Сохор, дүлий бүсгүй “Хэн саятан болохыг хүсч байна вэ?” нэвтрүүлгийн ялагч болжээ
Өсвөр насандаа нүүр рүүгээ хүчил цацуулж, үзэшгүй муухай царайтай болсон 27 настай Сонали Мукержи гэдэг бүсгүй Энэтхэгийн хамгийн нэр хүндтэй телевизийн бооцоот нэвтрүүлэг болох “Хэн саятан болохыг хүсч байна вэ?”-д оролцон гол шагналын эзэн болжээ.Хагас сохор, бас дүлий энэ бүсгүй уг нэвтрүүлэгт улаан алчуураар толгойгоо ороож оролцсон гэнэ.
Түүнийг Болливудын жүжигчин бөгөөд 2000 оны Дэлхийн мисс Лара Датта дагалдаж явсан байна.
Энэтхэгийн зүүн хэсэгт орших өөрийн төрөлх Дханбад хотын сургуульд суралцаж байхдаа хичээл номондоо сайнд тооцогдож байсан энэ бүсгүй тал бүрийн ярвигтай асуултуудад зөв хариулж, гол шагнал болох 50 мянган долларын ялагч болсон аж.
Бүсгүйг ердөө 17 настай байхад нь хорлосон билээ.
Гурван балмад эрэгтэй түүнийг унтаж байхад нь гэрт нь дайран орж ирсэн бөгөөд Мукержиг зэвэрсэн төмрийг цэвэрлэхэд хэрэглэдэг хүчлээр цацжээ. Тэдний нэг нь түүнийг өөрийн эхнэр болгохыг хүссэн ч татгалзсан хариу сонссон тул ийм аргаар хорлохоор шийдсэн гэдэг.
Энэ дайралтад өртсөн хөөрхий бүсгүйн биеийн 70 хувь нь түлэгдэж, тэрээр дүлийрсэн бөгөөд бараг юм харж чадахаа больжээ. Гэмт этгээдүүд шоронд ердөө гурван жил суугаад эрх чөлөөтэй болсон байна.
Харин бүсгүйн эцэг, эх өнөөг хүртэл байгаа бүх мөнгөө охиныхоо эмчилгээнд зарцуулж байгаа аж.
Тэд эцэг өвгөдөөс уламжилж ирсэн эдлэн газраа зараад зогсолгүй үнэт эдлэлүүдээ зарж дуусчээ. Гэвч эмчилгээний төлбөрт мөнгө хүрэлцэхгүй байгаа юм. Арван жилийн хугацаанд энэ бүсгүй 22 удаа пластик мэс ажилбар хийлгэсэн бөгөөд сонсгол болон харааг нь хэсэгчлэн сэргээж дөнгөсөн гэнэ.
Тэр дахиад есөн удаа хагалгаа хийлгэх ёстой. Тэдгээрийн нийт төлбөр 300 орчим мянган доллар болох юм. Өнгөрсөн хугацаанд Мукержи нэг бус удаа амиа хорлохыг оролдсон бөгөөд эмч нараас ч өөрийг нь егүүтгэхийг хүсчээ. Гэвч Энэтхэг улсад эвтанази хориотой билээ.
http://youtu.be/JASctXYOLQg
Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ