Н.Ариунболд: Нэр дэвшигчийн данснаас мөнгө тараасан нь тогтоогдвол түүнд өгсөн санал хүчингүй болно
Шүүхээр шийдэгдэж буй сонгуулийн маргаантай асуудлаар хуульч Н.Ариунболдтой ярилцлаа.
-Увс аймгийн сонгогчдод мөнгө тараасан гэх үндэслэлээр Баянгол дүүргийн шүүх хоёр хэргийг шийдсэн. МАН-аас Увс аймагт нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын сонгуулийн штабт ажилласан таван хүн тус бүрт 13 сая шахам төгрөгийн торгуулийн ял оноолоо. Шүүхийн энэ шийдвэр УИХ-ын гишүүдэд яаж нөлөөлөх бол? -УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 34, 35 дугаар зүйлээр сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгаатай холбоотой асуудлын зохицуулалтыг зааж өгсөн байдаг. Тодруулбал, сонгогчдод мөнгө, эд зүйл тараасан нь тухайн нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож УИХ-ын гишүүний түр үнэмлэх авснаас хойш тогтоогдвол түр үнэмлэхийг хүчингүйд тооцно гэж хуульд заасан. Өөрөөр хэлбэл, шүүхээр эцсийн шийдвэр гарвал Сонгуулийн тойргийн хороо мөнгө тараасан нэр дэвшигчийн түр үнэмлэхийг хүчингүй болгоно гэсэн үг. -Нэгэнт УИХ-ын гишүүний тангаргаа өргөчихсөн тохиолдолд түр үнэмлэхийг хүчингүй болгох тухай ярих гэж үү? -Сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд тойрогт сонгуулийн дүн гаргах, УИХ-ын гишүүнээр сонгогдогчийг бүртгэх асуудлыг зохицуулсан байдаг. Мөн хуулийн 46.3.6-д зааснаар саналын хуудас хэвлэгдсэний дараа энэ хуульд заасан үндэслэлээр нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан, эсхүл нэр дэвшигчийн нэрийг дэвшүүлсэн нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон тохиолдолд саналын хуудсанд уг нэр дэвшигчийг дэмжиж тэмдэглэсэн саналыг тооцдоггүй. Тэгэхээр Тойргийн хороо хуульд заасны дагуу сонгуулийн дүнгээ эргэж харна гэсэн үг. Шүүх шийдвэрээ гаргачихсан тохиолдолд тойргийн хороо санал хураалтын дүнг шинээр нэгтгэх хэрэг гарна. Нэр дэвшигчийн сонгуулийн штабт ажиллаж байсан нөхдүүд сонгогчдод мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд хуульд заасны дагуу дээрх процесс явагдахаас аргагүй. -МАН-аас нэр дэвшиж сонгогдсон хоёр гишүүн Увсын сонгогчдод мөнгө тараасан гэх хэргийн шүүх хурлын оролцогч биш. Гуравдагч этгээд эсвэл хариуцагчаар оролцоогүй бол тэр хэрэгт хамааралгүй юм биш үү? -Хэн гэм хийсэн нь шийтгэлээ хүлээгээд явна л даа. Шүүх хурлын үйл явцыг сайн мэдэхгүй байна. Үнэхээр тэр нөхдүүд өөрийнхөө мөнгийг тараачихсан юм уу. Эсвэл тухайн нэр дэвшигчээс авсан мөнгийг сонгогчдод тараасан уу гэдгийг шүүх ойлгомжтойгоор шийдсэн байх. Хэн нэг этгээдээр дамжуулж мөнгө тараасан, үүнийгээ хууль ёсны гэж бодож байсан боловч тэр нь хууль зөрчсөн үйлдэл болсон бол захиалагч нь буюу нэр дэвшигч өөрөө буруутай гэж үзэхээс аргагүй. Тиймээс ч Тойргийн хороо шийдвэрээ гаргана. -Увс аймагт болсон хэргийг Баянгол дүүргийн шүүх шүүж байгаа нь хар дагуулж байна? -Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нийслэлийн харьяалалтай учраас дүүргийн шүүх шийдсэн байх. Манайх холбооны биш нэгдсэн улс шүү дээ. Тиймээс хаана ч нэг л хууль үйлчилж, нэг л хуулийг дагана. Дүүргийн шүүхийн шийдвэр Увс аймагт үйлчлэхгүй байна гэж үгүй. Шүүхийн шийдвэрийг ямар нэг сонголтгүйгээр дагаж биелүүлэх учиртай. Дагаж биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан биелүүлдэг хуулийн зохицуулалттай. Түүнчлэн сонгуулийн асуудлыг шүүхээр шийдэж байгааг УИХ-ын зарим гишүүн, хуульчид буруутгаж байгаа. Бид хууль дээдэлдэг нийгэмд амьдарч байгаа. Хуульгүйгээр тухайн асуудлыг шийдэх боломж байхгүй. Хэрвээ мөнгө тарааж болдог, ухуулах байрыг хоёр, гурван мянгаар нь ажиллуулж болдог бол хуулиар яах билээ. Тийм бол хэн их мөнгө тараасан нь сонгогддог байж болно шүү дээ. Гэхдээ ингэж болохгүйг хуульчилсан учраас хуульд заасны дагуу явахаас аргагүй. -Шүүгдэгчид шүүх хурлын үеэр "Ухуулах байр ажиллуулах гэж айлуудтай гэрээ хийсэн" гэж мэдүүлж байсан. Хэдэн сонгогчийн дунд нэг ухуулах байр байна гэх мэтээр Сонгуулийн хуульд тодорхой заасан уу? -Хуулийг мэдээгүй, сонсоогүй, судлаагүй нь тухайн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй шүү дээ. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэдэг шүүхийн шийдвэр гарсан л бол хууль зөрчсөн л гэсэн үг. Хэрвээ шүүхийн шийдвэр буруу гэж үзвэл давж заалдах шатны шүүхэд хандах эрх нь байгаа. Хоёр, гурван мянган ухуулах байр ажиллуулсан гэж дүр эсгэсэн байдал гаргаж байж болно. Гэхдээ хүн юу ч гэж ярьж болно. Гагцхүү цаадах зорилго нь юу байсныг шүүх тогтоосон байх. Мэдээж ухуулагчийн тооноос илүү ухуулах байр байна гэж байхгүй шүү дээ. Прокурор яллахдаа, шүүх хэргийг шийдэхдээ ухуулах байр гэдэг нь дүр эсгэсэн байна, цаад зорилго нь өөр байжээ гэдгийг тогтоосон байх гэж бодож байна. Түүнээс хуульч хүний хувьд шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй. -Увсын сонгогчдод мөнгө тараасан гэх тэр хэрэгт нэхэмжлэгч болон хохирогч тал байгаагүй нь ямар учиртай бол? -Зарим гэмт хэрэг хохирогч шаарддаггүй. Тухайн тохиолдолд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж тооцогдож байгаа. Гэм бурууг нь зохих байгууллага тогтоогоод шүүхэд шилжүүлсэн гэсэн үг. -УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахад "Хууль зөрчвөл штабын ажилтан, төрийн албан хаагч Эрүүгийн хуулиар ял эдэлнэ" гэж манай сонин цөөнгүй мэдээлсэн. Гэтэл штабт ажилласан таван хүн ял сонсчихлоо. Шинэ хуулийн сурталчилгаа тааруу байв уу? -Хүн бүр бүх хуулийг мэдсэн байх боломжгүй. Гэхдээ тухайн харилцаанд орж байгаа гэдэг утгаараа штабт ажиллаж байгаа, нэр дэвшиж байгаа хүмүүс хуулиа зайлшгүй судалсан байх учиртай. Нэгэнт ухуулагчийн үнэмлэхээ авсан, штабт ажиллаж байгаа бол хуулийн зүйл заалтыг мэдээгүй, сонсоогүй гэх нь зохимжгүй. Мөн хуулийг мэдээгүй, үзээгүй нь хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дээр хэлсэн шүү дээ. Сонгуулийн хууль зөрчсөн л бол та хариуцлага хүлээнэ. -Дээрх таван хүнд холбогдох хоёр хэргийг Дээд шүүх хянаад шүүгдэгчдийг буруутай гэж үзлээ гэхэд Сонгуулийн ерөнхий хороо яах ёстой вэ. Шүүхийн шийдвэрийн дагуу хуралдаж, шийдвэрээ гаргах уу? -Нэр дэвшигчдийн штабт ажилласан хүмүүс гэрээ байгуулсан байх учиртай. Сонгогчдод тараасан мөнгө нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данснаас ч юм уу, аль нэг газраас гарсан байх. Хэрвээ тэр мөнгө нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансаар дамжсан, нэр дэвшигч сонгогчдод тараасан мөнгийг гаргасан бол хуулийн хариуцлага хүлээнэ. Энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо биш Тойргийн хороо шийднэ. -Увс аймгийн 15 дугаар тойргийн хороо татан буугдчихсан тохиолдолд яах вэ? -Тойргийн хорооны эрх залгамжлагч нь Сонгуулийн ерөнхий хороо болсон байх. Энэ тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо тойргийн хорооны нэрийн өмнөөс шийдвэрлэх бүрэн боломжтой. Хуульд зааснаар заавал тойргийн хороо асуудлыг шийдэх ёстой гэж үзвэл дахин шинээр байгуулж болно. Мөн хуульд заасны дагуу СЕХ-нд гомдлоо гаргаад асуудлыг шийдүүлэх бүрэн боломжтой. Ер нь яаж ийж байгаад гишүүний тангаргаа өргөчихвөл, ИТХ-ын гишүүн болчихвол... гэсэн хандлага байна. Эрх зүйт нийгэмд ийм байх боломжгүй. Гишүүн болохоос нь өмнө хуулийн байгууллага шалгахгүй бол өнгөрлөө гэсэн үг биш шүү дээ. Тиймээс хууль зөрчсөн л бол хуулийн хариуцлага хүлээх нь зүйд нийцнэ. -Шүүгдэгчид нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данснаас мөнгө авч сонгогчдод тараасан нь анхан шатны шүүхээр тогтоогдсон гэж ойлгож болох уу? -Би шүүх хуралд оролцоогүй учраас сайн мэдэхгүй байна. Тухайн этгээдүүд хоёр мянга гаруй айлд 200 орчим сая төгрөг тараасан гэж сонссон. Тэр их мөнгийг иргэн халааснаасаа гаргаад хэн нэгний төлөө явахгүй нь ойлгомжтой. Хэн нэг хүний захиалга, зөвшөөрлөөр хийсэн ажил. Тиймээс хэнээс ямар мөнгийг авч, ямар зориулалтаар ашигласан нь шүүхээр тогтоогдсон байх. -Дээрх таван хүнд холбогдох эрүүгийн хэргээс гадна Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нартай холбоотой хэргийг хэлэлцлээ. Шүүх Тойргийн хорооны шийдвэрийг хүчингүйд тооцсон. Энэ нь юу гэсэн үг вэ? -Сонгогчдод мөнгө тараасан эсэх асуудлыг Тойргийн хороо шийдэх эрхгүй. Хууль хяналтын байгууллага тогтоосны дараа Тойргийн хороо шийдвэрээ гаргах ёстой гэж шүүх үзсэн гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллага асуудлыг шийдэж дууссаны дараа эргээд Захиргааны хэргийн шүүхэд очих байх. -МАН, АН хоёр намынхан аль, аль нь шүүхийн шийдвэрийг өөрт ашигтай гарсан гэж тайлбарлаж байгаа? -Аль талд нь гарсан гэж хэлэх үндэслэл надад байхгүй. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллага мөнгө тараасныг тогтоогоогүй байхад тойргийн хороо тогтоол гаргах ёсгүй гэдэг утгаар шүүх шийдвэрээ гаргасан. Харин шүүх сонгогчдод мөнгө тараасан байна гэж үзээд нөхдүүдэд ял оноочихлоо шүү дээ. Нэгэнт шүүхээр тогтоогдсон учраас тойргийн хороо шийдвэрээ гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхээс хойно шийдвэр гаргасан. Энэ тохиолдолд Захиргааны хэргийн шүүх шийдвэрээ эргэж харах боломжтой. Эсвэл маргалдагч талууд давж заалдах шатны шүүхэд хандах ч боломж байгаа. -Хэрвээ шүүх эцсийн шийдвэрээ гаргаж, СЕХ шийдвэрээ гаргавал хоёр гишүүнийг эргүүлэн татах уу? -Энэ тохиолдолд эргүүлэн татах асуудал яригдахгүй. Гишүүн болсноос хойш гэмт хэрэг үйлдсэн бол эргүүлэн татах асуудал гарна. Харин сонгогдохоос өмнө процессыг хүчингүй болговол гишүүний тангараг өргөсөн нь ч хүчингүй болно. Дээр хэлсэнчлэн хууль зөрчсөн нэр дэвшигчдэд өгсөн саналыг хүчингүйд тооцоод саналын тоогоороо дараа нь байгаа хүнийг сонгогдсонд тооцно. Хэрвээ нэр дэвшигч мөнгө тараасан нь тогтоогдвол түүнд өгсөн иргэдийн санал шууд хүчингүйд тооцогдоно. Хуульд ингэж тодорхой заасан. -Өвөрхангайн хоёр, Увсын хоёр гээд адилтгаж үзэх тал бас байна. Ялгаа нь юу вэ? -Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг харж байхад Өвөрхангайн нэр дэвшигчидтэй холбоотой асуудалд эрүүгийн хэрэг үүсгээгүй, иргэний журмаар шийдсэн юм билээ. Иргэний шүүхээр хууль зөрчсөн нь тогтоогдоод СЕХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргасан. -Өвөрхангайн хоёр суудлыг МАН, АН хоёр нэг, нэгээрээ авах тохироо хийсэн. Увсын хоёр дээр ч тохироо хийнэ гэсэн хардлага бий. Хуулийн байгууллага маргааныг шийдэж байгаа тохиолдолд тохироо орох боломжтой юу? -Хууль зүйн талаасаа бол боломжгүй. Эвлэрлийн гэрээ ч юм уу, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг биелүүлэх гээд хуулийн зохицуулалт байдаг. Тэр нь хуульд нийцсэн байх учиртай. Түүнээс хууль бусаар тохиролцоо хийх боломж хуулийн хүрээнд байх ёсгүй. Бодит байдал дээр ямар байдгийг улстөрч биш учраас мэдэхгүй байна. -Ярилцаж байгаа сэдвээсээ өөр асуулт тавья. "Шударга ёс" эвсэл тарах талаар яриа гарч байгаа. Хэрвээ эвсэл тарвал жагсаалтаар орж ирсэн гишүүд татагдах уу? -Дэвшүүлсэн субьект нь байхгүй болчихоор татах асуудал яригдана. Гэхдээ хуулийн нарийвчилсан зохицуулалт Сонгуулийн тухай хуульд тусгайлан ороогүй.Эх сурвалж: “Өдрийн сонин”
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ