
Бензиний үнэ 50 төгрөгөөр нэмэгдлээ. Иргэд бухимдаж бослого гаргах гээд байгаа юм байх. ТВ-үүд дуу авалцан нефтийн компанийн хязгааргүй шуналын талаар магтуугаа эхэлж байна. Ингэснээрээ тэд эх орончид шиг ард түмэндээ хайртайгаа илэрхийлнэ. Бас шударга ёсны төлөө тэмцэгч дүр исгэнэ. Үнэ бууруулагч О.Магнайг хатгана. Харамсалтай нь ингэлээ үнэ буурдаг байсан бол нэг литр бензин 1990 оны нэг төгрөг гучин мөнгөөр авдаг хэвээр л байх байсан. Дээр нь үнэ бууруулдаг Магнай үнэ өссөнийг “Харин ч бага өссөн байна” хэмээн аймшиггүйгээр төрхөө өөрчилсөн. Түүний хэл, хөл нь хальтирч, хөлбөрөөд байдаггүй. Тэгэхээр үнэ нэмэгдсэн нь олон иргэдийн үзээд байгаа шиг шуналаас болоогүй болж таарах нь. Бензин нь ихэнх оронд стратегийн бүтээгдэхүүнд тооцогдоно.
Стратегийн гэдэг нь улс орны амин чухал хэрэгцээний гэсэн ойлголт. Монголчууд шиг техникжсэн улс өнөөдөр дэлхийд ховор болж байна. Хүн амын зо хувь нь өөрийгөө эрчим хүчээр хангадаг орны хувьд түлш гэдэг нь унаа, гэрэл, мэдээллийн гол түүхий эд. Цаашдаа ч энэ байдал удаан үргэлжлэнэ. Хэрэв түлш тасарвал хөдөөгийнхөн хонь малдаа ч хүрч чадахгүй. Хотынхон ганц буудал явган яваад ажилдаа очиж чадахгүй. Эндээс харвал монголчуудын хувьд түлш гэдэг нь махнаас илүү хэрэгцээ болж таарна. Инээдтэй нь тэр чухал хэрэгцээг нь монголчуудыг 100 шахам жил ноёлсон оросууд нийлүүлсэн хэвээр. Зах зээлийн эдийн засаг гэдэг нь үнэ эрэлт, нийлүүлэлтийг зохицуулна. Өөрөөр хэлбэл хэрэглээ буурвал үнэ буурна. Хэрэглээ өсвөл үнэ өснө. Манайд өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг даган оросууд үнэ нэмнэ. Тэр бүхэнд бид бухимдана. Төр засгаа зүхнэ. Төр засаг ард түмэндээ хайртай дүр эсгэж оросуудаас үнэ бууруулахыг хүснэ.
Гуйж байгаа гуйлгаж байгаа сайд нар ингэлээ гээд үнэ буурахгүйг хамгийн сайн мэдрэгчид. Сүүлийн 20 жил ийм л жүжиг тоглосоор ирсэн. Үнэ буурсан нэг ч тохиолдол байхгүй. Баабарын зөвлөснөөр түмэн бодисоо уншвал тэр түлш гээд байгаа юм нь монголд байгаа юм байна. Ганц нэг машин авчраад нэрж болох эд гэнэ. Хачирхалтай нь өндөр орлоготой жилүүдэд төр маань унтаж байсан мэт энэ талаар юу ч хийгээгүй бололтой юм. Өнгөрсөн дөрвөн жилд сэтгүүлчдийн дунд нэгэн хошин яриа гарсан. Хоёр гишүүн тааралдсан бол тэдний яриаг сонсохгүйгээр бичиж болно. Тэр нь УИХ-ын гишүүн П.Алтангэрэл /АН/ Д.Зоригт /МАН/. Тэд уулзах болгондоо нефтийн үйлдвэр байгуулах талаар маргалддаг байсан.
П.Алтангэрэл нь үйлдвэр байгуулах түмэн боломж байгаа тухай хашгирна. Д.Зоригт нь нэг ч байхгүй хэмээн гөжнө. Тэдний нэг нь хий юм олж хардаг, эсвэл нөгөө нь маш хараа муутай сэтгэгдэл төрнө. Эрхэм гишүүдийг эрүүл галзуу мэт харагдуулаад байдаг түлшний асуудал зөвхөн Монголд байдаг юм биш гэнэ. Бидэнд бензин нийлүүлдэг. “Роснефть” компани жилдээ 120 орчим сая тонн нефть олборлоно. Түүнээсээ 51 сая тонн түлш нэрж бусдыг нь түүхийгээр нь зарна. Тэр 51 сая тонн түлшнийх нь нэг сая тонныг монголчууд худалдан авна. Энэ тоо ойрын таван жилд хоёр дахин нэмэгдэнэ гэж зарим эдийн засагчид үздэг. Манай улсын гадаад худалдааны алдагдал болох 800 сая ногоон ч түлшнээс үүдэлтэй хохирол. Жил бүр бид түлшинд хоёр тэрбум шахам ногоон хаяна. Сүүлийн арван жил 30 гаруй тэрбум ногоон зарсан байх юм. Гэтэл нүүрснээс түлш гаргах үйлдвэр 1,5 тэрбум ногоон. Жилийн хэрэгцээгээ хангах нефтийн үйлдвэр барихад ганц тэрбум ногоон байхад хангалттай. Өмнөговьд нефть гэдэг муухай хар юм нь зөндөө их байдаг гэнэ. Энэ бүхэн нь гишүүн асан П.Алтангэрэл хий юм хараагүйг батална. Оросуудын амин зуулга болсон хий, түлш өндөр үнэтэй байгаа нь үнэн. Гэхдээ барууныхан энэ бүхний эсрэг хориг арга хэмжээ авч байгаа.
Тэглээ гээд оросууд үнээ буулгахгүй. Ямар ч нөхцөлд, ямар ч үнээр худалдан авах чадвартай монголчуудад “Роснефть” компани үнээ бууруулна гэдэгт найдах хэрэггүй. Мөн оруулж ирсэн нь л буруу биш хэдэн компаниудаа есөн шидээр нь зүхэх хэрэггүй. Хэн ч өөрийн бараа үйлчилгээг үнэ хүргэх нь зах зээлийн хууль. Хүний юмыг бухимдаж үнэ бууруулдаг арга зөвхөн коммунизмтайгаа хамт булшлагдсан. Зах зээлийн нийгэмд хүн хэрэгцээгээ хангах хоёр зарчим үйлчилдэг. Эсвэл өөрөө үйлдвэрлэх, эсвэл хэн нэгээс хэлсэн үнээр нь худалдан авах. Үүнээс өөр гарц байхгүй. Өчигдөр “Ийгл” тв-ээр үзэгчид бензиний үнийн өсөлтийн талаар санал хэлэв. Залуучууд нь үнэ өсөхийг хүлээн зөвшөөрч байгаа бол хөгшчүүл төр үнэ буулгах, эсвэл төр түлш оруулах мэт солиотой санал дэвшүүлж байна. Эндээс харвал манай нийгэмд зах зээлийн сэтгэлгээ тогтоогүй нь харагдана. Түлш импортлогч компаниуд ашиг олж байгаа нь үнэн. Хөнгөлөлттэй зээл авсан нь үнэн. Тэр нь түлшний үнэ өсөхгүй гэсэн баталгаа биш. Учир нь тэд ашиг олох гэж импорт хийж байгаа. Зээл гэдэг нь эргэж төлөгдөх мөнгө. Оросууд үнээ нэмсэн тохиолдолд үнэ нэмэгдэж л таарна.
Нэгэн эмэгтэйн ярьсанаар бол манай нефтийн картель цадаж ханахгүй шуналтаж байгаа гэнэ. Түүний үзэж буйгаар түлш оруулах нь банк байгуулснаас илүү ашигтай. Өнөөдөр түлш оруулж байгаа 17 компани давуу эрх эдлээд байгаа биш гэнэ. Тодорхой шалгуурыг хангасан хэн ч бензин оруулах эрхтэй. Бидэнд хоёр боломж бий. Эхнийх нь түлшний үйлдвэр барих. Эсвэл хонио эрүүлжүүлээд махаар бензин худалдан авах. Үнэ альч тохиолдолд буурахгүй. Учир нь бидний импортын хэрэглээнд барууны орнуудын өндөр үнэтэй түлшний үнэ шингэсэн байдаг. Үнийг бууруулах гэж оролдвол бензингүй болно. Үнэтэй ноцолдсон төр социализм байгуулдаг. Тэгээд сүйрдэг уламжлалтай. Монголын бараа бүтээгдэхүүн хямдхан байгаа нь ядуурал нэмэгдэх үндсэн шалтгаан гэж зах зээлийн эдийн засагч хэлж байна. Хямд бараа үйлчилгээ гэж энэ ертөнцөд байдаггүй. Өртөг дээр ашиг нэмсэн баарааны үнэ гэж байдаг гэнэ. Сар бүр төрийн тэтгэлгээр амьдрах боломжтой улс оронд хэн юу ч хийхийг хүсэхгүй. Хйиж бүтээж байж хэрэгцээгээ хангадаг нийгэмд л хүмүүс сайхан амьдардаг аж. Нефтийн картелийг харааж зүхэх хэрэггүй. Өөрсдөө түлш оруулж ирээд хямдаар зараад хагартлаа баяжихыг хүсье.
Х.Баттөгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ