
Казахстаны зүүн бүсийн Шимкент хотын ойролцоо цэргийн онгоц осолдож онгоцонд байсан нисэх бүрэлдэхүүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. 27 хүн амь насаа алдсан онгоцны ослын тухай Казахстаны аюулгүй албанаас мэдээлснийг ВВС агентлаг уламжилж байна.
Бүс нутгийн аврах албаныхан “Риа новости” агентлагт өгсөн мэдээллээр осолдсон онгоц бүхлээрээ дэлбэрч, бүрэн бүтэн үлдээгүйг хэлжээ. Осолдсон АН-72 онгоцыг Турганбек Стамбеков удирдан нийслэл Астана хотоос Шимкент рүү нисч байсан аж.
Казахстаны төв телевизийн мэдээллээр осол орон нутгийн цагаар 19.00 орчимд гарсан байна. Багийнхан Шимкент хотод бараг хүрч байсан бөгөөд энэ хот нь Узбекстантай хиллэдэг зүүн бүсийн тулгуур хот нь юм байна.
Ослыг өөрийн нүдээр харсан гэрчийн хэлж буйгаар онгоц ойролцоогоор 800 метрийн өндрөөс маш хүчтэй дуу чимээ гарган унасан гэнэ. Осолдсоны дараагаар их хэмжээний гал гарч улмаар онгоц бүхлээрээ шатжээ. Ямар ч тусламж үзүүлэх боломжгүй, цаг хугацаа хэт давчуу байжээ.
Аврах албаныхан ослын шалтгааныг бүрэн тогтоогоогүй байгаа ч эхний байдлаар цаг агаарын таагүй байдлаас болсон гэж үзэж байгаа юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ