
Монголын улстөрчдөд хямгатай төсөв батлахыг сануулаад байгаа ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийнхэн манай улсын Хэрэглээний үнийн индекст судалгаа хийж, инфляци хурдсах хандлагатай байгааг дахин илрүүлжээ. Судалгаагаар үнийн өсөлт хурдсах гол шалтгаан нь нийт эрэлт болоод махны үнийн өсөлт гэж тодорхойлогдсон байна.
2008-2010 оны 8-12 дугаар саруудад Хэрэглээний үнийн индекс буурч байсан бол 2011 оны 8-9 дүгээр саруудад энэ хандлага арилж, үнэ өсөх байдалтай болсон байна.
Мах, махан бүтээгдэхүүний үнийн индекс 2011 оны 6-9 саруудад өсөлттэй байсан нь өмнөх онуудад (2007-2010 онд) энэ бүлгийн барааны үнийн индекс 6 дугаар сараас хойш буурч байсан хандлагыг эвдсэн байна.
Мөн дээрх өөрчлөлтүүдийн зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүн болон төрийн зохицуулалттай зарим бараа бүтээгдэхүүнүүдийг хасч тооцсон инфляци мөн өсөх хандлагатай байгаа ба улирлын нөлөөллийг арилгаж тооцсон инфляци 9 дүгээр сарын байдлаар 24 орчим хувьд хүрсэн тооцоо гарсан байна.
Энэхүү судалгааны гол ажиглалт нь Монголд хэрэглээний бараа үйлчилгээний үнэ цаашид өсөх нөхцөл байдал бүрэлдсэн явдал юм. Хэрэв улирлын шинжтэйгээр оны эцэст үнийн өсөлт саардаг хандлага 2011 онд ажиглагдахгүй бол инфляци 20 гаруй хувьтай гарах бодит эрсдэл байна гэсэн үг аж.
Эдийн засгийн нийт эрэлт нэмэгдэж байгаа нь оны сүүлийн хагас жилд махны болон бусад бүтээгдэхүүний үнэ буурдаг хандлагыг өөрчилж байна гэж үзэж болохоор байна. Тиймээс Засгийн газраас цаашид нийт эрэлтийг нэмэгдүүлэх бодлого, арга хэмжээг болгоомжтой хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ОУВС-ийн судалгаа харуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ