Дорнод аймгийн Хэрлэн суманд Шүүх байгуулна

img

УИХ-ын чуулганы  өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хууль болон “Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоол, Улсын Их Хурлын гишүүн М.Зоригт нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Чуулганы эхэнд Байнгын хорооны гишүүдийн тоог 21 болгохоор УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх дарааллыг урагшлуулах саналыг УИХ-ын гишүүн Н.Энхболд гаргасан боловч дэмжсэнгүй.

Ингээд хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Шүүх байгуулах тухай хууль болон “Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү аймаг дундын шүүх байгуулах тухай заалт нь Үндсэн хуультай нийцсэн эсэх болон Ганцхудагт шүүх танхим байгуулах тухай заалтын талаар тодрууллаа. Байнгын хорооны ажлын хэсгээс энэ заалт нь Үндсэн хуультай харшилсан зүйлгүй хэмээн хариулсан юм. Мөн Ганцхудаг дахь шүүх танхим нь явуулын шүүх байх болно гэж ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Хууль зүйн байнгын хорооноос дэмжлэг авсан зарчмыг зөрүүтэй дөрвөн саналаар санал хураалт явууллаа. Иргэний болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн харьяалалд Төв аймгийн Эрдэнэсант сумыг нэмэх, сум дундын 6 дугаар шүүхийн нутаг дэвсгэрийн харьяалалд Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр сумдыг нэмэх саналыг гишүүд дэмжлээ. Харин Иргэний болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн байрлах газрыг Дорнод аймгийн Хэрлэн суманд байгуулах тухай байнгын хорооны саналыг өөрчлөн Хэнтий аймгийн Өндөрхаан суманд байгуулах тухай саналыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гаргалаа. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Н.Номтойбаяр нар зүүн бүсийн төв, хүн ам төвлөрсөн, алслагдсан байдлыг харгалзан Дорнод аймагт байгуулах нь зүйтэй хэмээсэн юм.

УИХ-ын дэд дарга Л.Цог хэргийн ачаалал болон иргэдэд үзүүлэх чирэгдэл зэргийг тооцоход Дорнод аймагт байгуулах нь зүйтэй хэмээн тайлбарласны дагуу санал хурааж олонхийн дэмжлэгийг авлаа. Мөн Шүүгчийн орон тоо батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүх/ Дархан-Уул аймаг/, 11 дүгээр шүүхийн / Орхон аймаг/ орон тоог Ерөнхий шүүгч тус бүр нэг, шүүгч тус бүр 4 байхаар өөрчлөх тухай саналыг гишүүд дэмжлээ.

Ийнхүү шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Шүүгчийн орон тоо батлах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа. Үүний дараа Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцууллаа. УИХ-ын гишүүн Я.Содбаатар Тэсэлгээний үйл ажиллагаа явуулах эрх бүхий гадаадын иргэн аж ахуйн нэгж хичнээн байгаа болон Мэргэжлийн Хяналтын байгууллагын оролцооны зарим хэсгийг хассан болон иргэн аж ахуйн нэгжид тооцох хариуцлагыг заасан ч төрийн албан хаагчийн тухай тодорхой заагаагүй байна гэсэн юм.Өнөөдөр манай улсад тусгай зөвшөөрөлтэйгээр гадаадын хөрөнгө оруулалттай гурван аж ахуйн нэгж ажиллаж нийт тэсэлгээний ажлын 10 хувийг гүйцэтгэдэг хэмээн ажлын хэсэг хариулсан юм. Ингээд Байнгын хорооноос дэмжигдсэн нийт 37 саналаар санал хураалт явууллаа. Гишүүд саналуудтай холбогдуулан асуулт асуулж хариулт авсан юм. Тухайлбал УИХ-ын гишүүн М.Батчимэг Тэсэрч дэлбэрэх бодис нэвтрүүлэхийг хориглох боомт хэд байгаа, Засгийн газар энэ талаар ямар бодлого барьж байгаа болон энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах лицензийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгохоор заасан ч лицензийг олгож байгаа төрийн албан хаагчийн хариуцлагыг орхигдуулсан байгаа талаар тодрууллаа. Өнөөдрийн байдлаар долоон боомтоор тэсэрч дэлбэрэх бодис нэвтрүүлж байгаа юм байна. Аль болох цөөн боомтоор тэсэрч дэлбэрэх бодис нэвтрүүлэх бодлого барьж байгаа гэж ажлын хэсгээс хариуллаа. Мөн төрийн албан хаагч алдаа гаргасан бол Төрийн албан хаагчийн тухай болон Эрүүгийн хуулийн заалтуудаар хариуцлага тооцох боломжтой хэмээн хариуллаа.

Гадаад худалдааг хязгаарлах тухай заалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар Энэ эрхийг зөвхөн салбарын яам авах нь буруу, ер нь хязгаарлалтыг ямар учраас тавьж байгаа талаар тодруулсан юм. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Дотоодын үйлдвэрүүд тэсэрч дэлбэрэх бодисийн хэрэглээг хангах боломжтой байгаа учраас импортыг аль болох багасгах бодлого барина” гэсэн боловч УИХ-ын гишүүн Я.Содбаатар дотоодын үйлдвэрлэгчид зөвхөн энд савлаж боож байгаа болохоос үйлдвэрлэл явуулаагүй, түүхий эдээ гаднаас авч байгаа хэмээн сануулснаар энэ санал олонхийн дэмжлэгийг авч чадсангүй. Мөн хуулийн 18 дугаар зүйлд тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэхэд зөвшөөрөгдөх тээврийн хэрэгслийн талаарх заалтыг тодорхой болгох талаар санал гаргав. Үүний дараа хуулийн төслийн найруулагын чанартай 12 саналыг дэмжсэнээр Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Үдээс өмнөх хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хуулийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Батчимэг танилцууллаа. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхдээ ажлын хэсэг мэргэжлийн байгууллага, олон нийтийн саналыг тусгахаар уулзалт хэлэлцүүлгийг хийсэн байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ хуулиар хэвлэл мэдээллийн байгууллагын хөрөнгө оруулагч, эздийн оролцооны талаар хэрхэн тусгасан, ер нь хэвлэл мэдээллийн байгууллага цаашид захиалгат сэтгүүлзүйгээс ангид байхын тулд ямар зарчмаар ажиллах талаар аль хэр зөв зохицуулалтууд тусгагдсан эсэхийг тодруулсан юм. Ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг энэ хуулиар хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжлийн хараат бус байдлыг хангахын зэрэгцээ хариуцлагын асуудлыг тусгаж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллага захиалгат сэтгүүлзүйгээс ангид байхын тулд эзэд ил байж, арилжааны зарчмаар ажиллах ёстой ч өнөөдөр бодит байдал дээр маш олон хэвлэл мэдээллийн байгууллага байгаа нь арилжааны зарчмаар ажиллах боломжийг хааж байгаа. Мөн эзэд нь редакцийн мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, нөлөөлөхгүй гэсэн гэрээг байгуулах тухай заалт энэ хуульд орсон байгаа хэмээн хариулснаар УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Үдээс хойш Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ