Өнгөрсөн шөнө Сүхбаатар дүүргийн IV дэлгүүрийн худалдагчийг дээрэмдсэн хэрэг, гарч, хэрэгтний аман зургийг гарган эрэн сурвалжлах ажлыг тус дүүргийн Цагдаагийн хэлтэс хамтран эхлүүлээд байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн шөнө “12.40 цагт Сүхбаатар дүүргийн IV дэлгүүрийн худалдагч дэлгүүр дотроо дээрэмдүүлсэн байна” гэсэн мэдээлэл дүүргийн Цагдаагийн хэлтэст ирсэн аж. Мэдээлийн дагуу шалгахад тус дэлгүүрийн худалдагч 21 настай, эмэгтэй З-г ажлаа хийж байхад нь гаднаас үл таних 30 орчим насны эрэгтэй хүн орж ирэн орлогын мөнгө 1.700.000 төгрөг, гар утсыг нь дээрэмдэн авч зугатаасан хэрэг гарчээ. Уг сэжигтэн нь 170 см орчим өндөртэй, хөнхөр нүдтэй, шанааны яс нь төвгөр, туранхай биетэй, саарал богино хүрэмтэй байсан гэнэ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа ба иргэдээс мэдээлэл худалдан авах юм байна. Мөн мэдээллийн нууцыг чандлан хадгалахаа мэдэгдлээ.
П.Наран