“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэхээр болов

img

Засгийн газар өчигдөрийн хуралдаанаар “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам. доллараар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Дүрмийн сангийн Оросын талд ногдох 125 сая ам. долларыг энэ онд багтаан Оросын талаас гаргуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад даалгалаа.

Харин дүрмийн санг нэмэгдүүлэхэд шаардлагатай монголын талын 125 сая ам. долларыг 2011 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосон байна. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн тээврийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор дүрмийн санг нь хоёр талын ижил хувийн оролцоотойгоор 250 сая ам. доллараар нэмэгдүүлэхийг хувь нийлүүлэгчид тохиролцжээ.

Хэдийгээр тээвэрлэсэн ачаа, зорчигчийн хэмжээ нэмэгдсэн ч “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг өөрийн хөрөнгөөр шаардлагатай техникийн шинэчлэлээ хийх боломжгүй байгаа юм. Нийгэмлэг сүүлийн 25 жилд техникийн дорвитой шинэчлэл хийгээгүй. Үүнээс болж хөдлөх бүрэлдэхүүний паркийн 65 хувь нь ашиглалтын хугацаа дууссан, 25 жилээс дээш ашиглаж байгаагаас гадна 400 км гаруй замд их засвар хийх шаардлагатай байна.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ