
Премьер лигийн арваннэгдүгээр тойргийн тоглолтууд өчигдөр, уржигдар болж дууслаа. Есдүгээр тойрогт Манчестерийн дерби, аравдугаар тойрогт Арсенал, Челсигийн тулаан гээд Премьер лигийн тойрог бүрт онцлох шуугиан дэгдээсэн тоглолтууд гарч байгаа.
Тэгвэл энэ тойрогт Болтон клуб ба тус клубын Ийглес, Класнич нар гол шуугианы эзнээр тодорлоо.
Өнгөрсөн тойргийн гол баатар Арсенал Аваргуудын лигт гялалзтал тоглохгүй байгаа ч Премьер лигтээ амжилттай яваа билээ.
Энэ тойрогт Эмиратс цэнгэлдэхдээ их буучид Уэст Бромвич Альбионыг хүлээн авсан юм. Тус тоглолтод Арсеналын гол их буучин болоод байгаа Робин ван Перси 22 дахь минутад өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулснаар багийн нөхдөө ялалтад дахин дуудсан юм. 39-т Вермален, 74-т Артета гоолдож энэ тоглолтод Арсен Венгерийн цэргүүд 3:0-ээр илт давуу хожиж чадсан юм.
Ингэснээр Арсенал долдугаар байранд 19 оноотой бичигдэж байна. Ливерпуль Энфилддээ Сванситэй тэнцэж 1 оноо авснаар мөн 19 оноотой Арсеналын дээр зургадугаар байранд бичигдэж байна.
Хоорондоо таван онооны зөрүүтэйгээр лигийн хүснэгтийг тэргүүлж буй Манчестерийн хоёр баг энэ тойрогт хоёул хожлоо авсан юм. Манчестер Сити 3:2-оор Куинс Парк Рейнжерсийг хожсон. Рейнжерсүүд Ман Ситигийн эсрэг маш сайн тоглосныг энд тэмдэглэх хэрэгтэй. Энэ тоглолтод Рейнжерсээс Ботройд, Хелгусон хоёр гоолын эзнээр тодорсон бол Манчестер Ситигээс Эдин Жеко, Давид Сильва, Яя Туре нар гоолдсон.

Манчестер Сити ийнхүү ээлжит хожлоо авснаар 31 оноотой лигийг тэргүүлсэн хэвээр.
Харин улаан чөтгөрүүд Сандерлэндтай тоглож 1:0-ээр хожин Сэр Алекс Фергусоны Манчестер Юнайтедыг 25 жил дасгалжуулж буй ойн баярт бэлэг барив.
Гэхдээ хожлын ганц гоолыг улаан чөтгөрүүд бус, тэдний эгнээнээс энэ улиралд явж Сандерлэндэд орсон Уэс Браун өөрийн хаалганд бөмбөг хийж экс дасгалжуулагчдаа “бэлэг барив”.
Челсигийн хувьд хоёр тойрог дараалан хожил авч чадаагүй алдааг Лампард гоолоороо заслаа.
Челси Блэкбернийг энэ тойрогт ийнхүү 1:0-ээр хожиж лигийн дөрөвдүгээр байранд 22 оноотой жагсаж байна.
Астон Вилла Норвич Сити нар ширүүн тэмцэлдэж 3:2-оор Астон Вилла буурь зааж яллаа. Мөн гялалзсан амжилт үзүүлж гуравт бичигдэж яваа Ньюкастл Эвертоноор ээлжит хожлоо авсан юм.

Дээр дурдсанаар энэ тойргийн шуугиантай тоглолтыг Болтон үзүүлсэн нь өрсөлдөгч Сток Ситиг 5:0-ээр хожсон явдал байлаа.
Тоглолт шүглийн дуунаар дөнгөж эхэлсэн төдийд Болтоны Дэвис өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаасан. Харин Ийглес 23, 73, Класнич 61, 81 дэх минутад гоолдож тус бүр дубль хийснээр тоглолт өндөрлөсөн юм.
Гэсэн хэдий ч гялалзсан тоглолт үзүүлсэн Болтончууд лигийн хүснэгтэд сүүл мушгиж 18-р байранд бичигдсээр байна.
Тоттенхэмийн хувьд сүүлийн долоон тойрог дараалсан ялалтаа Фулхэмийг 3:1-ээр хожсоноор аваад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ