Төрөөс үзүүлэх нийгмийн үйлчилгээг чанаржуулахаар болов
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хөдөө орон нутагт ажиллан иргэд, хөдөлмөрчидтэй уулзсан. Ингэхдээ төрөөс үзүүлэх нийгмийн үйлчилгээний талаар хөндөж, хүн бүрт энэ үйлчилгээг тэгш хүргэхийг зорьж байгаа тухай ярьжээ.
Төрөөс нийгмийн үйлчилгээг иргэдэд жигд, чанартай, үр ашигтай хүргэхэд баримтлах жишиг нормативыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Салбарын бодлого тодорхойлох, төлөвлөлт хийхдээ энэ нормативыг баримтлах, нормативд зааснаас илүү нийгмийн үйлчилгээтэй болох тохиолдолд төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байхаар урсгал зардлыг урьдчилан шийдвэрлэсэн байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгожээ.
Нормативд заасан боловсролын үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор боловсролын байгууллагын барилга байгууламжид тавих үндсэн шаардлага, эрүүл ахуй, аюулгүй байдлын болон номын сан, биеийн тамирын заал, бие засах газар, сургалтын хэрэглэгдэхүүн зэрэг сургалтын үйл ажиллагаа явуулах орчны стандартыг боловсруулж батлуулах, боловсролын бүх шатны байгууллагад мөрдүүлэх арга хэмжээ авахыг салбарын сайдад Засгийн газрын хуралдаанаас даалгасан байх юм. Иргэдэд үзүүлж байгаа нийгмийн үйлчилгээнд мөрдөгдөж байгаа стандартын биелэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гаргаж, жил бүрийн 4 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулах юм байна.
Иргэдийн хүртэж байгаа нийгмийн үйлчилгээ энэ жишиг нормативт заасан түвшинд хүрээгүй сумдын судалгааг гаргаж, нийгмийн үйлчилгээг нь сайжруулах асуудлыг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд үе шаттайгаар тусгах, үүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлж байх боллоо.
Сумдад төрийн үйлчилгээг хүргэхэд зардал их гардаг, сургууль, цэцэрлэг болон нийгмийн бусад үйлчилгээний чанар доогуур, төсвийн үр ашиггүй зарцуулалт байсаар байна. Зарим аймгийн төв цахилгаан, эрчим хүчээр бүрэн хангагдаагүй байхад зарим нь хуримын ордон, спорт цогцолбортой болох гэж байгаа нь төрөөс үзүүлдэг нийгмийн үйлчилгээг иргэд жигд хүртэж чадахгүй байна гэсэн үг юм.
Мөн зарим аймаг, нийслэлд нэг ангид суралцах хүүхдийн тоо эрс ихэсч суудлын тоо хүрэлцэхгүй байгаа бол зарим нь 30 хүүхэд сургахын тулд 300 хүүхдийн багтаамжтай сургууль ажиллуулж, энэ хэрээр цахилгаан, дулаан ашигладаг нь төрийн үйлчилгээ тэгш бус, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаагийн нотолгоо болж байна.
Төрөөс иргэн бүрт газарзүйн байршил, онцлог, хүн амын нягтрал зэргээс хамаарч нийгмийн үйлчилгээг тэгш, үр ашигтай хүртээхэд юуны өмнө тодорхой, цогц аргачлал, стандарт, норм ихэнх салбарт байдаггүй. Энэ нь орон нутагт нийгмийн үйлчилгээг хүргэхэд улс төрийн ашиг, сонирхол нөлөөлдөг, төрийн үйлчилгээ зарим талаар иргэдээ ялгаварласан, тэгш бус байх нөхцлийг бүрдүүлж байна.
Төрөөс үзүүлэх нийгмийн үйлчилгээг тодорхойлох нэгдсэн аргачлал байхгүй ч дэлхийн улс орнууд нэн тэргүүнд:
• ундны цэвэр ус, цахилгаан эрчим хүчээр хангах • анхан шатны эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үзүүлэх • нутгийн удирдлага, шуудан, харилцаа холбоогоор хангах • аюулгүй байдалд ажиллаж, амьдрах нөхцлийг нь хангаж, хог хаягдалгүй, цэвэрхэн хүрээлэн буй орчин бүрдүүлэх • хүүхэд, настанд анхаарал, халамж тавих зэргийг суурь үйлчилгээ гэж үздэг байна.
Дэлхийн ихэнх орон нийгмийн үйлчилгээг нэн тэргүүний буюу суурь, хоёр дахь шатны үйлчилгээ гэж ангилдаг бөгөөд суурь үйлчилгээний төрлийг өөрийн орны онцлог, газарзүйн байрлал, уламжлал, зан заншил зэрэгт тохируулан сонгодог байна.
Ж.Булган
СЭТГЭГДЭЛ БИЧИХ