
Өсвөр үеийнхний унаган авьяас, давуу тал, амжилт ололт, шилдэг үлгэр дуурайллыг дэмжин дэлгэрүүлэхээр 1991 оноос эхлэн "Оны шилдэг хүүхэд” шалгаруулж, Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн батламжийг нь гардуулдаг уламжлал тогтсон.
Энэ жил сурлага танин мэдэхүй, урлаг уран бүтээл, спорт, хүүхдийн оролцоо өөрийн удирдлагын байгууллага, техник чөлөөт сэтгэхүй, хүмүүнлэг энэрэнгүй үйлс гэсэн зургаан номинациар найман аймаг болон нийслэлээс 21 хүүхэд шалгарсан байна. Оны шилдэг хүүхдүүд батламжаа Төрийн ордонд, Есөн хөлт цагаан тугийн өмнө Ерөнхий сайдаас хүндэтгэлтэйгээр гардан авлаа.
Шилдгээр шалгаран холоос зорьж ирсэн Увс аймгийн Улаангом сумын сурагч Б.Буянхүү шагнал гардсан үе тэнгийн хүүхдүүдээ төлөөлөн “Өсвөр залуу үеийнхэн биднийг байнга дэмжиж, халамжлан анхаарч ирсэн Засгийн газартаа Монголынхоо 1,1 сая хүүхдийг төлөөлөн баярлалаа гэж хэлье” гэсэн бол шилдгүүдийн хамгийн бяцхан нь болох найман настай Ц.Мөнхжин хүү Засгийн газрын тэргүүнд зурсан зургаа дурсгал болгон бэлэглэлээ. Түүний бэлэглэсэн “Өвөөгийн гадаа” хэмээх зураг нь олон улсын үзэсгэлэнгээс шагнал хүртэж байжээ. Мөн бие даасан тоглолтоо нийтэд толилуулж амжсан авъяаслаг охин П.Индра хийл хөгжмийн тоглолтоороо мэндчилгээ дэвшүүлсэн юм
гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ