Монголын баялгаар мөнгө босгогчид ба биелдэггүй заалт

img

Монголын газар нутаг дээр  үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ олон улсын биржүүд дээр хувьцаа нь арилжаалагдаж байгаа гадаадын  компаниудын тоо 30 гарчихаад байна. Тэдгээрээс стратегийн гэх ангилалд багтаавал зохихуйц гэж геологичдын зүгээс хэлж ярьдаг орд газруудын лицензийг эзэмшиж байгаа нь ч бий. Ашигт малтмалын хуулийн 5.6-д Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэж заасан байдаг. Энэ үүднээс нь авч үзвэл  стратегийн гэх тодотголд багтаж дийлэх орд газрууд байгаа л юм бол тэр ангилалд нь багтаах нь манай зүгээс цаашид хийвэл зохих ажлын нэг юм. Өдгөө манай талаас 200 сая ам.доллар нэхэмжлээд байгаа Канадын Ханресурс компанийг  “Монголын уранаар барьцаа болгон Олон улсын хөрөнгийн биржид 48 сая ширхэг хувьцаа гарган арилжихдаа, нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр борлуулах ёстой хуулийг,  Ашигт малтмалын тухай хуулийг  зөрчсөн гэж үздэг.  Тус компани нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт байрлах стратегийн Дорнод ордын лицензийг эзэмшиж байсан. Одоо бол Монгол дахь үйл ажиллагаа нь зогсоод байгаа. Харин стратегийн ордуудын жагсаалтад орох ёстой гэгддэг ордуудын тухайд  Mongolia Energy Corporation компанийн эзэмшиж буй Ховд аймагт байрлах ба 460 сая тонн нүүрсний нөөцтэй Хөшөөтийн орд байна. Тус ордоос бага нөөцтэй Баян тээг, Нүүрст хотгор зэрэг ордуудыг стратегийн ордуудын хавсралт жагсаалтад оруулсан байдаг тул Хөшөөтийг ч стратегийн ордын жагсаалтад оруулах ёстой гэдгийг талууд хэлдэг. Мөн стратегийн ордын жагсаалтад орох учиртай гэгдэж буй Овоот толгойн орд байна. Геологийн бүтэц, үүссэн нөхцөл, насжилтаараа стратегийн ордуудын нэг  Нарийнсухайтын  ордын шууд үргэлжлэл учраас стратегийн орд гэж бүртгэгдэх ёстой гэж үздэг. Тус орд нь “Саусгоби Сэндс” ХХК-ийн мэдлийнх. Энэ хоёр ордыг эзэмшиж буй компаниуд нь Хонгконг, Торонтогийн биржүүд дээр хувьцаагаа арилжаад багагүй хугацаа өнгөрчихсөн.  Хэрэв энэ ордууд нь стратегийн гэх ангилалд орох учиртай юм бол төрийн мэдлийн хувь эзэмшлийн тухай,  мөн хувьцааных нь 10-аас доошгүй хувь нь Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдах ёстой тухай ч мөн яригдах шаардлага гарна. Харин бирж дээр арилжаалагдах хувьцааны тухайд авч үзвэл Монголын хөрөнгийн биржийн хүчин чадал өнгөрсөн хугацаанд ямар явж ирсэн билээ гэдэг асуудал гарч ирнэ.  21 нас хүрч яваа Монголын хөрөнгийн бирж 200 настай Лондонгийн биржтэй хамтран ажилласнаар Монголын хөрөнгийн зах зээлд асар том реформын шинжтэй өөрчлөлтийг авчирна гэгдэж буй бөгөөд эхнээсээ үр дүн нь гарч эхлэхдээ манай ашигт малтмалын ордуудыг барьцаалж мөнгө босгож буй компаниудын хувьцааг давхар Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалах төлөвлөгөөтэй байгаа талаар Гүйцэтгэх захирал нь ярьж байгаа юм. Энэ нь өмнө нь Монголын хөрөнгийн биржээр дамжин арилжаалагдах боломж, эрхзүйн орчин байгаагүйг илтгэнэ. Гадаадын компаниудын хувьцааг  Монголын хөрөнгийн бирж дээр худалдахын тулд тухайн компани Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, ХК байх ёстой. Тэгвэл тэр орчин нь манайд үгүй. Хөрөнгийн зах зээлийн хөгжил нь давчуу. Ерөөс Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалт нь ч  биелэгдэх эрхзүйн орчин угаас байхгүй явж ирсэн харагдаж байгаа юм. Ямартай ч манай бирж Лондонгийн биржтэй хамтарсанаар  хөрөнгийн зах зээлийн эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлж,  төлбөр тооцооны системийг дэлхийн стандартад хүргэх, дотоодын хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулалт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн хөрвөх чадварыг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, олон улсын стандартад нийцсэн мэдээлэл арилжааны орчин үеийн Millennium IT технологи нэвтрүүлэх, зах зээлийн бус эрсдлийг бууруулах, хүний нөөцийг сайжруулах зэрэг ажлуудыг хийнэ гэж байгаа. Хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх үүднээс УИХ-д өргөн баригдах холбогдох багц хуулийн төслийн боловсруулалтад холбогдох мэргэжлийн гадаад дотоодын зөвлөхүүдийг татан оролцуулж, Монгол Улсын онцлог болоод  олон улсын жишиг  нийцсэн хууль эрх зүйн оновчтой тогтолцоог бий болгоно гэж буй. Эдгээр ажлуудтай зэрэгцэн гадаадын 30 гаруй компани Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэгдэх нь. Тэдгээр нь Манас петролиум,  Blue wolf Мongolia,  Петро матад,  Polo resources, Meritus minerals,  Ivanhoe energy, Peabody,  Leyshon resources,  Central asia metals, Aspire Mining Limited, Blina Minerals Ltd, Mongolian Resource Corp Ltd, General Mining Corporation Ltd, Haranga Resources Ltd, Solomon Resources,  Alamar Resources Ltd, Mongolia Energy Corporation,   Southgobi Resources,  North Asia Resources Holdings Ltd, Mongolian Mining Corporation,  DeTeam Co Ltd,    Ivanhoe Mines Inc,  Prophecy Resource Corp гэхчлэн  компаниуд юм. Хэдийгээр энэ компаниуд Монголын стратегийн тодотголтой ордуудыг ашиглаж байгаа бус ч гэлээ, Монголын газар нутаг дээрх ордуудыг ашиглаж байгаа. Тэгэхээр  Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа шинэ шатанд гарч, Монголын хөрөнгийн зах зээлийн чадал, багтаамжийн чадавхи өөр шатанд хүрсэний дараа батлагдаад олон оныг үдсэн Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалт биелэгдэх боломж бүрдэхээс гадна ерөөс манай баялаг дээр дөрөөлөн мөнгө босгож байгаа л бол дотоодын бирж дээр ч хувьцаагаа гаргах,  манай хөрөнгийн зах зээлийн багтаамж улам тэлэх боломжууд бүрдэх биз. Э.Болор  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Wow, that's a rellay clever way of thinking about it!
2011-12-30