Т.Гэсэр: Багш нар хичээлээ үнэхээр сонирхолгүй заадаг байсан

img

Сурагчдын амралт эхэлсэн болохоор Насанд хүрээгүйчүүдийн хорих 411-р ангийн 110 дугаар дунд сургууль хөл хөдөлгөөн багатай байлаа. Хоёр давхарын шатны урдах танхимд шатрын дугуйлан хичээллэж, цаад талынх нь өрөөнөөс Хурд хамтлагийн “Аавдаа” дууг гитарын аянд дуулж байгаа нь сонсогдоно. Учир нь БШУЯ-ны баталсан “Авьяас” хөтөлбөрийн дагуу сонирхсон хүүхдүүдэд шатрын дугуйлан хичээллүүлж, хажуугаар нь гитар тоглохыг сургаж байсан нь энэ аж. Хүүхэд насны гэнэн томоогүй зангаар амьдралдаа алдаа гаргаж, гэм хийсэн ч ухаарал, гэмшлээр өөрийгөө хүлэн суугаа энэ олон аавын хүүхэд дугуйланд сууж, урлаг спортоор хичээллэх таатай байгаа нь илт байв. Тэдний дундаас нэгэн хүүг сонгож хэдэн хором ярилцахыг хүсэхэд тэр татгалзсангүй... -Юуны өмнө өөрийгөө танилцуулаач? -Намайг Гэсэр гэдэг. -Хэддүгээр анги вэ? -Аравдугаар анги төгссөн. Энд 11 дүгээр ангид үргэлжлүүлэн сурч байна. -Ажаад байхад чи их хөдөлгөөнтэй сэргэлэн хүүхэд бололтой. Өмнөх сургуульдаа сурч байх үеийнхээ талаар яриач? -Одоо бодоход хөдөлгөөнтэй, их сахилгагүй л байж. Үе үе багш нарынхаа чихнээс хонх уяад л... -Атаман байсан уу? -/инээв/Үгүй яах вэ, үеийнхэндээ нэг их дээрэлхүүлээд байдаггүй л байсан -Олон найз нөхөдтэй биз -Зөндөө л найзуудтай байлаа.../санаа алдав/ -Найзуудтайгаа уулзаад цагийг юу хийж өнгөрөөдөг байв? -Дөрөв, тавдугаар ангид байх үедээ бол олуулаа уулзаад хааяа нэг PC тоглоно. Хааяа хамт гадуур зугаална.Тэгээд ер нь зургаа, долдугаар ангид ороод сонирхол өөр болчихсон. -Юу сонирхож эхлэв? -Яахав, сонирхож ярьдаг зүйлс өөрчлөгдөөд л. Бага ангийн хүүхдүүд чинь хичээл номынхоо тухай ярьдаг байсан бол тэр нь цөөрөөд л, PC тоглоно, хааяа “баар”-д орж бүжиглэнэ. Ер нь тэгээд болж л өгвөл найзуудтайгаа бөөнөөрөө цуглаад гэртээ ч биш, PC тоглоомын газарт ч биш зүгээр л хаа нэг газар хамт байх гээд л. Ер нь л найзуудтайгаа л цагийг өнгөрөөж байвал юу хийх нь тийм ч сонин байдаггүй байсан. -Яагаад найзуудтайгаа үргэлж хамт байх дуртай байсан юм бол? -Би бага байхдаа ээжийгээ алдсан. Аав маань намайг юугаар ч дутаахгүй өсгөсөн. Тэгээд гэртээ ороод “Аав би тэнд нэг давтлагатай. Та нэг хэдэн төгрөг өгчих. Би оройхон ирэх байх шүү” гээд л гараад явчихдаг. Гэртээ ороод ирэхээр гэрт хэн ч байхгүй. Хүүхэд ер нь гэртээ ороход ээж, аав ам бүлээрээ цуглачихсан халуун дулаан уур амьсгалтай сайхан байхыг хүсдэг шүү дээ. Гэтэл манай дүү нар бид хоёроос тусдаа эмээтэй хамт амьдардаг. Аав маань их ажилтай. Гэртээ бараг байдаггүй болохоор манайд тийм халуун уур амьсгал байдаггүй. Аав гэртээ байсан ч надтай юм ярьдаггүй. “Өө миний хүү сайн уу, юу байна. Хичээл нь сайн уу” гээд л өөр зүйл хэлдэг ч үгүй, асуудаг ч үгүй байсан. Одоо бодоод байхад ийм байсан болохоор л гэртээ байхаас илүү найзуудтайгаа байх нь надад илүү сайхан санагддаг. Тэд л намайг ааваас минь илүү ойлгож, сонсч, надад итгэж, дэмждэг байсан болохоор тийм байсан байх гэж боддог юм. -Ямар хичээлдээ илүү дуртай байсан бэ? -Манай ээж цэцэрлэгийн багш байсан болохоор би хичээлдээ их дуртай байсан. Математик, биеийн тамир... том болоод эмч болно гэж боддог байсан болохоор химийн хичээлд хамгийн их дуртай байсан. Дунд ангид ороход химийн хичээл анх заалгаад, хичээлдээ онц авчихаар өөрийгөө бараг эмч болчихлоо, эмч болох амархан юм байна гэж хүртэл боддог байлаа. /инээв/ -Тэгээд яагаад сонирхол нь буурчихав? Хичээлээс чинь өөр хийх олон сонирхолтой зүйл байсан уу? -Өөр сонирхолтой зүйл байсан гэхээсээ илүү хичээлүүд маань их сонирхолгүй. Хичээл хэр зэрэг сонирхолтой байна тэр чинээгээрээ хүүхдүүд дуртай байна биз дээ. Арван жилд хүүхдүүдийн дунд нэг ийм байдал ажиглагддаг байсан. Дуртай багшийнхаа хичээлд суучихдаг. Жишээ нь, манай химийн багш хичээлээ их гоё заадаг. Тэгээд л долоо хоногийн хуваариа харж байгаад аан гурав дахь өдрийн дөрөв дэх цагт орохын байна тэгвэл тэр үед очоод л суучихъя гэж бодож байх жишээтэй. Багш маань ч намайг хичээл таслуулах их дургүй. Харин би бусад цагуудаа тасалчихаад химийн хичээлдээ орж хоёр цаг суучихаад л дараагийн цагаас нь гараад явчихдаг байсан. Ингээд бодохоор багш нар хичээлээ хэр сонирхолтой заана төдий чинээ хүүхдүүдийн хичээлдээ суух хүсэлд илүү нөлөөлдөг юм билээ. Зарим багш нар бол орж ирээд сууна. За хүүхдүүдээ тэрийг унш, цээжил. Үүнийг хуулж бич гэж хэлчихээд л гараад явчихдаг шүү дээ. Бас хүүхдэд өгдөг үнэлгээ их буруу санагддаг. A B C D F гэсэн хатуу таван үнэлгээтэй. Үүнийг улам их болгох хэрэгтэй юм шиг байгаа юм. Хүүхдүүдийн хор шарыг малтсан, нэг хүүхдийнх нь үнэлгээ хэдхэн хувийн зөрүүтэй байхад өөрөөс нь илүү дүнтэй байх ч юм уу. Жишээ нь би ангийнхаа нэг хүүд маш дургүй байсан. Яагаад вэ гэхээр миний харж явдаг охиныг тэр эргүүлдэг. Нэг ёсондоо миний өрсөлдөгч байхгүй юу. Тэгээд тэр хүү биологийн хичээлдээ 90 гарсан байхад би 80 хувьтай байвал дараачийн улиралд заавал 100 гарч өрсөлдөгчөө буулгаж авна. Би түүнээс илүү гарах ёстой гэж боддог. Тийм болохоор багш нар хүүхдэд нэг өдрийн хичээл заагаад дараа нь хүүхдүүдтэйгээ ярилцаад хамгийн зөв ярьсаныг нь дор нь үнэлж дүн тавьдаг ч юм уу тэгэж өрсөлдүүлж байвал гоё доо гэж боддог юм. -Одоо юу сонирхож байна? Эндээс гараад юу хийе гэж боддог вэ? -Одоо зөндөө л юм сонирхож байна. Гитар тоглоод, шатрын дугуйландаа яваад, ном уншаад л...Бага байхдаа эмч болъё гэж боддог байсан бол одоо эндээс гараад нэг сайхан бизнес эрхэлнэ л гэж боддог. -Чи номонд дуртай юу? -Номонд дуртай. Манайх чинь номын сантай болохоор тэндээсээ хүссэн номоо аваад л уншчихдаг. Өдөрт л бараг нэг ном уншдаг. Гэрийнхэн юу хэрэгтэй вэ гэвэл ном л захьдаг юм. Анх бол ном уншина гэхээс үстэй толгой арзайдаг байлаа/инээв/. Зүгээр л ном шагайгаад сууна гэхээр нэг уйтгартай санагдана. Тогтож сууж чаддаггүй байсан. Тэгээд анх тохиолдлоор сонингийн нүүрнээс сургамжит өгүүллэг уншсан юм. Дараа нь энд тэндээс цөөн хуудастай богино өгүүллэгүүд олж уншаад л. Тэгээд л ер нь гоё юм шиг санагдаад аажмаар дуртай болоод эхэлсэн. Яваандаа тэгээд түүхийн сэдэвтэй Монголын нууц товчооноос эхлээд Манан будан, Зүрхний хилэн гэх зэрэг номнуудыг уншиж эхэлсэн. Нэг л мэдэхэд номонд дуртай болчихсон байсан. Хүн 200 хуудастай ном уншиж эхэллээ гэхэд эхний 60 хуудсыг уншсаны дараа дараагийн үйл явдал нь яаж өрнөх бол гээд л ургуулж бодно. Тэгээд л мэдмээр санагдаж уншсаар байгаад 200 хуудсаа дуустал уншсаны дараа номоо эргүүлээд харахад маш урамтай байдаг юм. -Спортоор хичээллэж байв уу? -Олон спортоор хичээллэж үзсэн. Тэгээд аль нь ч надад зохихгүй юм байна гэж бодоод бүгдийг нь хаячихсан. Усан бассейн, ширээний теннис, хоккей хүртэл тоглож байсан. -Чи их л олон зүйл сонирхдог байж. Тэгээд нэгийг нь ч хадгалж үлдэлгүй бүгдийг нь орхисон уу. Яагаад сонирхол чинь ийм хурдан алга болчихов оо? -Одоо бодоод байхад хүн найз нөхдөө л зөв сонгох хэрэгтэй юм билээ. Найз нөхдийн үзүүлж байгаа нөлөөнөөс болоод л хүн алдах уу, онох уу, сайн явах уу муу явах уу гэдэг нь шалтгаалдаг юм шиг байгаа юм. Найзгүй байя гэхээр онцгүй. Хэтэрхий олон найзтай байх бас хэцүү. Тоотой хэдэн сайн найзтай байж болох ч тэр хүмүүс чамайг ер нь хаашаа хөтлөөд байна вэ гэдгийг л бодох хэрэгтэй юм билээ. Ямар ч хүн сүүлд нь ухаарах биш эхлээд бүхнийг бодож байх нь зүйтэй юм байна гэдгийг ойлгосон. -Одоо найзууд чинь чам дээр ирдэг үү? -Хааяа нэг ирдэг л юм... Би дээрэм дараа нь хулгай гэсэн давтан гэмт хэрэгт холбогдоод шүүхээс ял аваад энд ирсэн. Миний нэг таньдаг хүүхэд байдаг юм. Надаас хоёр, гурав ах. Тэр хүүхэдтэй явж байгаад санаандгүй дээрмийн хэрэгт холбогдоод шүүх хурлаар орсон. Би ял авах байх гэж бодсон ч азаар ялын хугацаа хойшлуулах шийдвэр гарсан. Тухай үед тэр шийдвэрийнхээ учрыг ч сайн ойлгоогүй өнгөрсөн. Нэг өдөр манай нэг хөдөө байдаг найз буцах зардалгүй болчихлоо хоёулаа мөнгө олъё гээд л.../санаа алдав/. -Надтай ярилцахыг зөвшөөрч өөрийнхөө бодлыг чөлөөтэй хуваалцсанд баярлалаа. Яг одоо чиний ярилцлагыг уншаад сууж байгаа уншигч дүү нартаа хандаж хэлэх үг байна уу? -Би 11 жил хоригдох ял аваад одоо хоёр дахь жилдээ хүмүүжиж байна. Миний дүү нар, бидний хойч үе надтай адилхан ийм алдааг битгий гаргаасай. Найз нөхдөө маш зөв сонгож нөхөрлөөрэй. Хамгийн гол нь эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг чи өөрөө хэн болж, юу хийхийг хүсч байна. Яг тэрийгээ л хийдэг юм шүү гэдгийг захиж хэлье. Тийм болохоор яг өөрийнхөө юу сонирхож байгааг өөрөөсөө асууж мэдээд, түүнийгээ ээж аавдаа ах эгчдээ нуулгүй хэлж, дэмжлэг хүсч, яг түүнийгээ сурч мэдэж, мэргэшихийн төлөө бүхнээ дайчлаарай л гэж хэлье дээ.   Ингэж хэлээд Гэсэр хүү шатрын дугуйлан хичээллэж байгаа анги руугаа яаран орсон юм. Түүний ярианаас “Би хэрэв ийм алдаа гаргаагүйсэн бол хүссэн мэргэжлээ эзэмшээд аз жаргалтай ажиллаж, амьдрах байсан даа” хэмээн харуусч байгаагаа илэрхийлж, өгүүлбэр бүрийнхээ төгсгөлд санаа алдаж байсан юм. Алдаан дээрээ суралцах нь хүний амьдрал ч гэлээ өсвөр насны энэ хүү шиг алдааг үеийнхэн нь дахин битгий гаргаасай. Нөгөө талаар эцэг эхчүүд үр хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаана юу хийж явааг нь мэдэж байх үүрэгтэй. Ялангуяа өсвөр насны хүүхэдтэй бол таны анхаарал халамж тэдэнд хамгийн ихээр хэрэгтэй гэдгийг ойлгоосой. Тэднийг хүүхэд хэмээн үл ойшоож, чиний буруу гэж загнаж зэмлэх гэж битгий яараарай. Хамгийн гол нь хүүхдээ чин сэтгэлээсээ хандаж, анхаарлаа хандуулж, тэдэнд хайртай, эрхэм хүн минь чи шүү гэдгийг ойлгуулдаг байгаасай. Хэрэв Гэсэр хүүгийн аав түүнд ингэж хандсан бол магадгүй тэр одоо торны цаана биш, жирийн сургуульд ангийнхантайгаа хамт ирээдүйд эмч болно гэсэн агуу мөрөөдлийнхөө төлөө сурч байх байсан болов уу. Эцэг эхчүүд хүүхдээ хайрлаж байна гээд мөнгө төгрөгөөр тэтгэж, хүссэнийг нь авч өгөхөд л илүүтэй анхаардаг, гэхдээ таны чин сэтгэлийн хайр, халуун тэврэлт л тэдэнд хамгийн ихээр үгүйлэгддэг юм шүү... П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Отгоо:
Энэ хүүхдийн хувьд үнэхээр ухаантай хүүхэд л дээ. Гэхдээ 11 жилийн ялын хувьд гэвэл манай эрүүгийн хуулийн нэг том алдаатай зохицуулалт байгаа юм. дээрэм хулгай булаалт гэх мэт ижил төрлийн гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд /эхлээд дээрэм дараа нь хулгай/ ялын хэмжээ нь маш өндөр байдаг. Шүүгч нар бол байгаа хуулиа л хэрэглэнэ. Гэхдээ энэ муухай заалт шинэ хуулиар хамгийн түрүүнд байхгүй болно.
2013-06-04
oogoo:
arai hatuu yal bnaa ene huugiin aav ni dahin huutsulduj boldoggui yum u iim uhaantai huuhdiig ingej muuhai gazar udaa bailgaj bolohgui sh de humuusee huuli durem meddeg ni tuslaach de uneheer haramsaltai bnaa ene huuhed
2013-01-24
tuya:
Ene huugiin hergiig dahin zadluulah heregtei bna. Humuusee huud tuslah heregteibna!!1
2013-01-24
irgen:
mongolyn khuuliin baiguullaguud ingej l ajilladag yum daa. iim yaltai zaluuchuud neg bishee
2013-01-23
Zochin:
Hi setguulchees asuuj guih yum bna chi ene huuhediig yu hiisen gej 11 jil avsan yagaad deerem hiisen bj bolon tegehdee ene huuded arai hatuu bna uchnuun ter bumaar idsen hun 2,6 jil avchaad emchilgee enee teree yariad soliorch yavna ene huuhediig survaljlag hun chi huutsulduj yadaj jilees ni hasuulaach bolon shte erunkhiilugch deer orj huselt tavij bolohgui bol ulsgulun zarlahgui tegeed huutsulduuch chamaig mongolchuud demjenee iim zuv yum hiij bgaa huniig demjine shuu
2013-01-23
Erguu NYAMDORJIIN gargasan eruugiin huuliar iim olon jil avch baigaa um daa. Hairan huu.
2013-01-23
11 jil hetersen bn
2013-01-23
Temujin:
HUULI CHINI YU BOLSON YUM BE? 11jil arai dendenee. HUULI TEGSH UILCHILDEG GEJ ZUGEER L DONGOSDOG YUM BAINA LALARUUD.
2013-01-23
P.Naran setguulchid:
ene huu heden terbumiig hulgailsan yum be ene huuhdiin shuuh hurliig hiisen shiidver gargasan shuugchdees yariltslaga avaad niitelj ogno u gej P.naran setguulches hicheenguilen guij baina heden terbum idsen humuus yagaad yunii uchir 4jil 2.6jil geh met shorond suudag yum be ene talaar busad setguulchid bas sudlaj niitlel gargahgui yu huuehd hulgai deerem hiisen ni mash buruu gevch shuuh henii omno yagada bn ve gedeg ni ard tumend sonin bn
2013-01-23
boldoo:
Нийгэмд ямар хэмжээний хохирол үзүүлсэн болоод энэ хүү 11 жилийн хорих ял авсан бол оо? Бас ямар одонд төрсөн болоод Цимэдцэрэн гэгч луйварчин хулгайч 14 тэрбумын хохирлыг 4,5 жил суув аа, яаж ялтан Энхбаяр шиг араасаа арван ээжийг уйлуулж болох бол оо АМЬДРАЛ ЭРЭЭН БАРААН ЮМ ДАА ҮНЭН НОВШ ЮМ ДАА
2013-01-23
buh yumiig n mungu erh medel zohitsuulad bnshu de oor olon hun bga shd buh darga nar idej uusan erh medle urwuugar ashiglad ywj l bga
2013-01-23
huurhii do uhaarsan bnshd iim huuhduudig yriltslagad orulad jilees n ydaj hasdag baimaar yum da. deerem hiisen hun mungugui bol hdn ch jil awch bhad mungutei humuus hdn say tog ideed zuger ywj bdg manai uls gj
2013-01-23
uyanga:
ene khuu ingeed 11 jil avaad baikhad ter enkhbayar odoo yu yum be. huuliin zohituulalt gej haana bna yamar ch haritsangui. tegeed 2 hon jil uguud teriigee ch zugeer edelj chadahgui buun yum bolj niigemd sonin baidal uusgel taltsuulaad er ni bol enkhbayart olon jil uguh estoi
2013-01-23
buh yumiig n mungu erh medel zohitsuulad bnshu de oor olon hun bga shd buh darga nar idej uusan erh medle urwuugar ashiglad ywj l bga