
Манай орны үйлдвэрлэл, шинжлэх ухааны салбаруудад цөмийн технологийн хэрэглээ, мөн цацраг идэвхт ашигт малтмал болон газрын ховор элементүүдийн эрэл хайгуул өссөнтэй холбоотойгоор цацрагтай ажиллагсадын тоо ч өсөн нэмэгдэж байгаа. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар хяналтад хамрагдсан байгуулагын тоо 1.8 дахин, цацрагтай ажиллагсдын тоо гурав дахин нэмэгдсэн бөгөөд Цөмийн энергийн газраас хяналт тавин ажилладаг аж. Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газраас улсын хэмжээнд ионжуулагч цацрагийн үүсгүүртэй харьцаж ажилладаг ажиллагсадын аюулгүй байдлыг хангуулах, тэдний мэргэжлээс шалтгаалан авч байгаа цацрагийн тунгийн хэмжээг хэмжиж, бүртгэж, хянаж байх зорилгоор мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт /МШХТХ/ тавин ажиллажээ. Ингэхдээ холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд үндэсний стандартыг үндэслэн, цацрагтай ажиллагсадын ажил мэргэжлийн онцлог, хяналтын зорилгоос хамааран долоо хоногоос нэг сар хүртэлх хугацааны давтамжтайгаар явуулдаг аж. Хяналтанд хамрагдсан цацрагтай ажиллагсадын хэмжилтийн дүнг улсын бүртгэлд бүртгэж, мэдээллийн санг бүрдүүлсэн байна. Цацрагтай ажиллагсад нь МШХТХ-ыг тасалдуулахгүйгээр сар бүр тогтмол хамрагдах шаардлагатай бөгөөд хяналтыг тасалдуулсан тохиолдолд эрх бүхий улсын байцаагч хууль тогтоомжид заасны дагуу торгууль, шийтгэл хүлээлгэдэг байна.
Дашрамд дуулгахад, гэрээт байгууллагын цацрагийн хяналтын ажилтан нь цацрагтай ажиллагсадын дозиметрийг сар бүрийн сүүлийн 7 хоногт ЦЭГ-т хэмжүүлдэг ба хэмжилтийн дүн, мэдээллийг 72 цагийн дотор гаргаж өгдөг аж. Үйлдвэрлэл, шинжлэх ухааны салбаруудад цөмийн технологи байгууллагуудын 67 хувь нь рентген оношлогооны явцад 12 хувь нь судалгаа шинжилгээнд, цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулд, зургаан хувь нь аж үйлдвэрийн салбарт, нэг хувь нь цөмийн оношлогоо, туяа эмчилгээ болон бусад салбарт цацраг ашигладаг аж. Цацраг ашигладаг байгууллага аж ахуйн нэгж нэмэгдэхийн хэрээр энэ салбарт ажиллагсад ч өсөн нэмэгдэж байгаа гэнэ. Тухайлбал, цацрагтай ажиллагсад
2003 онд 288 байсан бол 2012 оны байдлаар 1171 хүн болон нэмэгджээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ