Сүүлчийн өдрийн тухай сүржин ярианд хууртагдав
Энэ оны 51 дэх долоо хоногт дэлхий нийтийн анхаарал нэгэн зүйлд төвлөрч байсан нь арванхоёрдугаар сарын 21 буюу дэлхийн сүүлчийн өдрийн тухай цуу яриа байсан юм. Хаа сайгүй дэлхийн сүйрлийн тухай ярьж, дээр доргүй бужигнаж байсан. Хэдийгээр шинжлэх ухааны үүднээс ямар нэг гамшиг болохгүй гэж байсан ч хүмүүс өөрсдөө айдас бий болгож элдэв яриа тараасаар байлаа. Гэсэн ч одоо тэр өдрөөс хойш хэдийнэ гурав хоног өнгөрсөн ч дэлхийн амьдрал хэвийн үргэлжилж байна. Харин энэ явдлаас гадна дэлхий нийтийн анхаарлыг татсан чухал үйл явдалд Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгчийн тухай мэдээлэл байлаа.
Майячуудын он тоолол төгсч, дэлхийн сүйрэл дөхсөн хэмээн өнгөрсөн 21-нд дэлхий нийтийг хамарсан цуу яриа дэгдсэн. Шинжлэх ухааны үүднээс ямар нэг гамшиг болохгүй хэмээн мэдэгдэж байсан ч хүмүүс цуу ярианд итгэж байсан юм. Зөвхөн манай улсад ч бужигнаан болоод байсан хэрэг биш бөгөөд Азийн улсуудад, тэр бүү хэл Европын орнуудад ч нэлээдгүй шуугиан дэгдсэн юм. Манай урд хөрш Хятад улсад цуу яриа, худал мэдээлэл тараасан 600 гаруй хүнийг баривчилсан талаар “Синьхуа” агентлаг мэдээлсэн. “Almighty” буюу “Бүхнийг чадагч” нэртэй Христийн шашинт хөдөлгөөний зүгээс арванхоёрдугаар сарын 21-нээс эхлэн гурван хоногийн турш нар мандахгүй, түнэр харанхуй бүх дэлхийг нөмөрч, гэрэл цахилгаан тасарна хэмээн ухуулжээ.
Дээрх худал цуурхал, ухуулгаар ард түмний сэтгэл санааг үймүүлж байна гэж үзэн Хятадын эрх баригчид иймэрхүү утгатай ухуулга, хэвлэмэл материал тараасан шашны хөдөлгөөн, иргэдийг баривчилсан юм. “Синьхуа” агентлагийн мэдээллээр баривчлагдсан хүмүүсийг доод тал нь тав, дээд тал нь арав хоногийн хугацаатайгаар саатуулж буй аж. Харин европын улсуудад хүмүүс өндөр уулын бүсэд очиж, үнэтэй байр машинаа ч тэр чигт нь орхисон байжээ. Уулын бүсийн зочид буудлуудын захиалга дуусч хүмүүс эргэн гэртээ харьсан тухай олон улсын мэдээллийн сайтууд дамжуулсан юм. Дэлхийн сүйрэл гэж юу ч болоогүй цаг хугацаа, амьдрал үргэлжилсээр байна.
АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга томилогдлоо
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Цагаан ордонд мэдэгдэл хийж тус улсын одоогийн төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоныг залгамжлах хүнийг нэрлэжээ. Шинэ нарийн бичгийн даргаар Жон Керрийн нэрийг дэвшүүлснээр тэрээр дараагийн дөрвөн жилд улсынхаа нэр хүндтэй, хариуцлагатай энэ албыг хашихаар боллоо. Керри одоо АНУ-ын конгрессын сенатын гадаад хэргийн хорооны даргаар ажиллаж байгаа юм. Хатагтай Клинтон ажлын хэт их ачаалал даахаа больж байна гэдгээ хэлж, албан тушаалаа өгөхийг хүсч байгаагаа нэг бус удаа илэрхийлээд байгаа юм.
Вьетнамын дайны ахмад дайчин 69 настай Керрийн нэрийг Цагаан ордны тэргүүн төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд дэвшүүлэх тохиолдолд түүний төлөө нэг дуугаар санал өгөх нь эргэлзээтэй байгаа гэж үзэж буй.
Өмнөд Солонгос анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болов
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд Пак Кын Хе ялалт байгуулснаар тус улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болсон нь тэмдэглүүштэй үйл явдал боллоо. Тэрбээр өөрийн гол өрсөлдөгч Ардчилсан нэгдсэн намаас нэр дэвшсэн Мүн Жая Инийг саналын хувьд илүүтэйгээр ялж ирэх таван жилд Солонгосын “Хөх ордны” эзэн болж байгаа юм. Тэрбээр нийт саналын 50.1 хувийг авснаар ийнхүү дараагийн таван жил тус улсыг удирдана. Ирэх хоёрдугаар сард албан тушаалаа хүлээж авах шинэ ерөнхийлөгчийн өмнө юуны түрүүнд тулгарч буй гол бэрхшээл нь эдийн засгийн уналт, мөн одоо хүртэл Өмнөдийн төдийгүй Хойд Солонгосын иргэдийн хувьд мартагдах яагаа ч үгүй байгаа эцэг ерөнхийлөгчийнх нь үеийн дарангуйлагч дэглэмийн айдас хүйдсээс үлдсэн сэтгэлийн дарамт хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа. Хатагтай Пакийн мөрийн хөтөлбөр, эдийн засгийн эргэлт хийх тухай голлон анхаарах ёстойг гол чиг баримтлалаа болгосон илүү үнэн бодитой бөгөөд биелэх магадлал өндөртэйг хэлж байгаа.
Хатагтай Пак бол өмнөх удирдагч одоогийн Солонгосыг бий болгосон генерал Пак Жон Хэгийн охин юм. Пак Жон Хэ Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн удаан буюу 1963-1979 оны хооронд Ерөнхийлөгчөөр ажилласан хүн юм.
НҮБ Сирийн дүрвэгсдийг дэмжиж байна
НҮБ Сирид байгаа болон Сирээс хөрш орнууд руугаа дүрвэн гарсан дүрвэгчдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр 1.5 тэрбум ам.доллар зарцуулахар төлөвлөжээ. Одоогийн байдлаар 525 мянган сиричүүд эх орноосоо дүрвэн гарч хөрш зэргэлдээх орнууд руугаа гарсан гэсэн тооцоо судалгаа бий. Харин ирэх оны зургадугаар сар гэхэд дүрвэгсдийн тоо сая гарна гэсэн судалгаа байгаа аж. НҮБ-ын гаргасан тойм судалгаагаар өдөрт 2000 орчим хүн зэргэлдээх Ливи, Турк, Ирак, Иордан руу дүрвэн гарч байгааг тогтоожээ.
Хэдийгээр буун дуу нижигнэсэн дайны хөл дор байхаас хамаагүй дээр гэж үзэж дээрх улсууд руу дүрвэн гарсан сиричүүд хоол хүнс, эм тариа, хувцас хэрэглэл гээд наад захын хэрэглээгээр хомсхон байгаа. Хоёр жил шахам дарийн утаа үнэрлэж харийн оронд хуарангаасаа холдох эрхгүй байна гэдэг тун ч хэцүү. Гэсэн ч амьд мэнд байж хэзээ нэгэн өдөр дайн дуусч энх тайван цаг ирнэ гэж найдаж байгаа тэдний хувьд энэ бол багахан зовлон болчихоод байгаа юм. НҮБ өнгөрсөн хугацаанд дүрвэгсдэд 520 сая ам.долларын тусламж үзүүлсэн аж. Харин ирэх онд төсвөө нэмэгдүүлж тусламж үзүүлэхээ мэдэгдээд байгаа нь энэ юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ