Монголын оюутнууд ичмээр юм
Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд хайгуул, олборлолт хийдэг "МонЭнКо" ХХК өнгөрсөн зургадугаар сард тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. Нэг ёсондоо сайн үйлс хийж байгаа хэрэг. Энэ хэдэн оюутнаас нь улс орондоо цөөхөн нь ч гэсэн хэрэгтэй хүн болог гэж бодсоных биз. Мэдээж бас тодорхой шаардлагууд тавьжээ. Ингээд баахан сургуулийн оюутнууд тэтгэлэг авахаар материалаа бүрдүүлээд өгсөн байна. Тэднээс сүүлийн шатанд 20 сурагч тэнцэн батламж авчээ. Энэ үед төлөвлөөгүй юм боллоо. Нөгөө уурхай нь стратегийн орд болж төрийн мэдэлд очихоор болсон гэнэ. Тэгээд хувь хувьцаагаа хэрхэн тохирохоо шийдэх гээд бөөн асуудал босч бужигнаад эхэлдэг юм байгаа биз дээ. Нэг ёсондоо уг уурхайн хэдэн хувь нь ч юм төрийн мэдэлд очно гэсэн үг. Ингээд дотооддоо бужигнаантай өнөө компани тэтгэлэг өгөх хугацаа нь хойшилж "Хүлээзнэж бай" гэсэн юм байх.
Гэтэл нөгөө оюутнууд тэтгэлгээ компаниас нэхээд шүүхэд хандаж байгаа гэнэ. Энэ талаараа хэвлэлийн хурал зарлаж, "Бид хохирлоо. Тэд мөнгө өгөөгүйгээс зарим оюутан төлбөрөө төлж чадалгүй нутаг буцлаа" энэ тэр боллоо. Нэгэнт төрд уурхай нь очиж байгаа бол тэр компани юугаа өгөх болж байна. Хэнд ч юу ч тохиолдож болно. Үйл ажиллагаа явуулж байсан компани өөрөө асуудалд орчихоод байхад мөнгө авна гээд шүүхэд хандаж байдаг. Тэр компани өгөх албатай биш. Оюутнууд ч авах албатай биш.
Гэхдээ компанийг өмөөрөх гээд байгаа хэрэг биш шүү. Авахаас өөрийг мэдэхгүй хомхойн сэтгэлтэй, даварсан оюутнуудын үйлдлийг хараад өмнөөс нь ичлээ. Монголын оюутан залуус ичих хэрэгтэй юм гэж бодлоо.
Үгүй мөн даварч байнаа, энэ оюутнууд. Оюутнууд сурч боловсрохоо л бодох хэрэгтэй. Оюутнуудад сурч боловсрох боломж олгож, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар сар бүр цалинтай болгож, 70 мянган төгрөгийг төрөөс оюутнуудад өгдөг болсон. Ингээд цалинтай оюутнууд нийтийн унаанд үнэ төлбөргүй явна. Зарим нь тэтгэлэг авна. Дээр нь хүний хөгжлийн хорин нэгэн мянга нэмэгддэг. Авсан мөнгөөрөө архи ууж, баар хэснэ. Бас болоогүй улстөржинө. Энэ мэтээр манай оюутнууд дэндүү даварчээ. Монголын оюутнууд шиг бэлэнчлэх сэтгэлгээ нь дээд цэгтээ тулчихсан оюутан дэлхийн хаана ч алга.
Нэг жишээ хэлье. Зургаан дээд сургууль төгссөн нэгэн ажилд орохоор ирэхэд нь манай нэг томоохон компани 1500 ам.доллартай дүйцэхүйц цалин өгөхөөр болж ажилд авчээ. Ажилд авсан компани өнөөх залууг жигтэйхэн боловсорсон амьтан гэж бодсон байх л даа. Долоо хонолгүй өнөөх нь ажлаа хийж чадахгүй нь гээд гарсан байгаа юм. Тэтгэлэг аваад ямар ч хариуцлага үүрэхгүй, зүгээр суухаар суръя гэдэг нөхдүүдийн тодорхой жишээ энэ. Ингэж тэтгүүлж тэтгүүлчихээд ажлын ачаалал даахгүй, зүгээр л ширээний ард суудаг хүн болчихдог. Дээр нь сайн санаж тэтгэлэг өгөх гэж амласан компани мөнгө өгнө гээд гэнэтийн явдал тохиолдоод өгч чадахгүй болсон чинь шүүхдэнэ гэнэ. Тэд хүний төлөө сурч байгаа юм уу. Хүн шиг сураад мэргэжлээ аятайхан эзэмшвэл өөрт нь л хэрэгтэй баймаар. Монголын оюутнууд ичмээр юм. Хүн өөрт нь тусалъя гээд боломжгүй болоод тусалж чадахаа болихоор шүүхдээд явна гэдэг юу гэсэн үг вэ. Улс нэгэнт уурхайг авсан бол "МонЭнКо" компани оюутнуудад юугаа өгөх вэ дээ. Угтаа бол тэр оюутнууд дээрх компанид тэгж сэтгэл гаргасных нь төлөө, сургалтынх нь төлбөрийг төлөх гэснийх нь төлөө хичээсэнд нь талархлаа илэрхийлээд л өнгөрөх байсан юм. Ямар тэр компанийнхан тэдэнд өртэй юм уу?
Есдүгээр сарын 11-ний үеэр аврагчид нурсан байшин руу орох гэж хичээхэд нэгэнт аврах боломжгүй үед дотогш оруулахгүй гээд аврагчдыг буцаан татсан байгаа юм. Тийм атал тэр аврагч нарт амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн аврах гэж сэтгэл гаргасных нь төлөө талархал илэрхийлсэн байдаг. Энэ бол барууны соёл юм. Манайх бол үхсэн хүмүүс дээр нь орж үхсэнгүй гэж зүхнэ. Талархаж чаддаггүй монгол зан. Энэ хоёрт ийм ялгаа байгаа юм.
Нэгэнт тэтгэлэгтэй холбоотой асуудал сөхсөн болохоор бас нэг жишээ хэлье. Тэтгэлэг гэдгийн мөн чанар нь төлбөрийн боломжгүй сайн сурлагатай оюутнуудад буян болж өмнөөс нь томоохон компани, эсвэл улсаас тэтгэлэг олгодог.
Манайд нэлээд олон компани оюутнуудын дунд тэтгэлэг зарладаг. Нэг томоохон компани мөн тэтгэлэг зарлажээ. Гэтэл тус компанийн эзэд рүү өндөр албан тушаалтан, мөнгө хөрөнгөтэй бизнесмэнүүд утасдаж, амраахгүй зовоодог тухай танил маань ярьсан юм. Нөгөө залгаж байгаа хүмүүс нь ах дүү хамаатан садан, бүр өөрийнхөө хүүхдүүдийг тэтгэлэгт хамруулах гэж дарамталдаг, рекэтэлдэг гэнэ. Өөрийнхөө халааснаас гаргаад өгч болохоор юмыг өрөөл бусдаас ингэж дарамталдаг байна. Энэ мэтээр хувийн компаниудад ирэх дарамт дэндүү их. "Төр бидэнд туслахгүй байвал том тус болж байгаа хэрэг" гэж нэг бизнесмэн хэлсэн байна лээ. Тусалж байгаа нэрээр гай болохгүй л бол бид амар амгалан ажлаа үргэлжлүүлэх боломжтой гэж хэлсэн хэрэг л дээ.
Нэг найз маань хувиасаа хэдэн хүмүүст гэр өгье гэжээ. Гэтэл боломж нь болохгүй "Хэсэг хугацааны дараа өгье" гэж. Өнөө хүмүүс ажлынх нь үүдээр эргэлдээд амар заяа үзүүлэхээ байж "Шүүхэд хандана, хэвлэл мэдээллээр зарлана, луйварчин, зальтай амьтан" гээд элдвээр нь дууджээ. Аргаа барсан найз маань "Бусдад тус болъё гэсэн биш, өөртөө гай болчихлоо" гэчихсэн толгой сэгсэрч суусансан. Боломжтой хүн боломжгүй болж болно. Аль нэг компани хувь, хүнд юу ч тохиолдож болно. Дээрх оюутнууд, гэр авах гэж дайрч, доромжлоод байсан иргэд хүний юмыг авах ёстой юм шиг дураараа дургих нь жинхэнэ луйварчин шиг санагдлаа. Хүний юм хүнийх л байдаг. Хүний төлөө биш, өөрийнхөө төлөө сурч байгаа өөрсдөөсөө ичиж амьдаръя. Зүгээр л хичээлдээ хичээ. Хүнээс зүгээр юм нэхэхийнхээ оронд ажил олж хий. Аль нэг компани мөнгө өгөхгүй байлаа гэхэд яаж ийгээд төлбөрөө төлөх л байсан шүү дээ. Хүний юмыг авах гэж ичгүүргүй аашлахаасаа ичмээр юм даа, Монголын оюутан залуус.
Д.Мөнгөндалай
СЭТГЭГДЭЛ БИЧИХ