
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ хуурамчаар буюу хууль бусаар шатахууны хомсдол үүсгэсэн гэх шалтгаанаар “НИК” ХХК-ийг 4.9 тэрбум төгрөгөөр торгосон. Учир нь ШӨХТГ-аас шатахууны нөөц хангалттай байгаа тул зөвхөн талонтой иргэдэд үйлчлэх зэргээр хязгаарлалт хийж болохгүй гэж анхааруулсаар байтал тус компани өнгөрөгч арваннэгдүгээр сарын 6,7-нд шатахуун борлуулахдаа хязгаарлалт хийн зөвхөн талоноор хэрэглэгчдэд үйлчилсэн юм. Тодруулбал, тус компани арваннэгдүгээр сарын 6-7 өдрүүдэд нийслэл хот болон хөдөө орон нутагт нефтийн бүтээгдэхийг хязгаарлаж, шатахууны хомсдол үүсгэсэн асуудлыг шалгаж үзэхэд улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 22 хоногийн нөөцтэй байжээ. Өдрөөр нь авч үзвэл, А80 35 өдөр, А92 27 өдөр, дизель түлшний дөрөв хоногийн нөөцтэй байсан ба замдаа ачигдаад ирж байсныг тооцоход А80, А92 44 хоног, дизель 12 хоногийн нөөцтэй байсныг ШӨХТГ-аас тогтоожээ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга О. Магнай хэлэхдээ “Зохиомол хомсдол үүсгэсэн хэмээн “НИК” ХХК-ийг торгох шийдвэрээ ШӨХТГ албан ёсоор хүргүүлээд байгаа. Энэхүү шийдвэр очсоноор 30 хоногийн дотор тус компани торгуулиа төлөх үүрэгтэй. Хэрэв тогтоосон хугацаанд торгуулиа төлөөгүй тохиолдолд ШӨХТГ-аас уг асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлнэ. ШШГЕГ-ийн зүгээс торгуулийн мөнгийг гаргуулахын тулд хуулийн дагуу арга хэмжээ авна. Шаардлагатай бол тус компанийн үйл ажиллагааг түр зогсоох, битүүмжлэх, данснаас нь торгуулийн мөнгийг шууд шилжүүлэх хүртэл арга хэмжээ авах эрхтэй” гэв.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ