Киргиз Монголын үнэртэй ардчилалд шимтэж байна
Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Шаршенович Атамбаев саяхан Бишкект Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа, сонгуулийн дараа ард түмэндээ хандаж Киргиз орныг Монголын ардчиллын үлгэр жишээгээр хөгжүүлнэ гэж онцолсон тухайгаа дурсан өгүүлсэн юм. Тэнгэр уулын хормой дахь хөх толбот энэ ард түмэн тусгаар тогтнолоо тунхагласан 22 жилийн түүхэндээ Монголын үнэртэй ардчиллыг Киргизийн хөрсөн дээр ургуулахыг зорьж буйгаа нуудаггүй. ХБНГУ-ын канцлер хатагтай Ангела Меркель хүртэл ноён Атамбаевт, Монгол Улс Германтай хамтын ажиллагааны баялаг туршлагатай орон. Монголын донор байгууллагуудтай хамтран ажилладаг туршлагаас сонирхож болох юм гэж зөвлөсөн нь санамсаргүй хэрэг биш ажээ. Монгол, Киргизийн харилцааны шинэ үе Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн албан ёсны айлчлалаар улам баяжсан юм. Тэдний Жогороку Кенеш (парламент)-ийн хүндэтгэлийн хуралдаан дээр манай төрийн тэргүүний хэлсэн, бид адилхан тэнгэрийн хөх тамгатай. Өвөг дээдэс маань нэг газар нутаглаж, нэг уснаас ууж, тэнгэртээ цуг залбирч, таван хошуу малаа маллаж, нэг тулганы галыг түшилцэж явсан хүмүүс. Монголчууд бид “түүхийн сайн нь ч миний багш, муу нь ч миний багш” гэж үзэж түүхээсээ сургамж авч ирээдүйн хөгжил дэвшилдээ өнөөдөр хувь нэмэр оруулахыг эрмэлздэг. Монгол Улс цаашид ч Киргизийн ард түмний чөлөөт сонголтын талд тууштай зогсож, жаргал зовлонгоо нэг айлын хүүхдүүд шиг хуваалцан тусалж дэмжихээ илэрхийлж байна гэж хэлсэн билээ.
Энэ хамтын ажиллагаанд ЕТГ-ын дарга П.Цагаан тэргүүтэй төлөөлөгчдийн БНКУ-д хийсэн ажлын айлчлал шинэ хуудас нэмсэн. Төлөөлөгчид шүүхийн болон төрийн албаны шинэчлэл, уул уурхайн салбарыг боловсронгуй болгох асуудлаар санал бодлоо солилцож, Киргизийн Дээд шүүх, Төрийн боловсон хүчний албанд зочиллоо. Шинэ журмын дагуу Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилогдсон Феруза Джамашева дөнгөж өрнөж эхэлсэн шүүхийн шинэчлэл, шүүхийн хараат бус бие даасан байдал, шүүгчдийн сонгон шалгаруулалт, тэдний ёс зүй, шүүгчдийн зөвлөлийн үүрэг зэрэг асуудлын талаар танилцууллаа. Түүнийг УДШ-ийн Ерөнхий шүүгч, ШЕЗ-ийн дарга Ц.Зориг боломжтой үедээ айлчлахыг урьсныг УДШ-ийн Иргэний танхимын тэргүүн Б.Ундрах албан ёсоор дамжуулав. Ер нь Монгол Улсад өрнөж буй аливаа үйл явдал болон шүүхийн шинэчлэлийн асуудал Киргизийн Ерөнхийлөгчийн анхаарлын төвд байдаг нь түүний уулзалтын явцад ч тод харагдаж байсан. Ерөнхийлөгч Атамбаев шүүхийн шинэчлэлийн асуудалд анхаарлаа хандуулж, бодитой ажил хийж буйгаа тэмдэглээд ялангуяа шүүгчийн нэр хүнд, тэр тусмаа шүүгч шударга, ёс зүйтэй ажиллах асуудал нэн чухал байгааг онцолж билээ.
Киргизэд Төрийн боловсон хүчний алба, түүний харъяа болон орон нутгийн салбарууд нь төрийн албаны байгууллагуудын нийлбэр бүтцийг бүрдүүлдэг байна. Тус албаны дарга А.Карашевын хэлснээр тус алба нь төрийн байгууллагуудад төрийн албаны бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий нэгдмэл байгууллага юм байна. Уулзалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Өнөбаатар төрийн албаны шинэтгэлийн талаар мэдээлж, хоёр улсын төрийн албаны ижил төстэй болон зөрүүтэй асуудлын талаар харилцан санал солилцсон нь сонирхол татав. Киргизэд Ерөнхийлөгчийн зарлигаар 2004 онд ТБХА-ны дэргэд Төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулах төв байгуулж, мерит буюу ил тод, шударга зарчмыг баримтлан ажиллаж байна. Төрийн албаны сул орон тоог нөхөх ажлыг яам, агентлагуудын захиалгын дагуу Сонгон шалгаруулалт, аттестатчиллын комисс зохион байгуулдгаараа манайхтай ижил төстэй юм. Тестийн санг Дэлхийн банк, бие даасан хараат бус шинжээчдийн дэмжлэгтэй боловсруулжээ. Харин сонгон шалгаруулалтыг аудио болон видео бичлэг хийж баталгаажуулдаг, комиссын бүрэлдэхүүнд ёс зүйн хорооны болон хуульч, иргэний нийгмийн төлөөлөл, шаардлагатай бол хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оруулдгаараа онцлогтой. Яамдын дэргэд Олон нийтийн ажиглах зөвлөл ажилладаг ба удирдах албан тушаалд томилогсдыг өмнө нь авлигад өртсөж байсан эсэхийг "полиграф"-аар шалгана. Энэ нь тухайн этгээдийн үнэн, худал хариулж буйг шалгах төхөөрөмж бөгөөд холбогдох байгууллагын захиалга, асуултыг үндэслэн явуулдаг байна. Полиграф шалгалтыг тусгайлан бэлтгэсэн хүн авдаг ажээ. Мөн сайдын халаа сэлгээнээс үл шалтгаалан яамны төрийн нарийн бичгийн даргыг таван жилээр томилдог болсон байна.
Киргиз ч, Монгол ч уул уурхайн ил тод байдлын санаачлагын гишүүн орон. Гэхдээ Киргизэд Монгол шиг асар их баялаг байхгүй ч аз жаргалтай, амны хишиг дүүрэн амьдрахад хүрэлцэхүйц баялаг бий гэж эндхийн уул уурхайн салбарынхан ярьж байна. Киргизэд олон улсын томоохон хөрөнгө оруулагчид хөл тавьж эхэлжээ. Гэхдээ баялгийг нийгэмд тэгш хүртээхийн тулд уул уурхайн компаниуд хөрөнгө оруулалт, олборлолтын талаарх бүх мэдээллээ үнэн зөв гаргаж өгөх шаардлагатай. Монголын Оюутолгойн бүтээн байгуулалт, олон улсын гэрээ хэлэлцээр хийх дүрэм журмаас суралцах хэрэгтэй буйгаа тэд нуусангүй. Магадгүй манай сургамж тэдэнд олз болохыг байг гэх газаргүй. Барууны орнуудын 200 жилийн өндөрлөгт хүрсэн замналыг хоёр орон 20 жилд туулах гэж байгаагаа давуу тал болгон ашиглах хэрэгтэй гэдэгт Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев монголчуудтай санал нэг байлаа. Яагаад гэвэл бидний туулсан зам, жаргал зовлон адил болохоор яриа хөөрөө маань ч чин сэтгэлийн агаад илэн далангүй байсан юм. Аяны төгсгөлд ЕТГ-ын дарга П.Цагаан, манай хоёр орны харилцаа цаашид хөгжих маш их боломж бий. Бидний алдаа, оноо болгон тэдэнд үнэ цэнэтэй гэдэг нь харагдаж байна. Цаг үеэ олж, чадах чинээгээрээ туслах хэрэгтэй. Газар болгонд Монголын тухай халуун дотноор хүлээн авч, хэл, соёл маань адил төстэй, өвөг дээдсийн минь үнэр шингэсэн байгаад сэтгэлд дотно байна хэмээн баяртай өгүүлсэн билээ.
Үнэхээр монголчуудтай тэнгэр язгуурт угсаа гарал нэг, эсгий туургатан өвөг дээдсийн минь үнэр шингэсэн Киргизийн ард түмэн ардчиллын замыг сонгосон ч шулуун дардан байсангүй. Улс оронд нь хоёр ч удаа хувьсгалын шуурга дэгдэж, авлигад идэгдсэн төрийн тэргүүнээ зайлуулсан билээ. 2010 оны ардчилсан хувьсгалын дараах шилжилтийн үед Ерөнхийлөгчийн албыг хашсан хатагтай Роза Исаковна Отунбаева манай оронд хоёронтаа ирж байсан. Хатагтай Отунбаевагийн Киргизэд 2005, 2010 оны хувьсгал өрнөснийг ард түмэн авлигаас үнэхээр залхсан байсан. Тиймээс зайлшгүй хувьсгал хийх шаардлага гарч ирсэн. Манай хоёр Ерөнхийлөгч хоёулаа авлигын загалмайлсан эцэг байв. Өөрсдийнхөө амьдралыг тэд аймшигтайгаар дуусгасан гэсэн үг. Одоо тэд эх орондоо ирж чадахгүй. Тэднийг ямар ирээдүй хүлээж байгааг би хэлж мэдэхгүй. Тэд ард түмний аз жаргалыг хулгайлж, урагш тэмүүлж байсан залуухан орны тэр замыг зүгээр л үгүй хийсэн юм хэмээн нэгэнтээ хэлж байсан билээ.
Манай залуу үеийнхэн Киргизийг “Манас” тууль, алдарт зохиолч Чингиз Айтматовын “Цайран харагдах хөлөг онгоц”, “Далайн алаг хав толгой”, “Зуунаас ч урт өдөр” романаар саяхан болтол төсөөлж байсан бол тунгалаг уст Иссык-Куль, Сон-Куль, Сары-Члек нуурын усанд шумбаж, Тэнгэр уулын бэлд алжаалаа тайлж, эртний их хаадынхаа замаар аялж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалаас хоёрхон сарын дараа шууд нислэгийн зам нээгдсэн гээд хамтын ажиллагааны хүрээ улам тэлж байгаа. Бидний үгийн санд ч көкүр-хөхүүр, нирун-нуруу, үлэхү-илүү, толуй-толь, инанч-үнэнч зэрэг олон үг одоо хэр үлджээ. Бишкекийн нисэх онгоцны буудалд киргиз нөхөдтэйгээ “Саламатсыңарбы кыргыз достор” хэмээн нүүр тулан уулзах монголчуудын зам мөр улам бүр өргөжих буйзаа.
С.Эрдэнэ
Ерөнхийлөгч Алмазбек Шаршенович Атамбаев П.Цагаан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ