ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийг дэмжлээ

img

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцсэний эхнийх нь Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүнд нэр дэвшүүлэх асуудал байлаа.

        Монгол Улсын ХҮЭК-ын тухай хуулийн 5-р зүйлийн 5-1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Пүрэвийн Оюунчимэг, Улсын дээд шүүүхээс санал болгосон Нанзадын Ганбаяр нарыг ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшүүлж буйг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулахдаа ХЭҮК-ын орон тооны 3 гишүүний 2-ынх нь хугацаа дуусаж байгаа тул УИХ-ын чууулган өндөрлөхөөс өмнө шийдвэрлэн томилох шаардлагаар Хууль зүйн байнгын хорооноос энэ асуудлыг оруулж байгааг тайлбарлалаа.

        Нэр дэвшигч П.Оюунчимэг хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, 2001 оноос ХЭҮК-ын Ажлын албаны референт, 2005 оноос тус албаны даргаар ажиллаж байсан, 2007 оноос ХЭҮК-ын гишүүнээр ажиллаж буй туршлагатай ажилтан юм. Харин Н.Ганбаярын хувьд 1990-1992 онд Улсын Бага хурлын гишүүн, Хууль зүйн Байнгын хорооны дарга, 1992-1993 онд Соёлын тэргүүн дэд сайд, 1993-1999 онд Монгол Улсын Ерөнхий прокурор, 1999 оны 6-12 –р сард Хууль зүйн сайдын зөвлөх, 1999 оны 12-р сараас хойш Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа туршлагатай  хуульч аж.

       Нэр дэвшигчидтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ асуулт тавихдаа  Н.Ганбаярын хувьд Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа Үндсэн хууль зөрчсөн гэж ХЭҮК-той хамтран ажилладаг Хүний эрхийн хөгжил төвийнхөн үзэж байгаа тул хүний эрхийн салбарт хэрхэн ажиллах, түүнийг ямар шалгуураар нэр дэвшүүлж байгааг  УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зоригоос асуусан юм. Ц.Зориг хариулахдаа “УДШ-ийн Нийт шүүгчдийн хуралдаанд оролцсон 15 шүүгчийн 100 хувийн саналаар төрийн албанд олон жил зүтгэсэн дадлага туршлагыг нь харгалзан Н.Ганбаярыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн, харин Үндсэн хууль зөрчсөн асуудлыг нарийн сайн мэдэхгүй” гэлээ.

        Ж.Батзандан гишүүний хувьд П.Оюунчиэмэгийг “ХЭҮК-т ажиллаж ирсэн туршлагатай,  хүний эрхийн хамгийн олон зөрчил гарсан долдугаар сарын нэгний үйл явдлын үеэр хүний эрхийн талд зогсож байсан”-ыг нь тэмдэглээд “одоо ч эдгээр зөрчил арилаагүй байгаа тул тэдгээрийг арилгахад анхаарч ажиллах”-ыг хүслээ. Тэрбээр бас нэр дэвшигч Н.Ганбаяраас хүний эрхийн сургалтанд хэдэн удаа сууж, хүний эрхийн боловсролоо хэрхэн дээшлүүлснийг нь сонирхоод “Хүний эрхийг хамгаалах салбарт  ажиллаж байснаас бус сүүлийн үед сургалтанд суугаагүй” гэсэн хариу сонсоод “Хүний эрхийн сургалт бол хэлбэрийн төдий бус, бодитой зүйл учраас суралцах нь зүйтэй” хэмээн хэлсэн юм.

        Гишүүд асуулт тавьж дууссаны дараа санал хэлэх болоход Р.Гончигдорж гишүүн “Нэр дэвшигчдийг сайн мэднэ. Ялангуяа Н.Ганбаярын хувьд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтанд хүний эрхийн талаас нь хяналт тавьдаг прокурорын байгууллагад олон жил ажилласан, Улсын Бага хурлын гишүүн байхдаа хүний эрхийн чиглэлээр хууль тогтоомж боловсруулахад гар бие оролцсон хүний эрхийн сонгодог агуулга, хэм хэмжээг сайн мэддэг хүн тул дэмжиж байна” гэсэн бол Д.Лүндээжанцан гишүүн түүнийг мөн дэмжиж “Эрдэмт хүн дөлгөөн гэдэг шиг шударга, ажил хэрэгч, хүний хувьд даруухан хүн, хүний эрхийн чиглэлээр дагнасан үндэсний хэмжээний мэргэжилтний хувьд хийх ажил ихтэй байгаа ХЭҮК-т  ажилласнаар салбарынхаа олон асуудлыг Хууль зүйн байнгын хороонд оруулж ирнэ гэж найдаж байна” гэлээ.

    Ингээд байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар хоёр нэр дэвшигчийг дэмжиж, энэ тухай хорооны санал, дүгнэдтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

        Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байсан бөгөөд хаягжуулах ажлыг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицууулахад чиглэсэн маш ерөнхий, цомхон энэ хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн Ажлын хэсгийн саналын томьёоллоор гишүүдийн саналыг хурааж зарим асуудлыг удтал нухацтай хэлэлцсэн юм.

Төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг анх хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын механизмыг тусгах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлж байсан тул Ажлын хэсгийнхэн хариуцлагын асуудлыг 5-р зүйл болгон нэмж оруулж ирсэн ч уг нэмэлтийг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин төслийн зарим заалтыг өөрчлөн найруулах, тухайлбал, 2-р зүйл буюу уг хуулийг бусад хуультай уялдуулах асуудал дээр  “Хот байгууллалтын тухай хууль” гэсний дараа “Геодези, зураг зүйн тухай, Газрын кадастрын тухай, Автозамын тухай хууль” хэмээн нэмэх зэрэг хэд хэдэн саналыг дэмжлээ.

        Хуралдааны төгсгөлд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. УИХ-ын 2012 оын 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөж эхлэхтэй холбоотойгоор тус хуулийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх, зайлшгүй авах шилжилтийн арга арга хэмжээнүүдийг зохион байгуулах шаардлагаар Засгийн газраас энэхүү төслийг өргөн барьж байгаа юм.

Г.Отгонцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

57:
Ганбаяр Улсын ерөнхий прокурор байхдаа алт дилэрийн хэрэгт хүний эрх зөрчсөн үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргаж байжээ.Ийм шийдвэр гаргуулж байсан төрийн өндөр албан тушаалтан цорын ганц хүн нь Ганбаяр юм билээ сУДЛААЧ ХҮНИЙ ХУВЬД ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙГ БҮГДИЙГ НЬ ҮЗЭХЭД ГАНЦХАН ӨВӨРМӨЦ ШИЙДВЭР БАЙДАГ НЬ ЭНЭ ЮМ
2013-01-30
МОНГОЛ ХҮНИЙ ЭРХ ДАХИН 4 ЖИЛЭЭР ДАРАГДЛАА,НААД ХҮҮХЭН ЧИНЬ ЦАЛИНГАА АВАХЫГ Л МЭДНЭ
2013-01-29