Гар хөдөлбөл ам тосдоно

img

Нийслэлийн ажилгүй иргэдийг газар тариалан эрхлүүлж ажил амьдралтай болгох хөтөлбөрийг Нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Г. Мөнхбаяр санаачилж улмаар 800 иргэн хавар, зун, намрын турш ажилтай байв. Уг хөтөлбөрийн зорилго нь хэсгийн ахлагч нар дээр бүртгэлтэй ажилгүй иргэд болон нийслэлийн хөдөлмөрийн биржэд бүртгүүлсэн ажил идэвхтэй хайж буй хүмүүсийг хамруулах явдал байсан юм.  Улмаар тэднийг бүлгийн зохион байгуулалтанд оруулж,  газар тариалан эрхлүүлэх үүднээс нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон Тарвагатайн аманд төмс хүнсний ногоо тариуллаа.
Тариалалт эхлэх үед Тарвагатайн аманд тариалалтын газрыг 3 трактороор хагалж борнойдон, 100 тн үрийн төмс суулгажээ.  Иргэдийг  шаардлагатай багаж хэрэгслээр хангах  явдал ч  хөтөлбөрт багтсан юм. 200 ширхэг гаапуу, 400 ширхэг хүрз, 400 метр усалгааны хуванцар хоолой, 400 ширхэг хор цацагч гэх зэргийг өгчээ. Түүнчлэн газар тариалан эрхлэх дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж НЗДТГ, ЗАА, Нийслэлийн ХАА-н газраас хөдөө аж ахуйн зориулалтын төмөр торон хашаагаар иргэдийн ногоо тарьсан талбайг хүрээлж, цахилгааны шугам татан худаг гаргаж өгсөн байна.
Тариалалтын явцад иргэдэд 3 шаттай сургалт явуулж тариалалт, арчлалт, хураалтын технологийг Экологийн боловсрол төвийн багш нараар заалгажээ. Ийнхүү ажилгүй иргэдээ ажил хөдөлмөр эрхлүүлэх гэсэн Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын санаачлага ажил хэрэг болж  800 иргэн ажлын байртай болохын зэрэгцээ ургац хураалтаар 500 гаруй тн төмс хураан авчээ. Эндээсээ 50 тн төмсийг ирэх жилийн тариалтандаа  зориулан хадгалсан тухай мэдээллийг Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Г.Батсайхан нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан дээр танилцуулав.
Иргэд энэ хөтөлбөрт ихэд сэтгэл өндөр байсны зэрэгцээ ирэх жил нарийн ногоо тарих хүсэл эрмэлзэлтэй буй юм байна. Ирэх жил 800 иргэн дээрээ нэмж 1000 иргэнийг энэхүү хөтөлбөрт хамруулвал ажил хөдөлмөр эрхэлдэггүй 1800 иргэнээ ажилтай болгох боломж хотод бий юм. Гар хөдөлвөл ам тосдоно гэдэгчлэн хөтөлбөрт хамрагдсан 800 иргэн ХХАААҮЯ-наас зохион байгуулдаг Намрын ногоон өдрүүд үзэсгэлэнд амжилттай оролцон  1 кг төмсөө 350-400 төгрөгөөр борлуулан ажил амьдралдаа нэмэрлэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ