энэ асуудалд унавал манай улсын хөгжил урагшаа биш эдийн засгийн хувьд бусдын барьцаанд орох аюултай. Тийм учраас болгоомжтой хийх ажил гэдэг нь ойлгогдож байгаа.
-Бондын хүү бодогдоод эхэлсэн байхад төслүүд нь бэлэн биш гэсэн шүүмжлэл гарч эхэллээ. Үүнийг та хэрхэн үзэж байна вэ?
-Өвлийн цагт төсөл хэрэгжүүлэхэд хэцүү. Хавар төслөө бэлэн болгочихоод авсан бол хүү нь бага төлөх байсан юм болов уу. Гэхдээ бололцоо их байна. Одоо авч байгаа бондыг Оюутолгойд оруулаад давхар хүү төлөхгүй байж болно. Засгийн газар бондыг нэн даруй зөв ашиглах асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол өдөрт 250-270 сая төгрөгийн хүү гэдэг том хүү. Хоёр өдөрт нэг цэцэрлэг. Гурван өдөрт нэг сургууль барих мөнгө хүүнд өгч байна гэсэн үг. Малаар ярьвал 27 мянган толгой мал. Аюултай хүү. Үүнийг хэлж зүгээр суух биш ажиллах ёстой.
-МАН-ын гишүүд бүлэггүй байж яаж хяналт тавих болж байна?
-Нэн тэргүүнд бүлгээ байгуулна. Бүлгээ байгуулах асуудалд хоёр талаасаа тохиролцож байгаа гэж ойлгож байна. Бүлэг байгуулагдах нь олон зүйлийн эргэлзээг тайлна. Шинэ оны өмнө парламентын маргаанаа шийдэх ёстой. Үүний дараа өөрийн тань хэлж буй эдийн засгийн асуудалд хяналт тавих асуудал гарч ирнэ.
-Таван гишүүн тангараг өргөх асуудлыг хүлээн авсан уу?
-Таван гишүүнийг хэсэгчилсэн байдлаар тангараг өргүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхээр маргаантай байгаа нэр дэвшигчдийн тангараг өргөх асуудлыг хойш нь тавина гэсэн үг. Энэ асуудлыг манай удирдлагууд АН-ын удирдалгуудтай ярилцсан байга.
-Өвөрхангайн тойргоос хоёр намаас нэг нэг гишүүнийг гаргана гэсэн яриа байна. Энэ хэр үндэслэлтэй юм бэ?
-Байж болно. Тийм санал дээр үед гарч л байсан.
-Наймаалцаж байгаа юм уу?
-Наймаа биш. Ер нь Үндсэн хуулийн дагуу ард түмний саналыг хүндэтгэх үүднээс хандаж байгаа гэж ойлгож байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ