
Онцгой байдлын ерөнхий газрын 2011 оны 514 дүгээр тушаалын дагуу Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүнийг 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн өвлийн улирлын хувцсанд шилжүүлсэн билээ.
Өвлийн улирлын хувцсанд шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн хүрээний анги, байгууллагын албан хаагчдын хувцасны нэгдсэн үзлэгийг Аврах тусгай ангийн жагсаалын талбайд, төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын албан хаагчдын хувцасны үзлэгийг тухайн харьяалах газар, хэлтэст явууллаа.
Нийслэлийн хүрээний анги, байгууллагад өвлийн улирлын хувцасны үзлэг явуулсан дүн, орон нутгаас ирүүлсэн мэдээг үндэслэн албаны хэмжээнд ерөнхий дүнг гаргалаа.
Төв, орон нутгийн анги, байгууллагын албан хаагчдын хувцасны үзлэгийг бие бүрэлдэхүүний ирц, хувцасны хангалт, гадаад үзэмж, жагсаалын жигдрэлтээр явууллаа.
Улсын хэмжээнд Онцгой байдлын албаны 2663 албан хаагч хувцасны үзлэгт хамрагдахаас 2221 албан хаагч хамрагдаж хувцасны үзлэгийн ирц 83,4 хувьтай байлаа.
Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагад хувцасны хангалт жигдэрсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн жилийн өвлийн хувцасны үзлэгтэй харьцуулахад зарим нэг албан хаагчийн савхин дээл богинодсон, үрчийсэн, индүүдлэггүй зэргийг эс тоочвол нийт бүрэлдэхүүний хувцасны гадаад үзэмж сайжирсан байна гэж жагсаалын үзлэгийг явуулсан салбар комиссоос дүгнэлээ.
Мөн зарим анги, байгууллагын офицер, ахлагч нарын жагсаалч ажиллагаа жигдрээгүй байсныг үндэслэн цаашид жагсаалын бэлтгэл, сургуулилтыг Онцгой байдлын нийт албан хаагчдад долоо хоногт нэг цагаас доошгүй хугацаагаар явуулж байх үүрэг чиглэлийг өгөөд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ