Мэргэжилтэй ажилчин бэлтгэх захиалгыг Хөдөлмөрийн биржээр дамжуулан авч байна
Оюутолгойн хөрөнгө оруулалтаар үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтыг зохион байгуулахаар Хөдөлмөрийн яамнаас ажиллаж, эхний ээлжинд 3300 хүнийг ирэх сараас сургахаар болоод байгаа. Тэгвэл энэ ажлын хүрээнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нийслэлийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн захирлуудыг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцлоо. Сайд Монгол Улсын Засгийн газар мэргэжилтэй ажилтан бэлтгэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаагийн нэг нь Оюутолгойн хөрөнгө оруулалтаар мэргэжилтэн бэлтгэж, цаашид ажлын байраар хангах хөтөлбөр юм. Энэ ажлын хүрээнд бид зөвхөн мэргэжлийн үнэмлэх өвөртөлсөн ажилгүй иргэнийг бус харин ажлын байртай төгсөгчийг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхийг эрмэлзэж байна. Бид өмнөх жилүүдэд энэ хөтөлбөрийг дүүргэсэн төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдалд судалгаа хийж үзээд хангалтгүй байгааг тогтоосон. Тиймээс хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт хэрэгцээгээ нарийн тооцож судалсны үр дүнд мэргэжилтэн бэлтгэх нь чухал. Тиймээс МСҮТ хэдэн мэргэжилтэн бэлтгэж байгаа, хэдийг нь ажилтай болгох бололцоотой талаараа мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Эдгээр мэдээлэл дээр үндэслээд цаашид авах арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргах учиртай юм гэв.
Захирлууд өөрсдийн харилцдаг байгууллагуудаас ажлын байрны захиалга авч төгсөгчдөө нийлүүлдэг хэдий ч тэд ажил хийх сонирхолгүй байгаатай холбоотой хүндрэл бэрхшээл гардгийг нуусангүй. Уг төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд Хөдөлмөр халамж, үйлчилгээний төвүүдээр бүртгэж байсан нь зарим талаараа дутагдалтай байжээ. Харин одоо Хөдөлмөрийн биржээр дамжуулан хүсэлт гаргасан иргэнийг бүртгэж эхэлсэн нь их нүдээ олсон хэрэг болсныг сайшаасан юм. Үүний хажуугаар захиалга өгч байгаа байгууллага болон суралцагчийн нийгмийн хариуцлагыг гурвалсан гэрээнд хатуу зааж өгөхийг хүсэв.
Нийслэлийн Налайх дүүргийн МСҮТ гэхэд Оюутолгойн хөрөнгө оруулалтаар зохион байгуулагдаж буй сургалтанд 342 хүн элсүүлсэн. Одоогийн байдлаар 70 орчим хувь нь ажлын байрны санал хүлээн авчээ. Зарим нарийн мэргэжлийн хувьд 100 хувь ажлын байртай болсон байна. Богино хугацааны сургалтыг зохион байгуулахын өмнө байр танхимаа бэлтгэж, богино хугацаанд чанартай мэдлэг олгох багш ажилуулах шаардлагатай байна. Энэ жил тус төвд гурван компаниас санал ирүүлж, 44 мэргэжилтэн бэлтгэж байгаа ажээ. Харин Барилгын политехникийн коллежийг 230 хүн төгссөнөөс эхний ээлжийн 110 хүний 39 хувь, хоёр дахь ээлжийн 65 хүнээс 79 хүн, гурав дахь ээлжийн 57 суралцагчаас 49 нь ажлын байртай болжээ. Тус коллежийн захирлын хэлснээр 18 наснаас хөдөлмөрийн нас эхэлдэг. Сургуулиа төгссөн хүүхдүүдийг хувьд 24-өөс дээш нас гээд заачихаар тус насныхан хоцрогдоод байгаа тал байна гэсэн нь анхаарууштай. “Монгол фермер” коллежийн захирал хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудал нэн чухал байна. Гэтэл бидэнд заах аргазүйг сайтан эзэмшсэн багш дутагдалтай байна. Мөн суралцагчдаа дадлага хийлгэх нөхцөл боломж тааруу байдаг гэлээ.
Мөн Монгол, Солонгосын техникийн коллежийн захирал Буяндэлгэр, манай сургуулийг энэ жил 665 хүүхэд төгсөнө. Үүнээс МСҮТ-ийн чиглэлээр 424, барилгын чиглэлээр 87, Насанд хүрэгчдийн ангийг 154 төгсөгч байна. Эндээс нэгтгээд хэлэхэд нийт суралцагчдын 48 хувь нь хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр бэлтгэгдэн гарч байна. Манай сургуулийн хувьд энэ онд 187 компанитай хамтарч ажиллан 2837 ажлын байрны захиалга хүлээн аваад байгаа. Тиймээс энэ ажлын байруудын мэдээллийг бид Хөдөлмөрийн төв бирж болон зохих газруудад хүргүүлсэн. Тухайлбал, оёдлын мэргэжлээр 300 ажлын байрны захиалга ирээд байхад манай сургууль 25 ажилтан л бэлтгэх боломжтой байгаа хэмээн саналаа илэрхийлэв. Механик инженерийн сургуулийн МСҮТ-ийн захирал Чулуунбат, Оюутолгойн санхүүжилтээр 140 хүн элсүүлсэн. Өмнө төгссөн 162 төгсөгчөөс 41,5 хувь нь ажлын байртай болсон. Одоогийн байдлаар 24 аж ахуй нэгжээс 78 ажлын байрны захиалга аваад байна гэв. Ийнхүү “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд МСҮТ-үүд дор бүрнээ ажлаа зохион байгуулж эхлээд байгаа бөгөөд энэ салбарт тулгамдаад байгаа асуудлуудын талаар салбарын сайдтайгаа санал бодлоо солилцсон юм.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ