
Google компанийн гүйцэтгэх захирал Эрик Шмидт 2011 онд Азийн зарим орон ажлын айлчлал хийж явахдаа манай улсад саатан морилсон. Тэрбээр харилцаа холбооны салбарынхантай уулзах үеэрээ Google translate дээр Монгол хэлийг оруулна гэдгээ амласан билээ. Энэхүү амлалтыг ажил хэрэг болгох зорилгоор УИХ-ын дарга З.Энхболд монгол хэлээ “Google translate”-д оруулах тухай өөрийн твиттер хуудсаараа дамжуулан иргэдээс санал авсан аж. Харин энэ санаачлагыг “Google” компанийн хайлтын системд зургаа дахь жилдээ ажиллаж буй Б.Баттулга хэмээх Монгол залуу дэмжиж, УИХ-ын даргад хариу ирүүлжээ. Тэрбээр УИХ-ын даргын санаачлагыг твиттер хуудаснаас уншиж дэмжиж буйгаа илэрхийлээд “Google translate”-д монгол хэлээ оруулах ямар боломж, нөхцөл байгаа талаар мэдээлэл ирүүлжээ. Тухайлбал, “Google translate” нь хэл шинжлэлийнхний ашигладаг дүрэмд суурилсан орчуулга биш “Machine learning” ашигласан орчуулгын систем учраас их хэмжээний мэдээллийн сан шаарддаг. 10 сая /sentence pair/ хос өгүүлбэр орсон хэлүүд дээр маш сайн орчуулга хийгдэж байгаа. Нэг сая sentence pair байвал эхний ээлжинд Монгол хэлийг нэмэх боломжтой. Зөвхөн “English-Mongol” гэлтгүй “Russian-Mongol”, “Chinese-Mongol” сан байсан ч үүнийг ашиглан Монгол хэлийг нэмэх боломжтой. Тухайн үед Өвөрмонголоос “Chinese-Mongol” сан их хэмжээгээр олдох боломжтой гэж байсан боловч миний хувьд үүнийг эсэргүүцсэн. Учир нь Өвөрмонгол хэл нь монгол хэлээс өөр. Монголчууд бид өөсдийн орчлуулгын мэдээллийн сантай болвол үүнийг зөвхөн Google биш Монгол дахь сургуулиуд, судалгааны группүүд авч ашиглах боломжтой гэдгийг захиандаа дурьдсан аж. Мөн Б.Баттулга google-д орсон монгол үгүүдийн хувьслыг тодорхойлох, улмаар монгол хэлээ “Google translate”-д оруулахад хичнээн үг эхний ээлжинд шаардлагатайг тогтоон гаргаж өгөхөө захиандаа дурьдсан аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ