Сэм авгын эмгэнэл ба шинэ хиймэл дагуул

img

Өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтийн анхаарлыг татсан айдас түгшүүр төрүүлсэн хэрэг явдлууд дүүрэн болж өнгөрлөө. Нэн түрүүнд АНУ-ын бага сургуульд гарсан харгис аллагын хэрэг олны сэтгэлийг сэрд хийлгэсэн юм. 27 хүн амь насаа алдсаны 20 нь бага насны хүүхэд байсан бөгөөд энэ эмгэнэлт явдалд дэлхий нийтээрээ эмгэнэн гашуудаж байна.  Үүний дараагаар Хойд Солонгосын алсын зайн пуужин хөөргөсөн явдал байв. Ази номхон далайн онуудыг төдийгүй том гүрнүүдийг балмагдуулсан энэ хэрэг явдал  өнгөрсөн долоо хоногийн халуун сэдэв байсан юм. Нэг цаг үргэлжилсэн буун дуу Америкийн түүхэнд хамгийн их цус асгаруулсан хэргүүдийн нэг  өнгөрсөн бямба гаригт Коннектикут мужийн Ньютаун хотын "Сэнди Хук" сургуульд гарлаа. Коннектикутын бага сургуулийн багш эмэгтэйн хүү сургуульд буутай ирж, аллага үйлдэн 27 хүнийг хөнөөсөн нь бүх америкчууд төдийгүй дэлхий нийтийг хирдхийлгэсэн юм. Амь үрэгдсэн 20 хүүхдийн ихэнх нь таваас 10 насныхан байсан аж. Одоо зөвхөн  Америкт ч гэлтгүй дэлхийн олон улсуудад  амиа алдсан  хүүхдүүдийн дурсгалыг хүндтэтгэн улс орнуудын АНУ-ын элчин сайдын яамны гадаа хүмүүс эмгэнэл илэрхийлэн цэцэгс, зөөлөн тоглоом тавьж байна. Алуурчин 20 настай Адам Ланза гэгч залуу байжээ.  Гэмт хэрэгтэн өөрийгөө энэ бүхний дараа буудан хороосон юм. Түүнийг ийм хэрэг үйлдэх болсон шалтгааныг ганцаардал  болоод  аспергерийн синдром сэтгэцийн өвчтэй байсан хэмээн тайлбарлаж байна. Ланза сургуульд ирэхдээ Glock, Sig Sauer маркийн хоёр гар буу ба автомат винтовтай байсан бөгөөд зэвсгийг буудлага сонирхдог эх нь хууль дүрмийн дагуу худалдан авсан байв. Эмгэнэлт хэрэг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг энэ хэргийн талаар мэдээлэл хийхдээ нулимс дуслуулахад хүргэв. “Амь үрэгдэгсэд таваас арван насныхан. Би өөрөө эцэг хүн учраас түүнийг төсөөлөхөд бэрх байна. Сургуулиудад буудалцаан гаргасан хэрэг явдлыг бид цэглэх ёстой” гэж Барак Обама хэлжээ. АНУ-д зэвсгийг хориглохын төлөө тэмцэгчид тус орны нийгэмлэгт ихээхэн маргаантай байдаг энэ асуудлаар дахин маргаан өрнүүлж, Үндсэн хуулинд нэмэлт оруулан зэвсгийн ил наймааг  хориглохын төлөө шаардлагаа гаргалаа. Хэрэг явдалтайгаар холбогдуулан ойрын үед зэвсэг эзэмших журмыг чангалах талаар хэлэлцэгдэхгүй гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни  мэдээлжээ. АНУ-д дөрөв хоногийн гашуудал зарлагдан төрийн далбааг буулгаж байна. Мөн өнгөрсөн баасан гаригт Хятадын Хейнан аймгийн Шинпэн тосгоны нэгэн хувийн сургууль руу хутга барьсан этгээд дайран орж 22 хүүхдийн хутгалан гэмтээсэн хэрэг гарсан юм.  Одоогоор чухам ямар шалтгаанаар хүүхдүүд рүү хутга барин дайрсан  болоод,  хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар нарийн  тодорхой мэдээлэл өгөөгүй байна. цагдаа нар хэрэг үйлдсэн этгээдийг баривчилсан байна.  Хэрэгтэн этгээд 36 настай тус тосгоны оршин суугч ажээ. Шархадсан хүүхдүүд одоо тосгоны эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Умардынхны пуужин удаах айдсыг дагуулав Өнгөрсөн лхагва гаригт Хойд Солонгос орон нутгийн цагаар өглөөний 09:49 цагт хөөргөсөн алсын тусгалтай пуужингийн туршилтын харвалтыг хийсэн нь олон улсын анхаарлыг хандуулах чухал үйл явдал байлаа. Ёнхапын мэдээлснээр пуужингийн эхний хэсэг Өмнөд Солонгосын Хойд Желло дүүргийн нутаг Бёнсан-бандотай хил залгах Шар тэнгист унасан юм. Харин пуужин Японы Окинава арлын дээгүүр 10:01 цагт өнгөрсөн хэмээн мэдээлэв. Пуужин хөөргөсөн тухайд олон улс эсэргүүцсэн. Хамгийн түрүүнд эсэргүүцлийн мэдэгдэл хийсэн улс нь Япон. Тэд Хойд Солонгосын пуужин харвасан үйлдлийг олон улсын харьцааг хурцатгах үйлдэл хэмээн мэдэгдэж байна. АНУ ч энэ асуудалд сөрөг байр суурьнаас хандаж байгаа бөгөөд “Хойд Солонгосын энэ үйлдэл Ази тивийн хэмжээнд маш хурцадмал байдлыг үүсгэж орхив. Үүнийг олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд анхааралдаа авна гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгдсэн байна. Үүний дараагаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ээлжит бус хурлаа зарлаж НҮБ-ын хоригийг зөрчсөн энэ үйлдийнх нь төлөө зэмлэсэн юм. Харин АНУ-ын сансар судлалын хүрээлэн пүрэв гаригт Хойд Солонгосын хиймэл дагуул сансрын тойрог замд орж ирснийг баталсан юм. Ундны усны хомсдол нүүрлэсэн Индонез 180 бүлэг арлаас тогтох Индонез улсын өмнө тулгараад буй хамгийн том асуудал бол цэвэр усны нөөц,  гол мөрний усны бохирдол болоод байна. Тус улсын эрүүл ахуйн хяналтын газрынхан болоод байгаль орчны хамгаалалтын газрынхан чимээгүй үхэлд  хүргэх гол шалтгаан усны нөөцийн асуудал болж байгааг анхааруулжээ. Үүнийг саяхан гаргасан судалгаагаар нотлон хамгийн их гол мөрний бохирдолтой улсаар Индонез улсыг нэрлэжээ. Жава болон Жакарта хоёрын хооронд урсах гол руу хамгийн их хог нийлүүлэгддэг гэнэ. Гэтэл энэ голоос 15 сая хүн цэвэр усны хангамжаа авч байгаа аж. Ийм зэргийн бохир уснаас элдэв гэдэсний халдвар гарах магадлал хамгийн өндөр. Гэсэн хэдий ч усны бохирдол улам ихэссээр, тэндээс ундаалах  иргэдийн тоо нэмэгдсээр л байгааг анхааруулж байна. Мөн голын усын бохирдуулж байгаа өөр нэг томоохон шалтгаан нь үйлдвэрт ашигласан бохир усыг сайн шүүлгүйгээр голд цутгаж байгаа явдал. Бандун Башин хотын ойрлцоох гол тус хотын 1500 гаруй үйлдвэр өдөртөө л 280 тонн хорт бодис бүхий бохир ус нийлүүлж байгааа аж. Унданд хэрэглэх усыг л шүүхээс бус тариалангийн талбайн усалгаанд ямар ч шүүлтүүргүйгээр ашиглаж байгаа. Үүгээр дамжин хүнсний ногоо цагаан будаа зэрэгт хор шингэж хорт хавдрын өвчлөл нэмэгдэх  гол шалтгаан болж байна. Обама Сирийн сөрөг хүчний эвслийг хүлээн зөвшөөрөв АНУ албан ёсоор Сирийн сөрөг хүчний эвслийг хүлээн зөвшөөрч “Хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхтэй сөрөг хүчин” хэмээгээд Сирийн ард түмний байгуулсан эвсэл мөн хэмээн мэдэгдэв. Сөрөг хүчний тухайд АНУ-ын ерөнхийлөгч “Хангалттай олныг хамарсан, удаан хугацааны туршид ард иргэдийн төлөөлөл болж чадсан” гэж хэлсэн байна. Ерөнхийлөгч Обама энэ  зуурт “Дайн байлдааныг дэмжиж байгаа хэрэг биш, харин тэнд мартагдсан хүний эрх, эрх чөлөөний асуудлыг яаравчлан шийдвэрлэхийн тулд сөрөг хүчинг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ шийдвэр бол маш их хариуцлагын дор гаргасан  шийдвэр” хэмээн хэлсэн юм. Түүний энэ алхмыг Англи болон Европын холбоо шийдвэрлэх чухал  алхам болсон хэмээн мэдэгдсэн  аж. Өнгөрсөн 18 сарын турш 40 мянгай гаруй хүний амь насыг уландаа гишгэсэн ерөнхийлөгч Башар аль-Ассадын эсрэг сөрөг хүчнийг ийнхүү том гүрнүүд хүлээн зөвшөөрч эхэлж байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ