
Исландын өсвөр насны охин Блаер Бьяркардоттир болон түүний ээж Бьорк Эйдсдоттир нар шүүхэд хандан Блаер охинд өөрийн нэрийг ашиглахыг албан ёсоор зөвшөөрөхийг Исландын төр, засгаас шаардсан байна. Блаер гэдэг нэр исланд хэлээр хөнгөн сэрвэлзээ, салхи гэсэн утгатай үг бөгөөд тус улсын албан ёсоор зөвшөөрөгдсөн нэрсийн жагсаалтад багтдаггүй юм. Энэхүү жагсаалтад өдгөө эрэгтэй хүний 1712 нэр, 1853 эмэгтэй нэр багтаж байгаа билээ. Эцэг, эх нь хүсвэл хүүхдүүддээ өөр нэр өгч болох юм. Гэхдээ ингэхийн тулд тусгай хорооноос албан ёсны зөвшөөрөл авах ёстой аж.
Охиныг загалмайлсан ламтан ийм нэр өгөх зөвшөөрлийг эндүүрч өгсөнөө хэлсний дараа л Блаер охины ээж түүний нэрийг ашиглаж болохгүй гэдгийг мэджээ. Тусгай хороо түүнд энэ нэрийг хэрэглэхийг нь хориглосон гэнэ. Учир нь, “blaer” гэдэг үг нь эр хүйсний угтвар үг байгаа юм. Тэгвэл ээжид нь 1973 онд Блаер гэдэг нэртэй болсон нэгэн танил бүсгүй байдаг аж. Дээр нь Утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн зохиолч Халлдор Кильян Лакснессын нэгэн зохиолд Блаер гэдэг нэрийг нэгэн эмэгтэй дүр авсан билээ.
Өдгөө 15 настай болоод байгаа Бьяркардоттир бүсгүй албан ёсны бүх баримт бичгүүд дээр “Охин” буюу “Stulka” гэдэг нэрээр бичигджээ. Энэ нь аливаа газраар үйлчлүүлэхэд ихээхэн асуудал үүсгэдэг байна. Тэр болгонд бүсгүй өөрийн нэртэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг тайлбарлах хэрэгтэй болдог гэнэ. Исланд улсад тухайн хүний нэр илүү өндөр ач холбогдолтой байдаг билээ. Харин овог ёс төдий хэрэглэгддэг юм. Утасны жагсаалтад хүмүүсийн зөвхөн нэрийг нь бичдэг аж. Ээж, охин хоёр тухайн хүн хүссэн нэрээ авах нь хүний эрхийн нэг гол суурь зарчим гэж үзэж байна. Иймээс тэд эрхээ эдлэхээр шүүхэд ханджээ. Исланд хэлний цагаан толгойд С үсэг байдаггүй учраас тэнд энэ үсгээр эхэлсэн аливаа нэрийг хэрэглэхийг хориглодог билээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ